Эрүүл мэндFocus

“Итгэл” төсөлд хамрагдсан 114 хүн хорт зуршлаасаа татгалзав

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн санхүүжилтээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Аддиктлогийн Төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж буй. Зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төслийн үр дүнг /2022.12.21/ танилцууллаа.  

3 үе шаттай хэрэгжсэн уг төсөлд 114 иргэн сайн дураараа хамрагдсан байна.  Нийгмийн хариуцлагын хүрээнд Цагаан өргөө сувиллын газар хамтран ажиллаж, олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр архинд донтох  эмгэгтэй иргэдэд сургалт, эмчилгээ үйлчилгээ үзүүлжээ.

Энэ хүрээнд эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажилласан байна.

Үйл ажиллагааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “Итгэл төслийн гол онцлог нь иргэд өөрсдөө хорт зуршлаасаа татгалзаж, гэр бүл хамт олны хүсэл тэмүүллээр хэрэгждэг. Энэ төсөл маань 3 үе  шаттай хэрэгжсэн. Хамгийн сүүлийн ээлжид эмэгтэйчүүд хамрагдлаа.

Үр дүнгээс харахад төсөлд хамрагдсан иргэд гэр бүлийн байдал тогтворжин ажлын байртай болж, эргээд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байгаа юм. Архинд донтох эмгэгийг сайн дураараа эмчлүүлсэн хүнийг хүлээж авах нийгэм маш чухал.

Тиймээс хороод дээр эмнэлэг, цагдаа, хэсгийн ахлагч, байцаагч, нийгмийн ажилтнуудтай хамтарсан багийг бүрдүүлж байна. Энэ баг иргэдийг ажлын байранд зуучлах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллана. ” гэв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Сайн дурын үндсэн дээр донтох эмгэгээс гарч чадсан иргэдийн 10 орчим хувийг ажлын байранд зуучилсан. Цаашид төрийн болон ТББ-уудтай хамтарч төслөө арга зүйгээр нарийвчлан хэрэгжүүлнэ” гэлээ.

Мөн энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Итгэл төслийн үр дүнд архинд донтох эмгэгтэй, гэрээсээ дайжсан, бусдын амар тайван байдлыг алдагдуулдаг, өөрийгөө болон бусдыг аюул заналд оруулдаг хүмүүсийг голчлон хамруулж, тусалж ажиллалаа. Энэ оны 9-12 дугаар сарын хугацаанд 100 гаруй иргэнийг хамруулаад байна. Төсөл урт хугацаанд хэрэгжсэнээр нийгэмд эерэг олон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close