НийгэмБайгаль орчинЭх сурвалж

Шин Ги Ху: Би “Ногоон Монгол”-ыг харах мөрөөдөл минь биелсэн цагт нутагтаа очино

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс эмзэг өртөмгий гэсэн ангилалд багтаж, газар тариалан, мал аж ахуй, газар ашиглалт, усны нөөц, эрчим хүч, аялал жуулчлал, орон сууц нийтийн аж ахуйн салбарууд ихээр өртөж буй. Эдгээр салбаруудаас газар тариалан, мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлт илүү таагүй нөлөө үзүүлж, энэ нь Монгол орны нийгэм-эдийн засгийн амьдралд шууд нөлөөлөх болсон.

Өнөөдөр Монголын орны 76.8 хувь нь цөлжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд 887 нуур, 1166 гол горхи, 2096 булаг шанд ширгэж алга болоод байна. Бэлчээрийн талхагдалт, хуурай бүс нутгийн тэлэлт, байгалийн гамшиг зуднаас болж ойролцоогоор 300 мянган орчим хүн уур амьсгалын дүрвэгсэд буюу Экологийн дүрвэгсэд болон хот суурин газар нүүдэллэн амьдарч байна.

Энэхүү байгаль орчны асуудлыг шийдэх, экологийн дүрвэгсэд төрсөн нутагтаа ойжуулалтын ажил эрхлэхэд нь “Ногоон Ази Сүлжээ” ТББ-ийн хамт олон туслаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэд  Багануур дүүрэг, Дундговь аймгийн Сайнцагаан,  Төв аймгийн Эрдэнэ, Аргалант, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Архангайн Өгий нуурт ойжуулалтын талбайг байгуулаад байна.

Байгаль орчинд ээлтэй, хүмүүсийн амьдралд тустай ажлыг хийж яваа “Ногоон Ази сүлжээ” ТББ –ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шин Ги Ху-г энэ удаагийн зочны ярилцлагадаа урьсан юм. Тэрбээр “Байгаль орчны асуудал бол нэг улсын асуудал биш, бид нэг дэлхийд амьдарч байна. Би “Ногоон Монгол” болсон цагт л нутагтаа харина” хэмээн даруухан инээмсэглэн хариулж билээ. Таалан болгооно уу.

-Юуны өмнө та бүхэн саяхан “Цөлжилтийн эсрэг форум” зохион байгуулсан. Энэхүү форумын талаар тодруулж өгвөл болох уу?

-Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан бид өөрийн байгууллага дээрээ “Цөлжилтийн эсрэг форум” зохион байгуулсан. Засгийн газрын эсвэл цөлжилтийн эсрэг байгууллагууд л энэ асуудалтай тэмцэж ирсэн нь олон дутагдалтай талууд харагдаж байсан.

Миний хувьд цөлжилттэй тэмцэнэ гэдэг нь аль нэг улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд ажиллаад явах нь үр дүнтэй биш. Үнэхээр цөлжилтийг  зогсооё, тууштай сайн арга хэмжээ авья, үр дүн үзье гэвэл ард иргэд бид өөрсдөө оролцох ёстой гэж боддог. Энэ ч утгаараа энэ форумыг  зохион байгуулсан. Учир нь хотын оршин суугчид, орон нутгийн оршин суугчид бүгд  “Цөлжилт гэдэг зүйл юу вэ” гэдгийг мэддэг болохоос энэ бүхэн эхэлнэ. Тиймээс цөлжилтийн талаарх ойлголт өгөх зорилгоор форум зохион байгуулсан.

Манай “Ногоон Ази сүлжээ” ТББ 2010 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулсан цагаас өнөөдрийн байдлаар нийтдаа 700 га газарт 700 мянга гаруй мод тарьсан байна. Манай ажил орон нутагт өрнөдөг учраас нийслэлийн иргэд тэр бүр мэдэхгүй болов уу. Бид Дамбадаржаад сургалтын төвийн байртай болсон. Энд нийслэл хотын оршин суугчид маань хүрч ирээд “Цөлжилт гэж юу юм бэ” гэдэг асуудлыг илүү их мэдэж аваасай гэж хүсч байна.

