Гадаад харилцааFocus

Герман улсаас монгол барагшуныг авах хүсэлтээ илэрхийлжээ

Манай улсад самар, хунчир, давс зэрэг ургамал, түүхий эдийн боловсруулалт хийх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн олон байна. Үүний нэгэнд монгол барагшун орж байна.

Монгол барагшуныг манай улсад төр, хувийн хэвшлийн 20 гаруй аж ахуйн нэгж, компани судалж байна. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр ХААИС-д болсон “Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар судалгаа, шинжилгээний туршлагаа хуваалцлаа.

Барагшуныг эхний ээлжинд газар зүйн заалтад бүртгүүлж оруулах талаар хуралд оролцогч нар хэлэлцэн тохиролцлоо. Энэ талаар “Эй ти Эс Партнерс” компанийн оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунаа “Газар зүйн заалттай бүтээгдэхүүн хөгжүүлэлт” илтгэлдээ дурдахдаа, “Монгол барагшун нь Монгол орны газар зүйн бүс нутагтай хамааралтай учраас манай улс эхний ээлжинд Увсын чацарганыг өнгөрсөн онд Европын холбооны газар зүйн заалтад бүртгүүлсэн шигээ барагшуныг түүхий эд гэдэг талаас нь эхлээд газар зүйн эрхээ хамгаалж баталгаажуулах нь чухал байгаа”-г онцолсон юм.

Мал эмнэлгийн хүрээлэн монгол барагшуныг мал эмнэлгийн чиглэлээр 20 гаруй жил тасралтгүй судалж ирснийг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Т.Энх-Оюун хэлээд, өнөөдрийн хэлэлцүүлэг, уулзалтын зорилго судалгаа шинжилгээний үр дүн, мэдээллээ хоорондоо хуваалцахад оршиж байна. Ингэснээр судалгаа, шинжилгээний байгууллага, ААН-үүд нэгдэн монгол барагшунаа газар зүйн заалтад бүртгүүлэн эрхээ авч гадаад, дотоодод баталгаажуулах нь чухал байгааг онцоллоо.

Энэ бол эхний ээлжийн ажил. Дараагийн ээлжинд барагшунаа боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, бэлдмэл болгон экспортлох боломжтойг хэлж байна. Энэ талын хэрэглэгч, худалдан авагч бэлэн, Герман улсаас монгол барагшуныг авах хүсэлтээ илэрхийлснийг дурдлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close