Нийгэм

Бяцхан үрсийн халуун амь бидэнд өөрчлөгдөхийг сануулж байна

Энгэртээ тэвэрч элгэндээ нааж өсгөсөн балчирхан үр нь ээж аавдаа тусд орж, “Эмийн сан”-руу гүйсэн ч эргэж гэртээ ирэхээргүй амгалангийн орон руу үүрд яваад өгсөн тухай мэдээллийг уншаад нүдэндээ итгэж чадсангүй. Хүүхэд халуун тогоонд түлэгдлээ, зодууллаа, хүчирхийлүүллээ, усанд живлээ, хөлбөмбөгийн хаалганд дарууллаа, тогонд цохиуллаа. Хүний амьдралыг харамсалтай, аймшигтайгаар орхин одож болдог бүхий л үнэнийг хөөрхий балчирхан үрс минь бие сэтгэлээрээ мэдэрч, хайртай дотны хүмүүс ээ орхин оджээ. Нулимс урсан гарсаар л…

Өргөө гэрт өнгө гэрэл, дуу хуур нэмж, өөдөсхөн жаахан үр нь өсөж том болохыг харах бүрийд сэтгэл баясан, аз жаргалтайгаар ирээдүйн төлөө илүү ихээр хичээдэг ээж аавууд бид. Гэвч  нэг л өдөр амьдралын бараан сүүдэр нөмөрч, хайрлаж өсгөсөн үр нь хайртай дотны хүмүүстэйгээ ахин хэзээ ч уулзахгүй болчихсон гэдгийг мэдрэх тэр хором ямархан байхыг төсөөлөхийн аргагүй. Мэдээж хэн нэгэн нь гэм буруутай нь тогтоогдож, хууль хяналтын байгууллага арга хэмжээ авах нь гарцаагүй.

Өнөөдөр тохиох учралыг таах  аргагүй хэдий ч зовлонг хүсдэг хүн үгүй билээ. Тиймдээ ч хүн бүхэн өөрийн амьдарч байгаа орон байр, хашаа хороо, хүүхдийн тоглох орчин, сургууль хүрэх замд осол аюул учруулж болзошгүй ямар нэгэн зүйл байгаа эсэхэд анхаарч нэг хараасай. Уншигч таньд хэрэг болж магадгүй хэмээн өөрт тохиолдсон нэгэн түүхийг хуваалцаж байна

Одоогоос яг 5 жилийн өмнө охин минь цэцэрлэгийн ахлах ангийн хүүхэд байлаа. Нэг өдөр охины маань найзын ээж нь холбогдож “Өчигдөр охидууд маань манай орцны 3 давхарын шатны дотор талын доош унадаг хэсэгт хоёр гараараа зүүгдэж тоглож байхыг аав нь мэдсэн байна. Бид охиноо нилээн сайн загнасан. Миний найз бас охиндоо сайн хэлээрэй” хэмээн утсаа салгав. Тэрхэн зуурт охин маань хэрэв доошоо уначихсан бол яана гэж бодогдоод нүднээс нулимс урсаад, ажлаа ч тайван хийж чадалгүй гарч гүйлээ.

Замдаа “Хэрвээ, хэрвээ … “ гэсэн олон янзын аймшигтай бодол, дүр зураг нүдэнд харагдаж, дахин тийм аюултай үйлдэл хийлгэхгүйн тулд ямар аргаар яаж харьцвал болохыг бодон гүйсээр. Хүүхэд гэнэн томоогүй, саваагүй, нэгнийхээ үгийг даган дуурайдаг зантай, загнавал улам ихээр сонирхдог гэдгийг мэддэг болохоор маш эвтэйхэнээр л ойлгуулах хэрэгтэй гэж бодон явсаар “Өндөг” худалдан авлаа.

 Гэртээ ороод охиндоо маш тайванаар өндөгөө атгуулж “Миний охин ээждээ энэ өндөгний талаар яриад өгөөч” гэж гуйлаа. Охин маань “Бөөрөнхий байна, цагаан байна, түүхий байна, улаан тамга байна” хэмээн янз бүрээр хэлж байснаа “Бүтэн байна” гэж хэллээ. Миний хүсэн хүлээсэн үг тул илүү ихээр асуухад “Өндөг ямар ч өө сэвгүй, бүтэн байна” гэж хариулав. Яг тэр агшинд “Миний охин, одоо наад өндөгөө газар унагаа даа” гэлээ.

