ЭМЯСурвалжлагаНийгэмОнцлохФото сурвалжлага

Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлгүй болохоор зорьж байна, харин бид …

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Вакцин” клубийн сэтгүүлчид Хавдрын үндэсний зөвлөлийнхөнтэй хамтран “Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Цэцэгсайхан “Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр Швейцарийн холбооны улсын Женев хотноо болсон хавдарын талаарх дэлхийн олон улсын хурал мөн АНУ-ын Мемфис хотноо зохион байгуулсан Сэнт Жүд глобал олон улсын хуралд оролцож туршлага судлаад ирсэн аж.

Олон улсын хурлаар ярьсан асуудлууд болон дэлхийн улс гүрнүүд хавдартай хэрхэн тэмцэж буй талаар мэдээлж, манай улсын нөхцөл байдал ямар байгаа талаар онцолсон. Тухайлбал, Швейцари улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдарыг бүрэн устгах бодлого барьж байгаа бол Африкийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, охид хөвгүүдээ урьдчилан сэргийлэх вакцинд хамруулжээ. Манай улсын хувьд дэлхийн улс орнуудаас элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлэх эгнээнд бичигдэж буй нь сэргийлж болох хорт хавдрын муу жишээ болон яригддаг гэв.

Доктор Б.Цэцэгсайхан олон жил дагнан умайн хүзүүний хорт хавдраар судалгаа хийж, өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулахаар зорьж буй. Уг хорт хавдарыг үүсгэгч папилома вирус нь бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд өсвөр насанд нь вакцинд хамруулвал умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой. Тиймээс олон улсад хэрэглэж буй вакциныг манай улс ч гэсэн хэрэглэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Манай улс умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх “гардасил” вакцины талаар мэдлэг мэдээлэл хомс байдаг. Харин дэлхийн 110 орон уг хавдрын гол шалтгаан болсон хүний хөхөнцөр буюу папилома вирус (HPV)-ын эсрэг вакцинд өсвөр насны охид, хөвгүүдээ хамруулан умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж байгаа аж.

Манай улс 2012 онд уг вакциныг нэвтрүүлэх гэж оролдоод, бүтэлгүйтсэн ч ХӨСҮТ-д сайн дурын үндсэнд төлбөртэй дархлаажуулалтыг хийж байна. Хэрэв манай улс товлолт вакцины тоонд оруулбал өсвөр насныханд үнэгүй хийх боломж бүрдэх юм. Одоогоор уг вакцин нь 10 жилийн дархлаа тогтоож буйг олон улсын эрдэмтэд нотлоод байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүмүүс умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папилома вирусийн халдвар авахгүй гэсэн үг.

Улс орнууд сэргийлэх боломжтой хорт хавдрын шалтгаантай тэмцэн, бүр устгах зорилт тавьж байхад харин манайд хорт хавдартай тэмцэх бодлогод түлхүү анхаардаг нь үр дүн муутай байна. Тэр хирээр хүн амын дунд хорт хавдраар өвчлөх эрсдэл улам бүр нэмэгдэж, эрүүл мэнд, эдийн засгаа эрсдэлд оруулж, цаг бусаар амь насаа алдах харамсалтай тохиолдол буурахгүй байгаа нь үнэн билээ.

Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалж, сэргийлж болох хавдрын өвчлөлийн шалтгааныг бууруулахад мэргэжлийн байгууллагууд болон шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулах нь нэн тэргүүний ажил болоод байна. Тухайлбал, хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг мэдээлэл олгох, амьдралын зөв дадал зуршил суулгах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэх, хоол хүнсний хэрэглээ зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, монгол хүний амьдрал ахуйд тохирсон бодлого гаргах нь чухал юм.

Дашрамд дуулгахад, ХАВДРЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2014 онд байгуулагдсан ашгийн бус, сайн санааны байгууллага юм. Тус байгууллага хавдартай өвчтөнүүд, тэдний асран хамгаалагч нарт зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар тусламж дэмжлэг үзүүлэх болон хүн амд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаар судалгаа хийх, нотолгоонд суурилсан бодлого шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх чиглэлд анхаарч ажилладаг.

2016 оноос Олон Улсын Хавдрын Хяналтын Байгууллага, 2018 оноос Евроазийн хүүхдийн хавдрын нийгэмлэг, Олон улсын папилломавирусын нийгэмлэгийн гишүүн болсон байна. Мөн Швейцарийн Олон Улсын Хавдрын Хяналтын Байгууллага, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төв, Австралийн Хавдрын зөвлөл, АНУ-ын St.Jude-ийн хүүхдийн судалгааны төв, Билл Мэлинда Гэйтсийн сан, Макс сан, Канадын Лаурел сан, Өмнөд Африкийн Кэйп Тауны их сургууль, Английн Хавдрын судалгааны байгууллага, ОХУ-ын Дмитрийн Рогачёвын хүүхдийн төв эмнэлэг, Францын Санофи Эспойр сан зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг ажээ.

2019 оноос дэргэдээ хөдөө орон нутгаас хотод эмчилгээнд ирсэн хавдартай өвчтөнүүд, тэдний ар гэрийнхэнийг түр байрлуулах Дарь Эхийн Өргөө /Tara Lodge/ өвчтөн байрлуулах төвийг нээж 4000 гаруй өвчтөн, асран хамгаалагч нарыг байрлуулсан байна. Баянзүрх дүүргийн 6 хороо /Оюутны хотхон/-нд байрлах тус байр нь хавдрын шалтгааны улмаас орон нутгаас ирсэн өвчтөн болон түүний гэр бүлийг хямд зардлаар байрлаж, хоолоо өөрсдөө хийж идэн, зочид буудал болон айлд байрлахгүйгээр эмнэлэгт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн аж.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close