Нийслэлийн төдийгүй орон нутгийн иргэд цөлжилтийн талаар мэдэж авснаар  уур амьсгалын эсрэг ажилд хамтдаа оролцох оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд манай барилга ашиглалтад орсоноос хойш бид “Иргэдийн оролцоог хэрхэн сайжруулах вэ” гэж олон талын судалгаа хийсэн. Иргэдийн оролцоог  дээшлүүлэх ямар арга  байна гээд холбогдох хүмүүстэй хамтарч ажиллаж ирсэн.

Мөн бид “Эко аялал” гэх сайн дурын аялалын хөтөлбөрийг БНСУ-ын маш олон байгууллага компаниуд, сургууль, хувь хүмүүс оролцоотойгоор хэрэгжүүлж, байна. Эко аялал нь зүгээр нэг сайн дурын ажил биш байгаль орчны тулгамдсан аюул, шалтгаан, бодит нөхцөл байдлыг таниулан уур амьсгалын асуудалд хариу арга хэмжээ авах ойжуулалтын сайн дурын ажил маань явагдаж байна.

Түүнчлэн нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол, айл өрхийн нягтаршил энэ бүхний эх үндэс нь байгалийн өөрчлөлт буюу цөлжилттэй салшгүй холбоотой гэдгийг хүмүүст  ойлгуулахийг хүсэж байна. Энэ асуудлыг хувь хүн өөр дээрээ мэдэрч байгаа боловч нэгдэж чадахгүй байна. Хувь хүний өөрийх нь асуудал юм шиг боловч уур амьсгалын өөрчлөлт бүх нийтийн асуудал. Тиймээс бид нэгдэх ёстой. Иргэд оролцох ёстой.

Бид энэ онд нийслэлийн иргэдийг оролцоог идэхижүүлье, иргэд илүү их оролцож, уур амьсгалын  өөрчлөлтийн эсрэг үйлдэл хийвэл цөлжилт багасгана. Үүнийг дагасан нийгмийн, орчны  бүхий л асуудал шийдэгдэх нэгэн гарц гэж бид харж байгаа. Тийм учраас бид энэ онд илүү хичээж ажиллах болно. Нэг хүн, нэг мод тарья гэж үзвэл манай Монгол Улсын нийт иргэний тоогоор 3 сая гаран модыг нэг өдрийн дотор тарьчих чадал бидэнд байгаа. Би тэгж л боддог.

Энэ асуудалд хамгийн гол нь та бидний нэгдмэл байдал их чухал. Нэг санаагаар хийх юм бол шийдэгдэхэд амархан ажил. Хүсэл зорилготой монгол иргэдийг бидэнтэй нэгдэхийг хүлээж байна. Та бүхнийг бидэнтэй нэгдэж хамтран ажиллаасай гэж маш ихээр хүсэж байна.

-Монголд ажиллах анх ямар байсан, одоо ямар өөрчлөлт гарч байна. Байгаль орчны өөрчлөлтийн эсрэг тэмцэх та бүхний хийж байгаа ажлыг хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

-Би энэ жилийг оруулвал Монгол ирээд 9 болжээ. Анх ирээд энэ талын ажлыг хүмүүст ярихад хүмүүсийн хүлээж авах байдал нь сул, жаахан идэвхигүй, мэдэхгүй байгаа нь мэдрэгдэж байсан. Ойжуулатын талбайн ажил нь улирлын чанартай учраас хүмүүсээ яаж тогтвортой ажлуулах вэ гэдгийг их бодсон. Учир нь ойжуулалтын талбай орхигдож, хүмүүс тогтвортой биш ажилладагт их санаа зовж байсан.