Охин маань над руу нэг, өндөг рүү нэг хараад хэсэг гайхаж зогссоноо өндөгийг газарт унагалаа. Мэдээж өндөг хагарсан. Охиноосоо “Миний охин охин өндөг яачихав аа” гэж асуухад “Хага үсэрчихлээ” гэлээ. Тэгэхэд нь “Миний охин ээждээ өндөгөө яг түрүүний үзэж байсан шигээ бүтэн болгоод өгөөч, Гуйж байна” гэхэд  охин маань тонгойн өндөгөнд хүрч үзсэнээ “Ээжээ, би чадахгүй шүү дээ” хэмээн эхэр татан уйлсан юм. Тэр л мөчид охиноо өвөр дээрээ суулган найзтайгаа шатны дотор талаас зүүгдсэн нь ямар аюултай болохыг ярьж, хэрвээ муу юм болсон бол охинд минь юу тохиолдох байсныг маш эвтэйхэнээр хэлж ойлгуулсан.

Тэр оройдоо бид хоёр охиныхоо найзуудын гэрээр очиж, аав ээж, ах  эгчид нь хүүхдүүдээ болгоомжтой тоглохыг сануулахгүй бол муу зүйл тохиолдох вий гэдгийг хэлж багагүй хугацааг зарцуулсан юм. Охин минь тэр өдрийн хэлсэн үгийг одоо ч маш сайн санадаг гэдэг. Уншигч таньд би өөрийгөө мундаг гэж харуулах гэсэнгүй. Би хайрлаж, харамлаж өсгөж яваа үрсээ эрүүл саруул өсөж торнин, энэ амьдралд өөртөө болон нийгэмд хэрэгтэй сайн хүн болоосой гэж хүсдэг жирийн л нэгэн ээж.

Тиймдээ ч та бид миний л хүүхэд чухал, миний л амьдрал чухал гэж бодолгүй таны эргэн тойронд хүүхэд багачууд, өсвөр насныхан, амьдралын анхны алхамаа хийж байгаа залуучуудад тустай юу хийж болох вэ гэдгийг илүү сайн анзаарч хараасай. Бид эх орноо үгүйсгэж, өнөөдрийн нийгмийн муу муухай бүхнийг үзэн ядаж, зүхэж болох ч Монгол гэдэг нэрээр энэ амьдралаа дуусгана. Бид энэ цаг үед энэ л улсдаа иргэн нь болон мэндэлсэн.

Үрсийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө томчууд бид юу хийж чадах вэ. Хэн нэгнийг хүлээлгүй, хэн нэгний буруутгалгүй та өөрөөсөө эхлээсэй. Та өөрөөсөө хайрыг түгээж, энэ амьдралыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. Хамгийн том өөрчлөлт надаас, таниас эхлэнэ. Амиа алдсан хөөрхий хүүхдүүдийн төлөө та өөрийгөө өөрчлөөч. Бяцхан үрсийн халуун амь бидэнд хандлагаа өөрчлөхийг сануулж байна. Амьдралын тань үргэлжлэл болсон үрсийнхээ төлөө та өөрчлөгдөөч. Бидний хандлага бүхнийг өөрчилнө. Томчуудын хайнга, хэнэггүй, амиа бодсон үйлдэл бяцхан үрсийн халуун амиар “төлөгдөх” учиргүй …

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

3 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Ама
Ама
5 Жил

Үүний төлөө Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой биднийг ийм нөхцөлд амьдруулж байгаагаараа

зочин
зочин
5 Жил

Хүн бүр л өөрсдийн байгаа орчныхоо аюулгүй байдалд өөриймсөг хандаад нүдээ нээж хараад, болохгүй, осолтой зүйлээ янзалж цэгцэлж бай л даа. Хүний хүүхдийг ч гэсэн хүүе хаая гээд хэлж сануулж… Цааш унших

БАЯРЛАЛАА
БАЯРЛАЛАА
5 Жил

ДЭМЖИЖ БАЙНА, САНАЛ НЭГ БАЙНА. ӨНДӨГ БҮХ УТГААРАА ТААЛАГДЛАА

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
Close