Орон нутагЗочны ярилцлагаОнцлох

Р.Сэддорж: “Хал, Ханбогд явна” гэдэг байсан бол одоо говь нутгийнхаа хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөө зориулдаг боллоо

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар, орон нутгийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.

Өмнөговь аймгийн 2024 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө “Нутгийн хишиг бодлого дэвшүүлсэн. Энэ хөтөлбөр нь орон нутгийнхаа иргэдийг дэмжих, тэдний амьжиргааг дээшлүүлэх чиглэл рүү анхаарсан бодлого гэж ойлгосон. Мөрийн хөтөлбөрийн зорилт ямар түвшинд яваа вэ?

-“Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийг манай аймгийн иргэд их нааштай хүлээн авсан. Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд нэлээд олон ажлуудыг ч хийж хэрэгжүүллээ. Нэгдүгээрт, ХАА-н салбарт усжүүлалтийн асуудал байна. Бид малчдадаа зориулсан худаг ус гаргах, усгүй болж байгаа бүс нутгаа усжуулах ажлыг “Бэлчээр усжуулалтын II дугаар аян” гэж нэрлэсэн. Энэ аяны хүрээнд бид нэг жилд 100 гаруй худгийг шинээр болон засварлаж малчдадаа үнэ төлбөргүй хүлээлгэж өгсөн. Манай аймаг бол газарзүйн байршлаас үүдэн хамгийн түрүүнд усгүй болж байгаа. Тиймээс бид аймагтаа барилга байшин барих нь дараагийн асуудал гэж үзээд бэлчээр усжуулах ажлыг эхний зорилгоо болгож, гурван тэрбум гаруй төгрөгийг улсжуулах ажилд зориулсан.

Усны түвшин багасч байгаа нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна уу, уул уурхайг дагасан усны хэрэглээнээс болсон уу гэдгийг эрдэмтэн, судлаачдаар тогтоолгох хэрэгцээ шаардлагатай. Тиймээс усны судалгааны ажлууддаа аймгаас хөрөнгө гаргасан байгаа. Манай зүүн сумдад 100 метрээс ус гарахгүй байна гэдэг байсан бол одоо 200 метрээс ч ус гарахгүй болсон талаар иргэд маань ярьж байна. Манай аймгийн хувьд жишээ нь Цагаан хад, Гашуун сухайтын боомт буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт маш бага ус гардаг. Тэнд 1 литр ус 50 төгрөг болсон, усны хэрэгцээ шаардлага маш их байгаа. Гадаргын усны төслүүдийг манай аймгийн иргэд хүлээсээр байгаа боловч төдийлөн нааштай хийгдэж байгаа ажил алга. Тиймээс бид зүгээр хараад суулгүй, аймаг руугаа ирэх Хэрлэн, Орхон төслүүдийг угтуулж өөрсдийн хөрөнгө оруулалтаар усны хоолойн ТЭЗҮ-ийг хийж, Засгийн газарт хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнийг хийх компани нь ч шалгарчихсан.

Усны төлөөх дайн Монголоос эхэлж байна

снаас болж малчид хоорондоо маргаж, тэмцлийн хэлбэр лүү шилжиж, ноцтой гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл ч гарч байсан. Үүнээс харахад усны төлөөх нөхцөл байдал ямархуу хэмжээнд оччихоод байгааг баталж байна. Тийм үү?

-Тиймээ. Иргэд, малчид маань усаа булаацалдаад бие биенийхээ амь нас эрүүл мэндэд халдах тохиолдлууд гарч байгаа. Үүнийг усны төлөөх дайн Монголоос эхэлж байна гэж ойлгож болно. Манай аймгийн хувьд ганцхан Онгийн гол ирж, Улаан нуурт маань цутгадаг. Тэгтэл Онгийн гол нь зарим жил багасах, урсаж ирэхгүй байх нь бий. Тиймээс аймгийн зүгээс усаа булаацалдаж байгаа иргэдийнхээ усны төлөөх тэмцлийг намжаах зорилгоор ус гаргаж өгөх ажлуудыг хийж байгаа юм.