Тэгээд орон нутгийн ажилчид өөрсдөө ажлын байртай, бие дааж санхүүжилтээ шийдэж, орлогоо олж  явснаараа тасралтгүй ажиллаад байж чадах юм байна. Тэдний тарьсан мод үхэхгүй юм байна гэдгийг ойлгосон.  Бидний тэр гарц бол “Хамтын мөнгөн сан”. Энэ санг байгуулж өөрсдөө өөрсдийгөө авч явах системтэй болгож “Өөрөө өөртөө эзэн нь болох” зарчимаар явсан.

Ойжуулалтын ажил эхэлсэнээс хойш байнгын нэг асуудал гардаг байсан. Тэр нь бид мод тарьдаг, тарьсан мод маань амьдрах чадваргүй. Хэдэн мянгаар нь очиж тарьсан ч амьд үлдэж ургадаг нь цөөн тоотой  байсан. Тарьсан мод ураж, бидний ажлын үр дүн болон харагдах ёстой байтал дандаа үр дүнгүй. Маш муу байсан.

Тэгээд яагаад ийм байна гэдгийг бодоод судалсан чинь ажилчид маань “Би зөвхөн энэ талбайн ажилтан, ажиллаад хөлсөө авна” гэсэн сэтгэлтэй байсан. Энэ сэтгэлийг мэдээд “Бид өөрсдөө эзэн нь шүү” гэсэн бодлыг суулгаж өгөх хэрэгтэйг ойлгосон. Мөн жимст модыг илүү тарих юм бол тэр нь эргээд тэдэнд орлого болж, амьжиргаагаа  авч явах түвшинл хүрэх боломж юм байна.Бид өөрсдөө эзэн нь шүү гэдгийг нь мэдрүүлэх үүднээс жимсний мод түлхүү суулгаж эхэлсэн.

-Өөрчлөлт хэр хурдан мэдрэгдсэн?

-Ингээд бид зөвхөн ойжуулалтын талбайд мод тарих бус, нарийн ногоо тарихаас гадна жимст мод, бут сөөг тариад тэрүүгээрэ ашиг орлого олох  бодлогыг давхар хариуцаж явах болсон. Ингэж сүүлийн хэдэн жил явснаараа “Би эзэн нь” гэсэн сэтгэлтэй иргэд олон болсон. Хамгийн анх “Хамтын мөнгөн сан” байгуулж байсан газар маань одоо хоршоолол болоод бөөндөө нэг статуст хуваарилагдаад явж байгаа.

Мөн “Хоршоолол байгуулъя”, “Хамтын мөнгөн сан”-даа мөнгөө нийлүүлье гэсэн хүмүүс бусад орон нутагт маань бий болсон. Манайхаас одоо ойжуулалтын ажлаа хийхээс гадна давхар хоршооллын ажилд нь зөвөлгөө өгч дотоод бүх зохион байгуулалтын ажилд нь тусалж, бүтцийг нь алдагдуулахгүй байхад нь анхаарч ажиллаж байна.

Ойжуулалтын ажил хийнэ гэдэг зүгээр нэг мод тарих, услах арчлахаас гадна  тэр ажлыг хийж байгаа хүний сэтгэл, байр байдал, хандлагыг өөрчилсөнөөрөө сайн үр дүнд хүрнэ. Модыг тасралтгүй арчлахгүй бол үхнэ. Байнгын арчлаад услаад явбал ажил маань үр дүнтэй болох юм байна гэдгийг харсан. Тиймээс бид зүгээр нэг ойжуулалтын талбайн ажилтан байсан хүн “Ойжуулалтын талбайн эзэн нь шүү” гэсэн дүр төрхтэй болохыг хараад маш их ажиллах эрч хүч, урам авсан.

Энэ  ажил ирээдүйтэй шүү гэсэн бат итгэлтэй болж, их сайхан зүйлийг мэдэрч их баяртай байгаа. Зүгээр л нэг өчүүхэн зүйлээс эхэлж байгаа мэт харагдавч энэ  ажил маань тасралтгүй явсаар Монгол Улсын дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилт хумигдахад тодорхой хэмжээнд нөлөөлж, хувь нэмрээ оруулдаг байхыг хүсэж байна.

