ЯрилцлагаАМГТГОнцлох

Х.Лхагвабаатар: Монгол улсын ураны нөөц дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой

АМГТГ-ын УУСХ-ийн Ашигт малтмалын баяжуулалтын техник, технологи, бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Х.Лхагвабаатартай ураны асуудлаар ярилцлаа.

-Ураны тухай уншигчдад тайлбарлавал?

-Дэлхийн царцдасын бүрхүүлийн хэмжээнд алтнаас 500 дахин, мөнгөнөөс 40 дахин их тархалттай далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон бусад чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагддаг ба бүүр таны амьдардаг байр, орон сууц, машин, нисэх онгоц гээд өдөр тутмын хэрэглээний гар утас телевизор, электрон бараануудад өргөн тархсан байдаг цацраг идэвхт шинж чанартай металл юм.

-АМГТГ “Цацраг идэвхт ашигт малтмал”-ын хувьд ямар асуудлыг хариуцан ажилладаг вэ?

-Монгол Улсын Их Хурлын 2009 оны зургадугаар сарын 25- ны өдрийн 45 дугаар тогтоолоор “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “Цөмийн энергийн тухай хууль”- ийг тус тус баталсан. “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийг 2015 оны хоёрдугаар сар 13- ны өдөр батлуулан мөрдөж эхэлсэнээр цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг бусад асуудлыг геологи уул уурхайн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газар хариуцан ажиллаж байна.

-Тусгай зөвшөөрлийг хэдэн ААН эзэмшиж байна вэ?

-Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу долоон аж ахуйн нэгж цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг эзэмшиж, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

-Нөөц баялгийн хэтийн төлвийн тухайд?

-БНМАУ, ЗХУ-ын /хуучин нэрээр/ засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу 1970 оны есдүгээр сарын 06- наас ураны геологийн судалгааг Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт төлөвлөгөөтэйгөөр төрөлжүүлэн судлах ажлыг ЗХУ-ын Геологийн яамны Монголын геологи-зураглалын экспедиц, эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад байгууллагууд гүйцэтгэсэн. Энэ ажил 1990 оныг хүртэл үргэлжилж геологийн их хэмжээний судалгааны ажил хийгдсэн бөгөөд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг агаарын геофизикийн судалгаанд хамруулсан байдаг. Монгол орны ураны 13 ордын хэмжээнд 192 орчим мянган тонн батлагдсан нөөц, 1.5 орчим сая тонн геологийн баялгийг тогтоогоод байна. Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн 47 улсаас эхний 11-дүгээрт орж байгаа ба дэлхийн нийт нөөцийн хоёр хувийг бүрдүүлж байна.

-Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал ямар байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу жил бүр хайгуулын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг ирүүлдэг. Энэ онд Сүхбаатар, Дорноговь, Дундговь аймгуудын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд зургаан аж ахуй нэгж геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

-Цацраг идэвхт ашигт малтмалын орд газруудын тухай яривал?

Монгол орны ураны нөөц нь дэлхийн ураны нөөцийн хоёр орчим хувь буюу дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой гэж тооцож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ураны олборлолт, боловсруулалт хийгдээгүй байгаа бөгөөд туршилтын олборлолтыг явуулж олборлолтын шатыг эхлүүлэхээр Монгол улсын Засгийн газараас холбогдох арга хэмжээг авч байна. Цөмийн энергийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегиийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулна.

Мөн 5 дугаар зүйлийн 5.2.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ. 5.3.Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ гэж заасан байдаг. Төрийн эзэмшилийн хувь хэмжээг эзэмшигчээр Монгол улсын төр, засгийн газрыг төлөөлж цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Мон- Атом төрийн өмчит компани орд газруудын тодорхой хувийг эзэмшиж тодорхой үйл ажиллагаа явуулаад багагүй цаг хугацааг өнгөрүүлсэн байна.

Ордуудын тухайд?

Зөөвч-Овоо ураны орд: “Кожеговь” ХХК-аас Зөөвч овоо ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг В+В/бус/+С+С/бус/ зэрэглэлийн хүдрээр 67,706.77 мянган тонн, ураны дундаж агуулгыг 0,023 хувиар тооцож Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн. Дэлхийн хэмжээнд томоохон ордод тооцогдож байгаа бөгөөд ийм хэмжээний орд сүүлийн 20 жилийн хугацаанд илрээгүй байсан юм. Тус ордыг Дулаан уулын ордын хамтаар ашиглах бөгөөд жилд 2050 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай ашиглах, боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулж байсан.

ХАЙРХАН УРАНЫ ОРД: “Гурвансайхан” ХХК-иас Хайрхан ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2009 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг “В+С” зэрэглэлийн хүдрээр 11791800 тонн, ураны захын агуулгыг 0,01 хувь, дундаж агуулгыг 0,071 хувиар тооцож, 8406,5 тонн ураныг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн.

ХАРААТ УРАНЫ ОРД: “Гурвансайхан” ХХК-иас Хараат ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2009 оны есдүгээр сарын 16-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг “В+С” зэрэглэлийн хүдрээр 28086304,1 тонн, ураны захын агуулгыг 0,01 хувь, дундаж агуулгыг 0,026 хувиар тооцож, 7288 тонн ураныг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн. ДУЛААН УУЛ УРАНЫ ОРД: “Кожеговь” ХХК-аас Дулаан уул ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2011 оны наймдугаар сарын 04-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг В+В/бус/+С+С/бус/ зэрэглэлээр 7,054.71 тонн ураныг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн.

