ХАА-н салбарОнцлох

Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хяналт хийв

Улсын хэмжээнд хоол хүнсний бүтээгдэхүүний  үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа  эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, хоол, хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 156 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэлээ. 

Хяналт шалгалтад 184 хүнсний үйлдвэр, цех, 1891 хүнсний худалдааны газар, 473 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нийт 2708 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг хамруулснаас 3284 зөрчил илрүүлж 67 хувийг арилгуулан ажиллалаа. 

Нийтлэг илэрсэн зөрчил, дутагдлуудыг нэрлэвэл: 
1. Хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан 172 худалдааны газарт худалдаалагдаж байсан 13 төрлийн, 669 нэрийн /давхардсан тоогоор/ 5262 ширхэг, 22141.1 мян/төгрөгийн үнэ бүхий хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтаар устгуулж, хүнсний аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа.

2. Шошгын зөрчилтэй, хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа тэмдэглээгүй хүнсний түргэн муудах, эмзэг бүтээгдэхүүн худалдаалсан 36 хүнсний дэлгүүрийн 9 төрлийн 98 нэрийн /давхардсан тоогоор/ 1573 ширхэг, 7930.7 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг буцаан авхуулж, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв.

3.  Хүнсний бүтээгдэхүүний 299 дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгүүлснээс 123 буюу 41.1 хувь нь төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн дээж бөгөөд шинжилгээгээр нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрч, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 2 аж ахуйн нэгж байгууллагын БНХАУ-аас импортолсон ногоон хулуу, хаш, амтат чинжүү зэрэг 0.305 тонн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээс урьдчилан сэргийлж, хэрэглэгчдийг болзошгүй эрсдэлээс хамгаалж ажиллалаа.

Зөрчил гаргасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 285 зөвлөмж хүргүүлж, 708 зурагт мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан, 17 удаагийн сургалтаар 749 иргэнд сургалт зохион байгуулан, 1002 объектын 2751 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаар улсын хэмжээнд нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close