сны асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед судалгаа хийж, шалтгаан нөхцөлийг нь мэдээд бодлогын ажлууд хийгдэх нь гэж ойлгож болох уу?

-Тийм. Малчид, газар тариалан, төмс хүнсний ногоо тариалж байгаа  хүмүүс болон  Засгийн газартайгаа мод тарих маш том төлөвлөгөө баталчихсан. Ирэх 7 жилийн хугацаанд Өмнөговь аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “1 тэрбум мод” санаачилгын хүрээнд 70 сая мод тарихаар төлөвлөж ажиллаж байна. Тэгэхээр мод тарьсан ч, ХАА эрхэлж, төмс хүнсний ногоо тарьсан ч ус л хэрэгтэй. Ус байвал юу ч тарьж болно, өсгөж үржүүлж болно, бүтээн байгуулалт ч хийж болно. Тиймээс энэ аяны хүрээнд жилд 100 гаруйгаар нь худаг гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Ийм өргөн хүрээнд усны асуудлаа шийдэхээр ажиллаж байна.

Хувийн хэвшлээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор нь хангадаг

-“Өмнөговьд үйлдвэрлэв дэлгүүр сонголт арвин санагдлаа. Төлбөр хүлээн авагч нь төрийн байгууллагын данс байна лээ. Энэ нь ямар татваргүйгээр заруулдаг, иргэдээ дэмжсэн бодлого гэж харлаа. Өмнөговь гэхээр мөнгөтэй, ажлын байр нь хангалттай гэж боддог хүмүүсийн нийтлэг ойлголттой байдаг шүү дээ. Тэгтэл нийгмийн амьдрал руу чиглэсэн бодлогын нэг шийдэл юм байна гэж ойлгосон нь зөв үү?

-Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэгчдийн хийж байгаа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүрт зөвхөн Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бүх төрлийн бэлэг дурсгал, цагаан шувуу хөөрөг, хүнс гээд бүхий л бүтээгдэхүүнийг багтаасан. Энд хувийн хэвшлээ дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор нь хангахын төлөө л ажиллаж байна. Бид энэ дэлгүүрээ цаашдаа улам өргөжүүлж манай аймгаас худалдаж авч болох тэмээний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд хийж борлуулалтын цар хүрээгээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа.

Засгийн газрын бодлогын түвшинд “Боомтын сэргэлт”-ийн ажлууд явж байна. Энэ ажилтай Өмнөговь аймаг салшгүй холбоотой. Энэ хүрээнд Боомтын сэргэлтийн үр өгөөжийг хэрхэн тооцож байна. Энэ чиглэлээр орон нутаг өөрөө санаачилгатай ажиллах хэрэгцээ шаардлага байгаа болов уу?

-Манай Монголын хоёр том боомт манай аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа. Гашуун сухайтын боомт нь Монголын экспортын 48 хувийг, Шивээ хүрэнгийн боомт нь 28 хувийг хариуцдаг гэхээр экспортын 76 хувь нь манай аймгаар гарч байгаа гэсэн эдийн засагчдын тооцоо ч байна. Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлтийн бодлого”-той манай аймаг ихээхэн хамааралтай. Боомт дээрх иргэдийн тав тухтай зорчих бүтээн байгуулалтууд Гашуунсухайтаас эхлээд хийгдэж байна. Удахгүй Гашуунсухайтын өргөтгөл ашиглалтад орсноор иргэд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Шивээ хүрээгийн боомт дээр дараагийн төлөвлөлт хийгдээд явчихна. Бидний барьж байгаа бодлого бол боомт дээр Өмнөговь аймгийнхаа иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангах чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дээрх боомтууд дээр дэлгүүр, зоогийн газар, зочид буудал гээд хүний хэрэгцээний наад захын салбарууд дээр Өмнөговь аймгийнхаа сум бүрийг хамруулна.

