Гадаад харилцааFocus

Канадын үнэт цаасны байгууллагуудтай хамтран ажиллахаар санал солилцлоо

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг нарын хамтаар Канад улсад албан айлчлал хийлээ.

Санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хоёр орны зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, тус улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр, дэмжлэг болгох зорилгоор Канадын Үнэт цаасны зохицуулагчдын нэгдсэн байгууллага, Кебек болон Онтариа мужийн Санхүүгийн зохицуулагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хамтран ажиллах чиглэлээр холбогдох удирдлагуудтай нь албан уулзалт хийсэн юм.

Тодруулбал, тус улсын Үнэт цаасны зохицуулагчдын нэгдсэн байгууллагын дарга Лаура Беллони, бодлогын менежер Светлана Фоулер, Кебекийн Санхүүгийн зохицуулагч байгууллагын дэд ерөнхийлөгч Ким Лачапелле, мониторинг, эрсдэл, үнэлгээний газрын дарга Виржиние Чане-Тенг, ахлах шинжээч Шэрон Келли болон  холбогдох албаны бусад удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

зураг

Уулзалтуудаар хоёр орны хөрөнгийн зах зээлийг уялдуулан хөгжүүлэх, Санхүүгийн зохицуулах хороог мужуудын санхүүгийн зах зээлийн салбарт зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцсон юм. Мөн Монгол, Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын давхар бүртгэл, шууд бүртгэлийн хялбаршуулсан горимыг нэвтрүүлэх, хоёр орны санхүүгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын Санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага /FATF/-ын комплайнсын шаардлагуудыг хангуулахад хамтарч ажиллах талаар хэлэлцэв. УИХ-ын гишүүдээс энэ үеэр Монгол Улсад Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх талаарх саналуудыг дэвшүүлж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.

Харин Санхүүгийн зохицуулах хороо Кебек мужийн Санхүүгийн зохицуулагч байгууллагатай Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны чадавхыг бэхжүүлэх хүрээнд техник, арга зүйн туслалцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд  хоёр тал хамтран ажиллахаар харилцан тохиролцсон юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close