Ингээд суманд ойжуулалтын  ажил хийгдээд, хоршоолол үүсээд иргэд өөрсдөө нутагтаа амьдраад ирэх юм бол Улаанбаатар луу, аймгийн төв рүү нүүж байгаа айл өрхүүдийн нүүдэл багасна. Бидний харж байгаагаар нутагтаа очоод амьжиргаагаа сайжруулаад сайхан амьдрах бүрэн боломж байгаа. Энэ үнэхээр  бодитой гэдгийг харуулан “Ногоон ази сүлжээ” ТББ тасралтгүй үйл явуулах болно.

Баярлалаа. Үнэхээр сайхан зорилготой хамт олон байна. Нууц биш бол та хэзээ нутаг буцах вэ?

-Би хэзээ нутаг руугаа буцахыг хэн ч мэдэхгүй.  Миний хувьд амлах нэг зүйл бол бүгд сумандаа очиж, бие даан ажиллаж амьдарсан “Ногоон Монгол”-ыг харсан хойноо л явна. Монголд 9 жилийн өмнө ирснээс хойш би “Ногоон Монгол”-ыг харах мөрөөдөлтэй болсон. Энэ мөрөөдөлдөө Монголын ард иргэдтэй хамт хүрэхийг хүсэж байна.

-Гэр бүлийнхэн нь хаана байгаа вэ?

-Бүгдээрээ хамт Монголд байгаа. Хүү, охин хоёр маань монгол хүүхдүүдтэй дунд сургуульд явдаг. Монголоор сайн ярьдаг. Манай эхнэр бас монгол хэл сайн мэддэг.

-Монголд амьдрах ямар санагддаг вэ. Анхны сэтгэгдэл, одоо хэрхэн өөрчлөгдөж байна,

-Би Солонгосоос шууд Монгол ирээгүй. Өмнө нь Энэтхэгт 3 жил амьдарч байгаад ирсэн. Миний хувьд гадаадад амьдрах гэдэг утгаараа Энэтхэгээс Монгол илүү сайхан  санагдсан. Ер нь хүний  амьдрал бүгд л ижилхэн гэж боддог. “Хаана амьдардаг вэ” гэдэг асуултнаас илүү “Та юу хийж амьдардаг вэ” гэдэг нь чухал юм шиг санагддаг.

Тэгээд ч би өөрийнхөө хувьд Монгод маш чухал ажил хийж байгаа гэж боддог. Энэ сайхан, сайн үйлсийн ажилд Монголын ард иргэдийг нэгдэж ажиллаасай  гэж хүсэж байна. Миний эхнэр ч гэсэн “Би Монголд хэрэгтэй ямар нэгэн ажид хийхийг хүсэж байна” гээд нутаг буцаж Солонгос хэл заах эрхийн  бичиг олгох сургалтанд хамрагдаад ирсэн. Манай гэр бүлийн хувьд Монголд юу хийж болох вэ гэдэг зүйл дээр маш их ярилцаж, бодож төлөвлөдөг. Олон зүйл хийх юмсан гэж бодож, хардаг.

-“Монголд амьдрал алга” гээд гадаад руу зорих хүмүүс цөөнгүй болсон нь нууц биш. Таны хувьд эн асуудлыг хэрхэн хардаг вэ?

Миний хувьд хүн аливаа зүйлийг сайн муу гэж ялгахаасаа илүү “Юу хэрэгтэй вэ” гэдгээ харах хэрэгтэй гэж боддог. Хувь хүн энэ нь сайн, энэ нь муу гэж  дүгнэхээсээ илүү “Би юу хийвэл илүү сайн болох вэ”  гэдэг зүйлийг харах нь чухал юм. Ихэнхдээ мөрөөдөл гэхээсээ  илүү эдийн засгийн талаасаа, зах зээлийг  илүү харсан шийдвэр гаргасан юм шиг санагддаг.