Энэ хүрээнд сум бүрдээ тодорхой хэмжээний газруудыг өгөхөөр боомтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа хүмүүстэй уулзахдаа саналаа тавьсан. Боомтын сайд маань ажлаа аваад Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр бид саналаа хэлсэн. Манай аймгийн иргэд ч энэ хоёр боомт дээр бидний ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоор хангаач, Бид маш олон хүнтэй өрсөлдөх хэрэгтэй болчихоод байна. Орон нутгийн иргэдийг ажилтай орлоготой болоход нь дэмжээч гэдэг шаардлагыг их тавьдаг. Тиймээс тухайн боомтууд дээр 15 сумынхаа ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг ажиллах боломжоор хангах зорилт тавиад ажиллаж байна.

Өмнөговьд ажилгүйдэл, ядуурал бусад 20 аймагтай адилхан зовлон бэрхшээлүүд байгаа

Өмнөговь аймаг уул уурхайгаас хүртэх ашиг, улсад төвлөрүүлж байгаа орлогоор мэдээж дээгүүрт байгаа. Гэвч үүний цаана нутгийн уугуул, суугуул иргэдийн асуудлууд байдаг. Ер нь аймгийнхаа хэмжээнд дэд бүтцийн хөгжил сайн гэж болохоор байгаа ч анхаарах асуудлууд юу байна?

-Манай аймгийн хувьд уул уурхайн 100 гаруй Ашиглалтын лиценз байдаг. Эндээс 40 лицензээр нь 10 гаруй ААН харьяалагдан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниудын улсад өгч байгаа татвараар эдийн засгийг бүрдүүлэх онцгой үүрэгтэй бүс нутаг болгосон. Тиймээс Өмнөговь аймгийнхаа ажилгүй иргэдийг эдгээр компаниудад түлхүү ажиллуулах, орон нутагт хөдөлмөрийн ээлтэй нөхцөлд байлгах зорилт тавьсан. Компанийн захирлууд нь Өмнөговьд ирж амьдраасай, энд оффисоо бариасай, бүтээн байгуулалтаа хийгээд Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад ажилчдынхаа орон сууцыг бариасай гэж хүсэж байна.

Хэрвээ томоохон төслүүд, ААН-ийн удирдлагууд төв оффисоо барина гэвэл дэд бүтцээр нь хангаж өгөх бодлогууд бий. Өмнөговьд ажилгүйдэл, ядуурал бусад 20 аймагтай адилхан зовлон бэрхшээлүүд байгаа. Зөвхөн уул уурхайтай байгаад бүгдийг нь шийдчихдэг гэж байхгүй. Сум болгонд ажилгүйдэл байгаа тул өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг дунд үйлдвэр үйлдвэрлэлүүдийг дэмжих тал дээр анхаарч байна. Өмнөговьд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нь уул уурхайн компаниуддаа өгөхийн тулд тэдний шаардлагыг хангах тал дээр онцгой  анхаарч байгаа. Тухайлбал, ХХААХҮЯ-тайгаа хамтраад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд жилд таван тэрбум төгрөгийг өгч байна. Эдгээр ААН-үүд маань хөл дээрээ бат зогсоод Өмнөговь аймгийнхаа сум болгонд өөрийн салбарыг нээж хийсэн бүтээгдэхүүнүүд нь уул уурхайн компаниудын стандартад нийцээд цаашдаа сумандаа сайхан амьдрах боломж нэмэгдэнэ. Сумандаа тогтвортой үйлдвэр үйлчилгээ эрхлээд бүтээгдэхүүнээ уул уурхайн компанид борлуулаад нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө л ажиллаж байна.

-Оюутолгойн үр өгөөжийн талаар сайн муу олон талаас нь ярьдаг. Дараагийн ахисан түвшний хэлцлүүдийг Засгийн газрын түвшинд ч яриад явж байгаа. Хэлэлцээрийн дараагийн түвшинд гарах юм бол орон нутагт ирэх үр өгөөжид ямар өөрчлөлт гарах вэ?