ГУРВАНСАЙХАН УРАНЫ ОРД: “Гурвансайхан” ХХК-аас Гурвансайхан ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2012 оны долдугаар сарын 20-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг “С” зэрэглэлийн хүдрээр 12650,3 тонн, дундаж агуулгыг 0,034 хувиар тооцож, 4250,1 тонн ураныг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн.

ӨЛЗИЙТ УРАНЫ ОРД: “Гурвансайхан” ХХК-аас Өлзийт ураны тунамал ордын нөөцийн тооцооны тайланг 2012 оны наймдугаар сарын 07-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг “С” зэрэглэлийн хүдрээр 7843,9 тонн, дундаж агуулгыг 0,036 хувиар тооцож, 3075,7 тонн ураныг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд бүртгүүлсэн.

ДОРНОД УРАНЫ ОРД: Хуучнаар ЗХУ-ын нөөцийн комиссын хурлаар хэлэлцүүлж бүртгэж авсан бөгөөд С1+С2 зэргээр 56,865.0 тонн 0.154 хувийн агуулгатай, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн, өмнө нь ил болон далд аргаар олборлолт хийгдэж байсан. Тус ордын хувьд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөц нь бүртгэгдсэн.

ГУРВАНБУЛАГ УРАНЫ ОРД: Эмээлт майнз” ХХК нь Гурванбулагийн ордын хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэн Төв хэсгийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг 13,058.3 тонн В+С+С/бус/ зэрэглэлтэйгээр бодож 2011 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн нөөцөө бүртгүүлэх ажлыг хийсэн. Гурванбулаг ордыг ашиглах, боловсруулах техник засгийн үндэслэлийг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэелэлцүүлж батлуулсан ба судалгааны үр дүнгээс харахад Гурванбулаг ураны ордын хувьд вулканоген гарал үүсэлтэй, далд аргаар олборлох боломжтой, олборлолтын зардал өндөртэй ордод тооцогддог байна.

МАРДАЙН ГОЛ, НЭМЭР ОРДУУД: Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, нөөцийг ЗХУ- ын Ашигт малтмалын нөөцийн коммисс бүртгэж авсан. Дахин гүйцээх хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Адамс майнинг” ХХК хийж гүйцэтгэснээр нөөцийн тооцооллыг дахин боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж Мардай гол ордыг 1,948.0 тонн, Нэмэрийн ордыг 5,937.0 тонн бүхий нөөцтэйгээр бүртгүүлсэн байна.

УЛААНЫ ХОЛИМОГ МЕТАЛЛЫН ОРД: Тус орд нь ашигт малтмалын хувьд полиметаллын орд бөгөөд зэрэгцээ байдлаар ураны хүдрийн биет нь тогтсон байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын ашигт малтмалын нөөцийн коммисын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тогтоолоор 0.145 хувь агуулга бүхий 270 тонн ураны нөөц бүртгэж авсан. Ордыг эзэмшигч “Шинь шинь” ХХК, “Хунбөө” ХХК-иудын зүгээс ураны нөөцийн тооцоог дахин хийхээр төлөвлөж байгаа болно.

ДАЛТЫН УРАНЫ ОРД: Архангай аймгийн Өндөр- Улаан сумын нутагт орших Далтын ордыг Нуклер энержи Монголиа ХХК хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн ордын нөөцийг тооцоолж 0,032 хувийн дундаж агуулгатай хүдрээр В+С-51583,169, металлаар В+С-15518,11 гэж батлуулсан байдаг. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн н/123 дугаар тушаалаар уг нөөцийг бүртгэж авсанаас хойш тусгай зөвшөөрлийн маргаан үүсч орд ашиглахыг эсэргүүцсэн орон нутаг иргэний нийгмийн эсэргүүцлүүд тулгарч өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй байна.

ДУЛААН УУЛЫН ОРДЫН БАРУУН УРД ҮРГЭЛЖЛЭЛ: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших 188,83 грамм/тонн дундаж агуулгатай В+В/бус/+С+С/ бус/-288698,74 хүдрийн В+В/ бус/+С+С/бус/- 67706,77 металл ураны нөөцийг Монгол Францын хамтарсан Бадрах Энержи ХХК хайгуул хийж нөөцийг тогтоон ЭБМЗ хэлэлцэн хуралдаж дүгнэлт гаргаж АМГТГ-ын даргын 2013 оны гуравдугаар 28- ны 70-р тушаалаар хүлээн авсан байдаг. Энэхүү орд нь гарал үүсэл, орон зайн хувьд Дулааны ордын үргэлжлэл нэг хэсэг юм.

ЭНГЭР АР УРАНЫ ОРД: Лукрий ХХК Төв аймгийн Баян сумын нутагт орших эл ордын хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн нөөцийн тооцоолол үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлж 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн н/123 дугаар тушаалаар 0,05 хувь агуулгатай В+С- 188824,1 хүдэрт В+С-80,52 тонн ураны нөөцийг тус тус бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: http://www.postmedia.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close