Мөрөөдөл талаасаа харвал бас арай өөр байх болов уу. Нөхцөл байдлыг тийм байна, сайхан байна, муухай байна гэж хараахаасаа илүү “Юуг хийвэл яаж гоё болох вэ. Энд юу хэрэгтэй вэ. Энийг хийе бүтээе” гэсэн мөрөөдөл чухал юм шиг санагдаж байна. Эдийн засгийн, санхүүгийн нөхцөл байдлыг харахаасаа илүү “Энэ одоо байгаа нөхцөл байдалдаа би юу хийж болох вэ” гэсэн мөрөөдөлтэй болох хэрэгтэй.

Тухайлбал, “Ногоон Монгол”-ыг бий  болгохын тулд, хууль зүйн талаасаа юу хийх вэ. Ирээдүй хойч үедээ юуг бэлдэж өгч болох вэ гэдэг тал дээр мөрөөдөж ажилладаг залуучууд, хувь хүмүүс олон байх юм бол Монгол амьдрахад хамаагүй сайхан газар. Би тэгж л хэлнэ. Тэгэхээр би залуучуудын зүрх сэтгэлийн бодлыг өөрчлөх, хүмүүсийн ирээдүйн төлөөх үйлдэл ямар чухлыг  хараад сурчихвад монгол залуучууд, хүмүүст таатай амьдрах боломж бий.

Залуучуудад маань “БИ” гэсэн бодол биш “БИД” гэсэн бодолтой байх юм бол энэ бүхэн өөрчдөгдөх боломжтой. Ялангуяа  төр захиргаа, УИХ, бодлого гаргагчид, ард иргэдэд нөлөөлж байгаа хүмүүс “БИ” гэсэн сэтгэлээ “БИД” гэсэн тэмүүлэл, дүр төрх сэтгэлийг харуулах юм бол залуучуудад өөрчлөгдлөх боломж байгаа. Залуучуудын “Монголд амьдрахад хэцүү байна” гэдэг энэ сэтгэлгээг өмнө нь амьдарч байсан, одоо тэдэнд үлгэр дууриал болж байгаа хүмүүсийн үлдээсэн зүйл гэж хэлнэ.

Манай солонгост “Хоцорлоо гэж  хэлсэн тэр үе хамгийн хурдан үе байдаг” гэсэн хэлц үг байдаг.  Би ч гэсэн одоо энэ үеийг тэр үе гэж  бодож байна. Бидний  үеийн болон биднээс дээш үеийнхэний залуучуудад үзүүлж байгаа үлгэр дууриалал нь “БИ” гэсэн үзэл биш “БИД” гэсэн үзлийг бий болоход нь чиглээсэй.  Хамтдаа хүрэх мөрөөдлийг,  хийх ажлыг үлдээгээсэй гэж их хүсдэг. Миний хувьд ч гэсэн бүгд “БИД” гэсэн сэтгэлгээтэй байгаад хамтарч ажиллахыг хүсэж байна.

-Хүмүүс хамтарч ажиллах нь хөгжлийн шатаар алхуулдаг юм болов уу?

-Тийм. Миний харснаар үлгэр дууриал үзүүлж, улс орноо авч явж байгаа өмнөх үеийн хүмүүсийн “БИД” гэсэн бодлын ялгаа байна. Солонгост “БИД” гэсэн бодолтой хүмүүс арай их, Монголд арай цөөн юм уу даа л гэж хардаг. Цаг хугацааны хувьд Солонгос жаахна түрүүнд алхаж, хөгжиж явна. Монгол хүмүүсийн ажил хөдөлмөрт, аливаа зүйлд ханддаг “БИ” гэдэг тэр зүйл өөрчлөгдөх юм бол Солонгосоос илүү хурдан хөгжих боломж, ирээдүй байгаа. Хэзээ мөдгүй хөгжих байхаа гэсэн бодол байдаг.

Бид энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж явахдаа сайхан ирээдүй угтаж байгааг хардаг. Солонгосос илүү хөгжинө гэсэн итгэл дүүрэн энэ төслийг хэрэгжүүлж байна. Учир нь бидний хамтран ажиллаж байгаа монгол хүмүүс хэрхэн өөрчлөгдөж байгааг ч харж байна. Тэгэхээр бусад хүмүүс өөрчлөгдөн гэдэгт итгэж байна. Гол нь тэр цаг хугацааг яаж богиносгох, яаж хурдан авчрах вэ гэдэгт анхаарлаа хандуулах л хэрэгтэй.

