НийгэмFocus

Энхийг сахиулагчдын ар гэрийнхэнтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр /2023.01.17/ Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх XII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөлтэй уулзалт хийж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаар болон монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтийн байдал, гарч буй бодлогын шинэчлэлт өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өглөө. 

Тус үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ, “Дэлхийн хэмжээнд авч үзвэл Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох багагүй туршлагатай орны тоонд багтдаг. Бид энхийг сахиулагч алба хаагчдаа дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлэхээр илгээснээс хойш 21 жил өнгөрчээ.

Энэ хугацаанд дэлхийн гурван тивд явагдсан энхийг сахиулах ажиллагаануудад манай орноос давхардсан тоогоор 21000 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. НҮБ-аас манай энхийг сахиулагчдын талаар маш өндөр үнэлгээтэй байдаг гэдгийг энд уламжлахад таатай байна. 

Миний бие Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсоноос хойш энхийг сахиулах ажиллагааны орчин нөхцөлд дүгнэлт хийж, хэд хэдэн шинэчлэл хийх шийдэлд хүрсэн. Мөн энхийг сахиулагчдын төлөөлөлтэй уулзах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн нь өнөөдөр биеллээ олж байна. 

Манай цэргийн алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцохдоо нэг зорилго, чиглэлийн дор өдөр шөнийг ялгалгүй тасралтгүйгээр үүрэг гүйцэтгэж байгаа. Харин ар гэрийн төлөөлөл та бүхэн хүү, хань, аав ээж, ах дүүсийнхээ сэтгэл санааг үргэлж өргөж, дэмжиж, урмын үг хайрлаж байх ёстой юм шүү гэдгийг салбарын сайдын хувьд хэлмээр байна.

Ар гэр нь амгалан тайван байвал дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг хүний хувьд хамгийн сайхан зүйл юм” хэмээн онцлоод, танхимд цугласан олонд хандан талархал илэрхийлж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө. 

Мөн уулзалтад оролцогчдод зориулан ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа XII ээлжийн цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийн талаарх видео танилцуулгыг хүргэснээс гадна ЦДБЭЧ-ын хамт олноос урлагийн тоглолтыг толилууллаа

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close