уран зурагФото сурвалжлагаFocus

“Их Эзэн Чингис хаан урлагт” уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

Уран зураг, урлагийн цор ганц эх хувь бүтээлийн арилжаа, уран бүтээлч, зураачдын үзэсгэлэн дэглэлт. онлайн болон дуудлага худалдаа зохион байгуулах зорилготой байгуулагдсан “Бодэсарт галерей”-д “Их Чингис хаан урлагт” уран зургийн үзэсгэлэн /2022.11.11/ нээгдлээ.

“Бодэсарт галерей” болон “Тайж Палас Бодэса фортун трейд” ХХК хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд уран бүтээлчид өөрийн мэдрэмж, сүнслэг байдлаар Их Эзэн Чингис хааныг дүрслэх урлагийн олон төрлөөр дүрслэн харуулахыг зорьсон аж.

Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг худалдаа, урлаг, утга зохиол, хэл соёл гээд бүхий л хүрээнд Чингис хаан болон түүний байгуулсан Монголын эзэнт гүрэн арилашгүй, давтагдашгүй түүхийг бүтээсэн. Чингис хааны алдар суу хайр найргүй эзлэн түрэмгийлэгч, ертөнцийг тонон дээрэмдэгч, хайр найргүй зэрлэг морьтоны дүр төрхтэй ямагт сүлэлдэж ирсэн ч түүний энэ алхам Европыг гүн нойрноос сэрээж, цэцэглэн хөгжсөн Азийн соёл иргэншилтэй холбосон аугаа их алсын хараатай үйл хэрэг байсан гэж болно.  Түүний хувь хүнийх нь зорилго, хүсэл эрмэлзэл, уудам тэнүүн цэгц шударга зан чанар бүх дэлхийд нөлөөлсөн. Чингис хаанаар удирдуулсан Монголын их эзэнт гүрэн ид мандан бадарч байх үедээ 12 сая км хавтгай дөрвөлжин газар нутаг, 200 гаруй сая хүн амыг нэгтгэн цоо шинэ дэг журамд оруулж, дэлхийн газрын зургийг шинээр зурсан нь түүхэнд дурсагдан үлдсэн билээ. Тиймээс өнөө цагийн монгол зон олондоо зориулсан үзэсгэлэнг таалан соёрхоно уу хэмээн зохион байгуулагчид онцолж байна.  

Бодэса арт галерейн Гүйцэтгэх захирал Ц.Амарсайхан “Бид Бодэса арт галерейг байгуулаад сар гаруй л болж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор уран бүтээлчдийн бүтээлийг үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн талбайдаа байршуулж байна. Сар бүр нэг сэдвийн хүрээнд үзэсгэлэн гаргах зорилготой. Эхний удаад “Монгол бахархалын сар” болгосон. Чингис хааны тухай урлагийн маш олон чиглэлээр бүтээл хийгдсэн. Бид Их Эзэн Чингис хааны уран зурагт мөнхөрсөн дүрийг харуулахыг зорьж, 20 гаруй уран бүтээлчдийн 30 гаруй уран бүтээлийг байршууллаа. Энэ сарын 24-нд Чингис хааны мэнэдэлсэн өдөр тохионо. Тэр үед арай өөр бүтээлүүд дэлгэн харуулна. Уран зураг сонирхогчид маань хүсвэл Их хааныхаа урлагт мөнхөрсөн, дахин давтагдашгүй дүр төрх бүхий цорын ганц бүтээлийн эзэн болж, худалдан авах боломж нээлттэй. Үзэсгэлэн маань энэ сарыг дуустал 24 цаг нээлттэй байна. Хүссэн үедээ ирж үзэж болно”  гэв.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close