-Төр засгийн зүгээс юу хийвэл болох бол?

-Би Монголд амьдрах хугацаандаа харж байхад Засгийн газраас амьдралд хэрэгтэй зөв хууль тогтоолууд гардаг ч иргэддээ хүрэх нь дутмаг юм уу даа гэж би анзаарсан. Тэгээд унших юм бол зөвхөн мэргэжилтнүүд нь өөрсдөө л ойлгохоор байдаг. Гэтэл цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор байвал хууль тогтоомж хүнд илүү хүрнэ гэж би бодож байна. Тэгж хүн бүрт хүрч байж л хууль бодитоор хэрэгжинэ.

Тэгэхээр энэ нь “Эргэх холбоо” гэдэг шиг  иргэдээсээ юу зөв, юу буруу, юуг оруулах, юуг оруулахгүй вэ  гэсэн саналыг сонсох хэрэгтэй санагдсан. Өөр оронд хэрэглэгдэж байгаа сайн гэсэн хууль тогтоол дүрэм журмыг авчирч тусгалаа ч Монгол гэсэн өөрийн онцлогоо санах хэрэгтэй. Энэ чинь Монгол.  Монголын нөхцөл байдал, уур амьсгал гээд бүх зүйл ондоо учраас шууд тусгах хэрэггүй. Иргэдээ  сонсох нь хамгийн чухал гэж хэлнэ.

Иргэдийгээ сонсох нь зүгээр нэг гадны туршлагыг авчирахаас илүү үр дүнтэй. Иргэдээ сонсоод гадны туршлагаас санаа авч явах юм бол илүү хэрэгжилттэй байна. Энэ нь дээрээсээ доошоо чиглэлтэй биш, дороосоо буюу иргэдээсээ  дээшээ шийдэгдэх чиглэл нь хамгийн зөв шийдэл. Сүүлийн жилүүдэд хараад  байхад намын тогтолцоо их байна. Нам төвтэй бодлого давамгайлж байна. Миний бодлоор нам төвтэй биш, иргэн төвтэй  бодлого, төлөвлөгөө гардаг бол  улсын хөгжилд ч илүү хэрэгтэй. Зөв хөгжил ирнэ.

-Монголд хамгийн их сэтгэлд хүрдэг зүйл юу байдаг вэ?

-Миний хувьд монголчуудаас харсан хамгийн сайхан зүйл нь  хүндлэх ёс. Байгалиа хүндэтгэж харьцаж байхыг нь харсан. Тэрийг хараад би хаана  ч, хэзээ ч давтагдахгүй ёс байна гэж мэдэрсэн. Монголчууд яах аргагүй байгальтайгаа амьдардаг. Хойшид ч байгальтайгаа хамт амьдрах хүмүүс. Нүүдэлчин улс шүү дээ.

Тэгэхээр байгалиа бодолгүй, өөрийгөө бодоод, эдийн засгийн талаасаа хараад газраа ухаад явах нь яалт ч үгүй биднийг  аюулд өртүүлж байна.  Нүдний өмнө харагдаж байна. Хойшдоо ч байгальтайгаа амьдрана гэдгээ бодоод хайрлаж, болгоомжтой ханддаг байгаасай. Монголд нутаг усаа, уул толгодоо хүндэтгэж байгаа дуу хуур олон бий. Тэр бүхнээс харахад байгалиа хайрладаг ард түмэн. Тиймээс энэ бүх соёл, ёс заншил нь битгий арилаасай, битгий мартагдаасай гэж сэтгэлийн гүндээ хайрламаар, харамсмаар, халагламаар болдог.

