ЕрөнхийлөгчОнцлох

Я.Содбаатар: ҮАБЗ дээр гэрээ болон эдийн засгийн асуудал яригддаггүй

Ерөнхийлөгчиийн тамгын газрын дарга Я.Содбаатар Эрдэнэс таван толгой ХК, Төмөр зам ХНН, Нүүрсний хулгай болон оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагаас тоймлон хүргэж байна. 

Тэрбээр хэлэхдээ “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дээр гэрээ болон эдийн засгийн асуудал яригддаггүй. ҮАБЗ дээр зарим хүмүүсийн хардаад байгаа шиг тэр нүүрсийг тэдээр тооц, тэгэж гэрээ хий гэж огт яригддаггүй. Харин гэрээг Эрдэнэс таван толгой ХК, Төмөр зам ХНН, түүнийг гүйцэтгэх аж ахуйн нэгж хооронд л хийгддэг. Нүүрсний хулгай болон энэ оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар ямар аж ахуйн нэгжтэй, хэдээр гэрээ хийсэн бэ гэдэг нь бүгд ил тод болсон. 

Гэрээг нууцлах уу, үгүй юу гэдэг нь Засгийн газрын асуудал. Засгийн газар ч гэрээг нууцаас гаргасан. Тиймээс эдгээр асуудлыг ЕТГ-тай холбож ойлгох нь буруу юм. Нүүрсний гэрээнүүд ил болсон. Гэрээг байгуулах үед алдаа асуудал байсан бол хууль хүчнийхэн хариуцлага тооцох ёстой. Энэ зарчмаараа л явж байгаа байх. 

Сүүлийн үед Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай муудалцуулах гэсэн, төрийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн зохион байгуулалтттай үйлдлүүд гарч байна. Үүний цаана авлига, албан тушаалд холбогдсон, хөрөнгө мөнгө, орд газраа алдсан, шүүх дээр хэрэг нь шилжсэн хүмүүс байгаа нь тогтоогдсон. Одоо тэд амиа тавьж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандарч байна. Улс орон нь үймэхээр орд газар авах гэсэн, ял завших гэсэн л эцсийн зорилготой нөхдүүд байгаа. 

Өнгөрсөн хугацаанд хууль бус 938 лицензийг хурааж авсан. Эх орныхоо баялаг болсон олон орд газрыг алдахын даваан дээр төр мэдэлдээ буцааж авсан. Энэ бүхэн олон хүний эрх ашгийг хөндөж, цөөн хэдэн хүмүүсийг баяжих арга хэрэгсэл болсон байсан нь үнэн. 

Ерөнхийлөгч УБТЗ-ын дарга Х.Хэрлэнтэй холбоотой юу? 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30 гаруй жил улс төрд явж байна. Энэ хугацаанд намын дарга, Ерөнхий сайдаар ажилласан. Тухайн албан тушаал хашиж байхдаа олон хүнийг томилж, чөлөөлж байсан.

Ерөнхийлөгч нэг зүйл дээр маш хатуу байр суурьтай байгаа. Ямар нэгэн этгээд, хэн ч байсан хууль зөрчсөн (түүний ах дүү, найз нөхөд, хамаатан байна уу) бол өмөөрч, хаацайлахгүй. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хэрэв Х.Хэрлэн нь байна уу, хэн буйгай ч байсан хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Улаанбаатар төмөр замын даргыг Засгийн газраас томилсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийг хүртэл нэг байр суурьтай байгаа нь институц, институц өөр өөрийн ажлаа хийх ёстой. Засгийн газар нь Засгийнхаа ажлыг, Хууль шүүх нь хууль шүүхийнхээ ажлыг, Ерөнхийлөгч өөрийн хариуцсан ажлаа л хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хуулиар заасан чиг үүргээ л хариуцах ёстой гэсн байр суурьтай ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэх засаглал руугаа хутгалдах ёсгүй гэсэн байр суурь байрьдаг. Өмнө Ерөнхийлөгч нарын гаргадаг томилгоо руу ордог бусад бүх асуудлыг таслан зогсоож байгаа. Тиймээс Улаанбаатар Төмөр замын дарга Х.Хэрлэн бол Засгийн мэдэлд ажлаа тайлагнах, хариуцлага яригдах бол Засаг хариуцах ажил юм. Ерөнхийлөгчийн институцтэй ямар ч хамаагүй” хэмээн албан ёсны байр сууриа илэрхийллээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close