ХАА-н салбарУИХАНОнцлох

Н.Ганибал: Үнэ цэнэгүй товарлаг бус малтай болох нөхцөлийг бүрдүүлж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Манай улс 30 жилийн өмнө 20 сая, 20 жилийн өмнө 40 сая толгой малтай байсан бол одоо 70 сая хүрч, малын тоо толгой маш хурдацтайгаар өсч буй. Адуу, ямаа, хонь, тэмээнийхээ үйлдвэрлэлээр дэлхийд 4, 8, 10, 11-р байранд, үхэр сүргийнхээ тоогоор 53-т жагсдаг. Гэтэл жилд 30 гаруй тэрбум ам.доллар эргэлддэг олон улсын мах, махан бүтээгдэхүүний зах зээл дээр боломжит нөөцийнхөө ердөө 3-40 хүртэл хувийг л экспортолж байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Иймд махны экспортыг дэмжиж, малчдын орлого болон Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ “Монгол Улс жилдээ 170-180 мянган тн мах экспортлох нөөцтэй” гэдгийг дурдлаа. Мөн 2023 оны 10 дугаар cap xyртэлх хyгацаанд хонь, ямааны тyyхий болон дулааны аргаар боловсруулсан мах, адууны туухий маханд тоо хэмжээний хязгаарлалт тоггоохгуй, харин ухрийн тyyхий болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд квот тогтоохоор шийдвэрлэснийг дуулгав.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Асуулга тавьсан Н.Ганибал гишүүн үг хэлэв. Тэрээр: Монголын төрийн алдаатай бодлогоос болж шоовдорлогдсон хүмүүс бол малчид болж байна. Тэдний өмнө байгаа бизнесийн бүхий л боломжуудыг хааж, малчдыг маань зөвхөн халамжийн бодлогоор хуурч өнөөг хүрлээ. Уг нь мал аж ахуйн салбарыг хамгийн үр өгөөжтэй, ашигтай байлгах бүрэн боломж бий.

Сонгуульд санал авахад малчид хэрэгтэй болохоор тэдэнд зөвхөн халамж л амладаг. Харин малын бүтээгдэхүүнийг нь үнэ цэнтэй болгох боломжуудыг малчдаас булаасаар өнөөдрийг хүрлээ. Мал аж ахуйн салбар төрийн эдийн засгийн бодлогоос орхигдсон салбар болоод удаж байна.

Эрх баригчид махны үнийг сонгуульд ялах зэвсэг болгон ашиглаж, махны үнийг хүчээр барьж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулахгүй удаж байна. Малчдын орлогын эх үүсвэр бол мал, мах. Эндээс орлогынхоо 70 хувийг олдог. Харамсалтай нь тэр орлогыг нь төрийн буруу бодлогоор боомилсоор ирлээ.

Манай улсад бүх төрлийн барааны үнэ нэмэгдсээр байна. Харин махны үнийг л барьсаар байгаа. Өнгөрсөн жил л гэхэд нэг төлгөөр гурван шуудай цагаан будаа авдаг байсан бол өнөөдөр нэг төлөг ганцхан шуудай цагаан будааны л үнэтэй болсон. Үүнээс харахад малчдын худалдан авах чадвар гурав дахин буурсан нь харагдаж байна.

Тэдний тавхан хувь нь мянгаас дээш малтай. 60 хувь нь 200-гаас доош малтай, дөнгөж амьжиргаа залгуулах төдий амьдарч байна. 300 мянган малчин төрийн буруу бодлого, популист амлалтын золиос болж байна. Монголын хамгийн олон хүн ажилладаг салбар ийм байдалтай байхад яам нь бодтой бодлого танилцуулахгүй, хэдэн тоо хэлээд л сууж байгаа нь харамсалтай.

Малчдын маань халуунд халж, хүйтэнд хөрч бий болгосон малын бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй байлгах нь ХААЯ-ны үүрэг. Зуд турхан болоод хэдэн малаа алдах үед бүх эрсдэлээ малчид өөрсдөө л үүрдэг. Төр үүнд нь ямар ч хариуцлага үүрдэггүй. Энэ хавар малчдад хатуу хавар болох нь тодорхой байна. Одооноос шууд махны экспортондоо анхаарлаа илүү хандуул.

Дэлхийн зах зээл дээр жилд 31 тэрбум долларын махны худалдаа явагдаж байна. Манай улс сүүлийн 30 жилийн хугацаанд ганцхан удаа жилд 90 сая долларын мах экспортод гаргасан байдаг. Энэ нь дэлхийн зах зээлийн ердөө 0.3 хувь. Ийм том валютын эргэлт явагддаг зах зээлийг бид дотоодын популизмээсээ болоод зориудаар үнийг нь барьж, экспортын орлогоо алдаж байна.

Бүгд уул уурхайгаас өөр валют олох боломжгүй гэж боддог. Харин бид махаа экспортод гаргаснаар жилд 1 тэрбум ам.долларын орлого олох бүрэн боломжтой. Гэвч эрх мэдэлтнүүд зөвхөн өөртөө ашигтай байдлаар л шийдвэр гаргаж малчдын эрх ашгийг хөсөр хаясаар ирлээ.

Нүүрснээс олох валютаа нэмэгдүүлэхийн тулд БЭТ хүртэл томилдог хэрнээ жилд нэг тэрбум доллар олох боломжтой салбараа яагаад шахаж ажиллуулахгүй байгаа юм бэ. Яагаад бодлогоор дэмжиж, зах зээлийн жамаар нь явуулахгүй байна вэ.

Махны экспорт ярихаар шалтгаан тоочдог, мал нь өвчтэй, хил нь хаалттай, дотоодын махны үнийн зохицуулалтаа хийж чаддаггүй зэрэг түмэн зовлон тоочно. Ингэж махны экспортыг хийж чадахгүйгээс болоод бэлчээрийн даац нь хэд дахин хэтэрсэн.

Цөлжилт нүүрлэсэн, үнэ цэнэгүй товарлаг бус малтай болох нөхцөлийг бүрдүүлж байна. Орлого ашиг муутай энэ салбарт ажиллах хүн цөөрсөөр байна.ХААЯ-ны үндсэн зорилго бол хүн ардаа эрүүл хүнсээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс гадна малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгож, экспортод гаргах замаар малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх явдал юм.

Гэтэл үе үеийн сайд нар нийслэлийн хэрэглэгчдийн сошиал эсэргүүцлээс айж, махны үнийг тогтвортой барих, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай л ярьсаар байгаад хугацаа нь дуусдаг. Аль ч цаг үед махны дотоодын хэрэгцээг хангах, экспортод гаргах гэсэн хоёр зорилт нь хоорондоо зөрчилддөг. Үүнийг ухаалгаар шийдэх бүрэн боломжтой.

Үүнд зөвхөн улс төрчдийн хүсэл зорилго л хэрэгтэй байна.Бодлогогүй төрийн болчимгүй алхмууд мал аж ахуйн салбарыг өндийлгөхгүй байгаа болохоор л асуулга асуусан юм аа. Мал аж ахуйн гол бүтээгдэхүүн болох махыг үнэ цэнтэй байлгахын тулд экспортыг хорих биш дэмжих ёстой”гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close