Чингис хааны үеэс хөх тэнгэрээ шүтэх, газар нутгаа хайрлах, цээрийн ёс нь маш сайн уламжлагдаж ирсэн ч одоо арилж байна. Хөдөөний амьдралаас хотын амьдралд шилжиж байна. Нутаг орноо хүндлэх, гол усаа хайрлах ухаанаа  мартсан юм шиг байна. Хүндэлж байгаа ёсыг нь харахаар байгальгүй бол бид амьдрах боломжгүй гэдгийг мэддэг, сэтгэлийн гүнд нь байдаг.

Гэвч тэр зүрх сэтгэл нь  хотод ирэнгүүд дарагдчихаад байна. Гадаад орчин, хөгжилд даргадаад байна. Тэр сэтгэлийг нь л гаргаж ирээд, байгаль дэлхий чухал шүү гэдгийг нь ойлгуулчихвал хэзээ ч газар ус, байгаль орчиндоо хортой  үйлдэл хийхгүй. Хэзээ ч хөрсний бохирдол, ган гачиг ирэхгүй байх гэж бодож байна.

Би анх их гайхсан л даа. Солонгост байхгүй нэг зүйр үг Монголд байдаг юм. “Нэг мод тарьвал нэг насны буян” гэдэг. Тэрийг сонсоод ийм үг байдгаа гэж уулга алдсан.  Ямартай ч монгол хүмүүст эх дэлхий, байгалиа  гэсэн сэтгэл байгаа. Гол нь тэр нь хучигдсан, гаднах байдалд дарагдсан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд бид ойжуулалт хийгээд, цөлжилтийн эсрэг ажиллаад явж байхдаа хүмүүсийн сэтгэлд байгаа тэр зүйлийг хараад баярладаг. Гэхдээ өөр нэг зүйлийг  анзаарсан нь “Хүмүүсийн сэтгэл ч цөлжөөд байгаа юм уу даа” гэсэн эмзэглэлийг мэдэрсэн.

Тэгээд бид зөвхөн сум орон нутгийн газрыг цөлжүүлэхгүй байхад анхаарч ажиллахас гадна хүний сэтгэлийг ч гэсэн цөлжүүэхгүй байя гэсэн бодол төрсөн.  Тиймээс энэ 2 ажлыг хамтад хийе гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Надаас хүмүүс “Танайх яг юу хийдэг байгууллага вэ” гэж асуудаг л даа. Тэгэхэд  нь би “Манайх мод тарьдаг ТББ” гэж танилцуулчихаад ардаас нь  “Бид хүний  зүрх сэтгэлд ч мод тарьдаг” гэж хэлэх дуртай.

а бүхний дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ

-“Ногоон Ази-Эко сум”-тай болохыг мөрөөдөж байгаа. Орон нутагт “Эко сум” буюу “Эко төв”-тэй болох төлөвлөгөө зургийг нь гаргасан. Энэ төслөөр “Жишиг ногоон сум” байгуулахаар зорьж байгаа. Тэр төв, бүс нутагтаа ойжуулалтаа хийж, жимс жимсгэний модоо тарьдаг, хураасан ургацаа боловсруулдаг, хэрэглэгчддэд бүтээгдэхүүн болгон нийлүүлдэг болгохоор төлөвлөн ажиллаж байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хамт олны санасан зорьсон бүхэн нь биелж, Монгол орон минь ногоон улс болох цаг ирнэ гэдэгт итгэж байна.

П.Нарандэлгэр

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

8 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

Mundag yum aa

Hayag
Hayag
5 Жил

Ene baiguullagin hayag n haana bdag yum be utsiig n uguuch

Зочин
Зочин
Reply to  Hayag
5 Жил

сүхбаатар дүүрэг дамбадаржаагийн 112/1
утас 7011141232

Erdene
Erdene
5 Жил

mundag hun bna ajil uils ni buteh boltugai…ene huntei holbogdmoor bna hayag utas uguuch Selenge aimag Delhii eej -Us TBB 99627539

Erdene erdene_ml@yahoo.com
Erdene erdene_ml@yahoo.com
5 Жил

hamtarch ajillamaar bna E-mail hayag erdene_ml@yahoo.com

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
Close