Хууль эрх зүйОнцлохОрон нутаг

ХЭҮК: Хэнтий аймгийн ХХҮГ, БОАЖГ-т шалгалт хийлээ

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2023 оны дөрөвдүгээр сарын 10, 11 өдрүүдэд шалгалт хийлээ.

Шалгалтыг тухайн байгууллагын хүний нөөцтэй холбоотой тушаал, шийдвэр, өдөр тутмын харилцааг зохицуулж буй дүрэм журам, албан хаагчдын санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах боломж, түүний шийдвэрлэлтийн байдал, ажлын байрны тодорхойлолт, ажил албан тушаалын жагсаалт, хөдөлмөрийн норм, нормативтай танилцаж дүн шинжилгээ хийх, санал асуулга авах зэрэг аргыг ашиглан явууллаа.

  • Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2022 оны “Б” тушаалтай танилцаж, дүн шинжилгээ хийхэд тухайн онд гаргасан нийт тушаалын 31.8 хувь нь албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2022 оны “Б” тушаалд дүн шинжилгээ хийхэд нийт тушаалын 35 хувь нь мөн албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаал байв.

Тухайн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж, ярилцахад төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудын олонх нь “цалин бага” гэсэн шалтгаанаар ахиу цалинтай ажилд орох, эсвэл гадаад улсад ажиллах зорилгоор өөрийн хүсэлтээр чөлөөлөгддөг.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр холбогдох хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй томилогдсон албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Орон нутагт төрийн захиргааны байгууллагад ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж, албан тушаалын сул орон тоо нөхөгдөхгүй байгааг ярилцлагын үеэр хэллээ.

Шалгалтын явцад Байгаль орчин, аялал жуулчлалын газарт Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг шинээр батлан мөрдүүлэх талаар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 7 дугаар зүйлийн 7.4, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.7 дахь хэсэгт заасан хэм хэмжээг тусган оруулах талаар зөвлөв.

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдын дотоодын хууль, тогтоомж болон олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрх болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, шалгалтын дүнг үндэслэн Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авна.

Ташрамд дурдахад, 2022 оны байдлаар Хэнтий аймгаас ХЭҮК-т нийт 18 иргэн гомдол гаргасныг хүлээн авч, бүрэн эрхийн хүрээнд шалган шийдвэрлэсэн.

Комиссоос 2 гомдлын мөрөөр хяналт шалгалтын ажил зохион байгуулж, шалгалтын үр дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд нэг шаардлага, нэг зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж ажилласан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version