-Ашигт малтмалын тухай хуулиараа уул уурхайн лицензтэй компани болгон тухайн орон нутагтаа гэрээ хийх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу Оюутолгой компани 2015 оноос хойш албан ёсоор гэрээгээ байгуулж ажиллаад явж байна. Бид олон удаа уулзаж ярилцаад хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд жил болгон 5 сая долларыг Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон бусад бүтээн оруулалтад хөрөнгө оруулж байна. Энэ бол бидний хамтын ажиллагаа сайн түвшинд байгаагийн илрэл. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г хариуцаж ажилладаг. Тэр сангаараа бид хөрөнгө оруулалтуудаа хийж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей зэргийг шинэчилж, шинээр барьж байгаа нь манай хамтын ажиллагааны гэрээний үр дүн юм. Цаашдаа хамтын ажиллагаа улам өргөжиж Оюутолгой компани маань далд уурхайгаа нээлээ. Гэрээ хэлцэл, төсөл өргөжсөнөөр орон нутгийн үр өгөөж нь улам нэмэгдэнэ гэж бодож, хүлээж байна.

Хашаанд амьдардаг айл усны тэргээр усаа зөөдөг үе түүх болон үлдэнэ

рон нутгийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон хөгжлийн  хөтөлбөрүүдийг багцлаад хэлвэл?

-Бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд нэлээн эрчимжиж байна. Манай аймгийн өмчийн оролцоотой 1966 оноос хойш ажиллаж байгаа 57 жилийн түүхтэй орон нутгийн Тавантолгой уурхай байна. Энэ уурхайн ашгийн 51 хувь нь аймгийн төсөвт орж ирдэг. Энэ мөнгөөр бид  аймгийн төвийн гэрэлтүүлэг, зам, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй чиглэл рүү явах замаа хийж, жилд 30 километрээр ахиулж байна. Энэ бүх ажлууд маань Монгол Улсын Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлого, Аж үйлдвэрийн сэргэлт бодлоготой нийлж байгаа. Аймгийн төв дээр шинээр 1000 айлын орон сууц  барьж байгаа. Орон сууц барьж буй компаниуддаа дэмжлэг үзүүлж урьдчилгаа өгсөн. Компаниуд орон сууцаа барихаар нь аймаг оруулсан мөнгөө буцаагаад анх тохиролцсон м.квадратаар нь бодоод орон сууцаа буцааж авч байна. Түүнийгээ “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийнхөө хүрээнд сард 300 мянган төгрөг төлж, яваандаа тэр байраа өмчилж авах боломжтой.

Манай аймгийн гэрэлтүүлэг маш сайн хийгдсэн. Энэ бол хүүхдэд ээлтэй аймаг болохын төлөө хийж байгаа ажил. Хүүхэд, эмэгтэйчүүд инээсэн аз жаргалтай газар л хөгжил дэвшил байна. Тиймээс хүүхэд эмэгтэйчүүд амар тайван ажил, сургуульдаа явах боломжоор хангахын тулд гэрэлтүүлэг, камержуулалт хийсэн. Хүүхэд гэрээсээ сургууль руугаа яваад гэрэлтэй гудамжаар камерын хяналт доор аливаа эрсдэлээс хамгаалсан замаар явж байна. Гэр хорооллын айлуудаа заавал үнэтэй орон сууц авч банкны барьцаанд орох шаардлагагүй “Модон жорлонгоос нь салгая, хашаанд нь сайхан амьдруулъя” гэсэн зорилтын хүрээнд маш олон тэрбум төгрөгөөр дэд бүтцийн ажлууд хийж байгаа. Хашаанд нь цэвэр ус, бохирын шугам оруулчихад цахилгаанаар халаалтаа шийдээд сайхан амьдрах боломжтой болж байна. Тухайн айл хашаанд амьдарсан цагаас хойш ус зөөсөн байгаа. Одоо харин усны тэргээр усаа зөөдөг үе нь түүх болон үлдэнэ.  

