ЯрилцлагаОнцлох

Б.Ууганбаяр: Газар хөдлөлт бол хэзээ болох нь тодорхойгүй байгалийн аюул

Орхон аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.

– Гамшгаас хамгаалах иж  сургууль өнөөдөр эхэллээ. Сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар яриагаа эхлүүлье?

Монгол Улсын Шадар сайд, Орхон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор, мөн гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 10 сарын 01-09-ний өдрүүдэд зохион байгуулж байна. ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангуулан, сургалт, дадлагыг удирдлага аргазүй, зөвлөмжөөр хангаж байна.

Сургууль өнөөдөр бүх шатны нутгийн захиргааны байгууллага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгах жигдрэлтийн үзлэгээр эхэллээ. Энэ удаагийн иж бүрэн сургууль нь “Төв, суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах, харилцан ажиллагааг боловсронгуй болгох” сэдвийн хүрээнд явагдаж байна.

Иж бүрэн сургуулийн сургалтын модулийг боловсруулсан. Сургалтын модуль нь нэгдүгээрт, иргэд, олон нийтийн аюулгүй амьдрах ухааны танхим, дадлага хосолсон сургалт, хоёрдугаарт, удирдах бүрэлдэхүүний онолын буюу академик сургалт, гуравдугаарт, хийсвэр сургуулийн цагийн байдлаар команд штабын сургууль, дөрөвдүгээрт, мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх дадлага, тавдугаарт, сургуулийн үр дүнд дүн шинжилгээ хийх гэсэн бүтэцтэй.

ОБЕГ болон Дархан, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын байгууллага, Улаан загалмайн төлөөллөөс оролцуулсан сургагч багшийн баг бүрдүүлж,  аймгийн аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн 3000 гаруй иргэнийг сургалтад хамруулж, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олголоо.

Төмөр зам, уул уурхайн осол, газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль, газар хөдлөлтийн аюулын дараа иргэдийн аюулгүй цэгт нүүн шилжих дадлага болно.

Тохиолдож болзошгүй, эрсдэл өндөртэй гамшиг, осол тохиолдсон үед  хариу арга хэмжээ авах, аймгийн гамшгаас хамгаалах бэлэн, байдлыг дээшлүүлэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд сургалтын гол зорилго чиглэгдэж байна гэж ойлгож болох уу?

Яг тийм. Орхон аймаг нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд оршдог. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц хөгжсөн, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий нутаг дэвсгэр. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хиймэл гар аргаар тэсэлгээ хийдэг нь аймгийн нийт орон сууц, гэр хороололд их, бага хэмжээгээр чичирхийлэл мэдрэгддэг. Мөн төмөр замын системтэй.

Тиймээс энэ удаагийн иж бүрэн сургуулиар хийсвэр сургуулийн цагийн байдлыг боловсруулахдаа газар хөдлөлтийн аюулыг сонгосон. Газар хөдлөлт бол маш богино хугацаанд тохиолдож, асар их хор хохирол учруулдаг, байгалийн аюулт үзэгдэл. Газар хөдлөлт бол хэзээ болох нь тодорхойгүй байгалийн аюул.

Дэлхийн улс орнууд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад зарцуулсан нэг доллар гамшиг тохиолдсоны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартай тэнцдэг гэж үздэг. Иймд тайван цагт  гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах нь гамшгийг хор хохирол багатай даван туулах гарц юм. Сургалтаар дадал олгохыг зорьж байна. Дадал, дадал бас дадал, нэн чухал даа.  Газар хөдлөлт боллоо гээд бодоод суух биш, өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

-Сургууль зохион байгуулах нэг хэрэг. Хамгийн гол нь үр дүн шүү дээ. Сургуулийн удирдагчийн хувьд юу гэж дүгнэх вэ?

Олон үр дүн гарна. Нэгийг онцолж хэлье. Судалгаанд тулгуурлаж хариулъя. Гамшгийн үед хүндрэл учруулдаг олон төрлийн асуудал байна. Үүнээс хүндрэлтэй нь зохицуулалт байдаг. Хамгийн ойрын тод жишээ бол сүүлийн 2 жил тохиолдсон Ковид-19 цар тахал. Гамшгийн голомтод олон байгууллага, албан тушаалтан үүрэг гүйцэтгэх болдог.

Энэ үед учир зүйг нь олж удирдах нь нэн чухал. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бодлогод байгууллага хоорондын харилцан ажиллагааны асуудал тусгагдсан. Хожим Орхон аймгийн нутаг дэвсгэрт аюул, осол тохиолдоход аймгийн хүч хэрэгсэл эхний хариу арга хэмжээг хамтарч хэрэгжүүлэх чадвартай болно. Энэ том үр дүн.  

Гамшгийн бэлэн байдлын төлөвлөлтийн баримт бичгийг бодит байдалд нийцүүлэх талаар шинэчлэл хийнэ. Төлөвлөлтийн баримт бичиг сейфэнд хадгалдаг биш, Амьд байх хэрэгтэй. Гамшгийн үед бэлэн байдлын төлөвлөлтийн баримт бичгийн дагуу ажиллах шаардлага тавина.

Үүрэг гүйцэтгэх томилгоот хүч хэрэгслийн эрэн хайх, аврах, гал унтраах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, холбоо зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэх, харилцан ажиллагаа явуулах, олон нийттэй харилцах, эрсдэлийн үнэлгээ хийх, шийдвэр гаргах зэрэг хувь хүнд чиглэсэн ур чадвар дээшилнэ.

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close