Нийгэм

Ирээдүйгээ сүүгээр мялаалаа

Жил бүрийн 06 дугаар сарын 01-нд тохиодог Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд баяраа тэмдэглэхээр ирсэн 10 мянган хүүхэд багачуудад сүүн бүтээгдэхүүн бэлэглэлээ.

Энэхүү үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулав. Мөн малчид фермерүүд ирээдүйгээ сүүгээр мялаах үйлсэд нэгдэж, бэлтгэсэн сүүгээ хандивласан бол үйлдвэрүүд органик зайрмаг үйлдвэрлэж, хүүхэд багачуудыг баярлууллаа. 

2001 оноос эхлэн жил бүрийн 06 дугаар сарын 01-ний өдрийг дэлхийн 50 гаруй улсад “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ өдөр сүү, сүүн бүтээгдэхүүний шим тэжээл, ач холбогдлыг сурталчлан таниулдаг. Манай улс Дэлхийн сүүний өдрийг 2016 оноос хойш уламжлал болгон 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Салбар яамнаас сүү, сүүн бүтээгдэхүүний салбар, ялангуяа хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэгчдийг дараах чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин ажиллаж байна.

Үүнд:
•    Хүүхдийн сүү, сүүн тэжээл боловсруулах үйлдвэр байгуулах, 
• Хүүхдэд зориулсан импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, 
•    Орон нутагт сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хэрэглээнд зориулсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, 
•  Хоногт 20.0 мянган литр шингэн сүүг боловсруулж, хуурай сүү үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад 60 хүртэл сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, Засгийн газраас 13 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгож байна.

Мөн сүүний улирлын хамаарлыг бууруулж, төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор 2020 оноос техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгож байна. 

Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолыг батлуулсан.

Дээрх хөнгөлөлттэй зээл, сүүний урамшуулал болон бусад бодлогын дэмжлэгийг үр дүнтэй хэрэгжүүлснээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амаа бүрэн хангах нөхцөл бүрдэх юм

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close