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдынхаа цалинг 80-100 хувь нэмлээ.

Гудамжинд хог цэвэрлэж байгаа цэвэрлэгч, эмнэлэгийн сувилагч, байгууллагын жижүүр, цагдаагийн албан хаагч гээд бүх л төрийн албан хаагчдынхаа цалинг илүү нэмсэн. Учир нь төрийн үйлчилгээг үзүүлэх хүмүүс маань уул уурхайн компаниуд руу явчихаад хүнгүй болчихоод байсан. Цалин нэмэгдэж ойролцоо болоод ирэхээр орон тоо эргээд нөхөгдөж байна. Жишээ нь, Цогтцэций сумын сургуулийн орон тоо бүрэн бүрдсэн сайхан мэдээ авлаа. Уул уурхайн компаниуд руу орсон эмч, сувилагчид маань эргэж аймгийнхаа эмнэлэг ирж байгаа нь үнэхээр сайхан үйл явдал.

Дээрээс нь “Хот хөдөөгийн сэргэлт” буюу Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогод анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, БШУЯ-тайгаа хамтраад ШУТИС-ийн харьяа салбар сургуулийг байгууллаа. Шинэ сургуулийн оюутнууд маань 100 хувь тэтгэлэгтэй суралцаж байгаа. Оюутнуудын 50 хувийн төлбөрийг аймгаас 50 хувийг нь Монгол Улсын Засгийн газраас хариуцдаг. Анх 70 оюутантай эхэлсэн бол одоо 100 гаруй оюутан болсон байна. БШУЯ-аас мэдээлснээр ирэх жил 500 гаруй оюутантай, цаашлаад 5000 оюутантай том сургууль болохоор яригдаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Өмнөговь аймагт ажиллаж амьдрах  боломжоор хангах ажлуудад нэлээн хөрөнгө оруулж байгаа. Нарийн мэргэжлийн шүдний эмчгүй байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд шүдний эмч гэр бүлийг авчирлаа. Тамгын газрынхаа орон сууцанд амьдруулж тэднийг тогтвор суурьшилтай ажиллах орчин нөхцөлөөр хангаж байна.

ХАА-н талаар ярихаар малын эмч, зоо техникчгүй болчихоод байсан. Тиймээс орон нутагтаа эргэн ирж ажиллах гэрээтэйгээр оюутнуудыг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулж байна. Энэ зарчмаар ардын уламжлалт эмч, сэтгүүлчдийг бэлтгэж байна. Говь нутагт хийж байгаа бүтээн байгуулалтыг багаас нь мэдэх сэтгүүлчдийг бэлтгэх нь их чухал. Тэр ч утгаараа манай аймгийн тэтгэлгийн тоо нэлээн өндөр байдаг. 14 компанитайгаа нийлээд 450-иад оюутныг тэтгэлэгт хамруулж, гэрээ хийсэн байгууллагадаа ирж ажиллахаар сургаж байна.

Дэлхийд ингэний сүүний хэрэгцээ их байна. Удахгүй ингэний хуурай сүүний үйлдвэр байгуулагдана

дийн засгаа солонгоруулъя гэдэг зүйлийг их ярьдаг. Үүний нэг нь аялал жуулчлал гэж үздэг. Тэгвэл говийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицсон дахин давтагдашгүй соёл нь, ондоошил нь байдаг. Гэхдээ тэр өвийг тээж яваа хүмүүсийн амьдралын чанарын асуудал чухал болов уу?

-Манай аймгийн нутаг дэвсгэр бол Монгол орны говь. Дэлхийн газрын зураг дээр Gobi гэж тэмдэглэгдсэн энэ бүс нутаг бол Палеонтологи археологийн дэлхийн түүхийг хадгалсан газар. 1920-иод оны үед АНУ-ын Нью Йорк дахь байгалийн түүхийн музейн судлаач, Төв Азийн шинжилгээний ангийн ахлагч Рой Чапмен Эндрюс-ийн удирдсан экспедиц “Баянзагт” ирж олон сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн ховор олдворуудыг олсоноор дэлхий даяар нэр нь алдаршсан үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн нэрлэгддэг археологийн чухал дурсгалт газрын нэг. Тэд Нью-Йоркийн түүхийн музейд зориулан эртний хүний араг яс хайж яваад төслийн хугацаа нь дуусаад буцахын өмнөх өдрөө динозаврын яс, өндөг олсон гэдэг. Тухайн үед виз нь дууссан болохоор дараа жил нь дахин ирэхдээ динозаврын яс, өндөгөө олж, Нью Йоркийн түүхийн музейн гол үзмэрүүд болгосон байдаг.

Шар цав гэдэг газар динозаврын мөрнүүд, галавын үеийн түүх хадгалаатай байгаа нь Ази, европ хүмүүсийн ихээр сонирхдог  бүс нутаг юм. Судлаачдын хэлж байгаагаар Монголд ирсэн жуулчдын 80 орчим хувь нь Монголын говийг үзэхээр ирдэг гэж байна. Тэгэхээр бид юу бэлдэх вэ гэхээр тэр хүмүүст чанартай үйлчилгээ, найрсаг харилцаа, англи хэлтэй хөтөч зэрэг дэлхийн аялал жуулчлалын стандартыг хангахад анхаарч байна.

Энэ бүхний эхэнд байх асуудал бол тэмээчин, тэмээ, тэмээний соёл. Тэмээ манай говийнхоны гол уналга, унааны хэрэгцээ байлаа. Сүү нь одоо дэлхийд алдартай болж байна. Дэлхий нийтийг хамарсан чихрийн шижин өвчний гол эм бол ингэний сүү болсон. Ингэний сүү нэг литр нь 10 мянган төгрөг давсан байна. Дэлхийд үнэ цэнэтэй болсон учраас ингэний сүүний хэрэгцээ ч их болчихлоо. Удахгүй ингэний хуурай сүүний үйлдвэр байгуулагдана. Орон нутгаас ч дэмжиж байгаа. Экспортод гараад ирэхээр тэмээ өсгөж байгаа, иргэдийн маань амьдрал ахуй мэдэгдэхүйц сайжирна гэж бодож байна. Тэмээ өөрөө маш том соёл тээж байгаа амьтан. Тэмээг уралдуулах, тэмээ хөөслөх, ботгоо голсон тэмээнд ботгыг нь авахуулах соёл байна. Тэмээ их уяхан амьтан шүү дээ. Тиймээс тэмээн соёлыг түгээх ажлыг “Түмэн тэмээний баяр”-аар хийж байна. Тогтсон өдөртэй энэ арга хэмжээг өргөн дэлгэр сайхан зохион байгуулдаг болчихлоо.

Манай шинэ театр, музей маань Монгол улсын шилдэг барилгууд болсон байна. Ковидын цар тахалтай холбоотойгоор барилгын ажлаа дуусгахад багагүй бэрхшээл туулсан ч дуусгаж чадлаа. Урлагийн тоглолтой цогц баяр болж байгаа нь гадаад дотоодын жуулчдыг улам олноор ирэх боломжийг бүрдүүлж чадсан. Үр дүн нь ирэх он жилүүдэд илүү сайн мэдрэгдэнэ гэж итгэж байна. Манай аймагт нэг арга хэмжээ болоход 300-400 сая төгрөг үлддэг гэсэн тооцоо  байна. Энэ нь дандаа хувийн хэвшлээ дэмжих  буюу  үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, хоршоо, цайны газарт ажилладаг хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдагын нэг нь энэ Түмэн тэмээний баяр. Монгол улс 470 гаруй мянга тэмээтэй, түүний 170 гаруй мянга нь манай аймагт байна.

асаглалын хувьд Өмнөговь аймаг АН засаглаж байгаа цөөхөн аймгуудын нэг. Нөгөө талаар стратегийн гол ордууд нь, Засгийн газрын бодлогын түвшний томоохон төслүүдийн цөм нь энд байна. Тэр утгаараа улс төрийн нөхцөл байдал ажилд нь хэр нөлөөлдөг вэ?

-Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 6 зорилтын ихэнх нь хэрэгжиж байгаа гол бүс нутаг. Тиймээс Засгийн газрын хамгийн их анхаарал татаж байгаа ажил  Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Бид ажил үйлсээрээ “Тэргүүний аймаг” болсон. Энэ бол Засгийн газрын ажлыг сайн хэрэгжүүлж буйн үр дүн гэж бодож байна. Ер нь манай аймгийн ард иргэдийн амьжиргаанд Засгийн газрын бодлого шууд нөлөөлдөг учраас бид бүхэн ажлаа хангалттай сайн хийхийн төлөө хичээн ажиллаж байгаа.

үх хүний анхаарлын төвд байгаа нүүрсний асуудал. Өнөөдөр хууль хяналтын байгууллага өргөн хүрээнд шалгалтын ажиллагааг явуулж байна. Таны хувьд аймгийн удирдлагаар нилээн удаан хугацаанд ажиллаж байгаа учраас энэ асуудалд өөрийн байр суурь илэрхийлэх болов уу гэж бодож байна?

-Нүүрсний уурхайг ашигладаг ТОП-5 татвар төлөгч ААН-ыг шалгаж байна. Шалгаж байгаа хууль хяналтын байгууллагууд үнэн мөнийг тогтоох байлгүй дээ.

Зарим хавар 60 хоног шуурдаг ийм газар ажиллаж амьдарч байгаа говьчууд бол үнэхээр эрэлхэг зоригтой, хилчин ард түмэн

Өмнөговь аймаг газар зүйн байршлын хувьд хатуу ширүүн уур амьсгалтай. Дээр нь усны асуудал анхаарлын түвшинд оччихсон байна. Орон нутгийнх нь боловсон хүчнүүд хүртэл уул уурхай руу явчихдаг ийм нөхцөл байдалтай байдгийг хүн болгон сайн мэдэхгүй байх. Гэхдээ Монгол орны хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай энэ аймагт төрсөн нутгаа гэсэн эх оронч хүмүүс амьдардаг юм байна гэж бодогдлоо.  

-Манай говь нутаг бол үнэхээрийн хатуу ширүүн уур амьсгалтай. Зарим хавар 60 хоног шуурна. 60 хоног шуурга болдог ийм газар ажиллаж амьдарч, өнөөдөр өдий зэрэгтэй Монгол Улсаа тэжээж байгаа говьчууд бол үнэхээр эрэлхэг зоригтой, хилчин ард түмэн гэж бахархдаг. Дээхнэ үед “Монголын говьд хүн болж төрснөөс хангайд буга төрсөн нь дээр” ярьдаг байсан шүү дээ. Тэгж хэлүүлэн барин амьдрана гэдэг амар биш. Нэг хэсэг “Хал, Ханбогд явна” гэдэг яриатай байсан. Одоо Монгол Улсаа эдийн засгийн хувьд тэтгэж сайхан авч явж байгаа нь өргөн уудам нутгаа хайрлан хамгаалж ирсэн өвөг дээдсийн минь ач тус. Энэ нутаг орноо орхиж яваагүй, хайрлаж хамгаалаад, хилээ манаад ирсэн өвөг дээдсийн минь гавъяа юм. Говь нутгийнхаа хөгжлийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа ААН байгууллагууд, манай аймгийг зорин 21 аймгаас ирсэн бүх хүмүүс энэ бүхнийг ойлгож мэдэрч байгаа гэж бодож байна.

элгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close