Байгаль орчинНогоон АзиОнцлох

Төв аймгийн Баянхангай суманд “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайг байгууллаа

“Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайн нээлтийн арга хэмжээ, мод тарих өдөрлөг иргэд халуун дотноор өлгийдөн авлаа.- 

Төв аймгийн Баянхангай суманд /2022.09.30/ “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайг байгуулж, мод тарих өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт орон нутгийн иргэд, холбогдох байгууллагын 100 гаруй хүн оролцов.

Энэ үеэр Баянхангай сумын засаг дарга С.Баярмаа “Би Ногоон Ази ТББ-ын эхлүүлж буй энэ төслөөр дамжуулан сумаа Ногоон Баянхангай болгох зорилго тавьж байна. Төслийг амжилттай, тогтвортой хэрэгжихэд орон нутгийн засаг захиргааны зүгээс бүхий л туслалцаа дэмжлэгийг үзүүлэн ажиллана” гэлээ.

Солонгос-Монголын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн тэргүүн И Сон Гил энэхүү үйл явдалд оролцсон юм. Тэрбээр хэлэхдээ “22 жилийн турш тасралтгүй Монгол орны цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлэн иргэдийн бие даасан үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын хүч хөдөлмөрт талархал илэрхийлье. Баянхангай сумын засаг даргын хүсэл тэмүүлэл болон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоог өөрийн биеэр харлаа. Тиймээс нутгийн иргэд та бүхэн тарьсан модоо хайрлаж,  хамтран ажилласнаар энэ төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн урмын үгээ хэлсэн билээ.

Уг төслийг хэрэгжүүлэгч “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Шин Ги Ху хэлэхдээ “Бидний байгуулж буй “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайн эцсийн зорилго нь “Хэн нэгэнд үзүүлэхийн төлөөх төгөл” биш харин “Хамтдаа амьдрахын төлөөх төгөл”-ийг байгуулах юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд “Мод тарих” гэхээс илүүтэйгээр “Хүн тарих” нь нэн тэргүүнд тавигдах хэрэгтэй. Тиймээс цөлжилтийн улмаас амьжиргаа залгуулах эд хөрөнгөө алдсан орон нутгийн иргэдэд энэ төгөл шинэ итгэл бий болгоно гэж найдаж байна. Мөн тогтвортой “Атар хамтын төгөл”-ийг байгуулахын тулд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

Энэхүү “Атар хамтын төгөл” ойжуулалтын талбайг байгуулах ажлыг БНСУ-ын Ойн агентлаг болон БНСУ-ын ойн аж ахуйг дэмжих агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улс Төв аймаг Баянхангай сумын ЗДТГ-тай хамтран “Ногоон Ази сүлжээ” ТББ хариуцаж удирдан хэрэгжүүлж байна.   

“Атар хамтын төгөл” нь 2022-2027 оны хооронд хэрэгжих бөгөөд “Монгол орны иргэдийн оролцоотой цөлжилттэй тэмцэх ойжуулалтын талбай”-аар 100 га газар ойжуулалт болон мод үржүүлэг, нарийн ногоо тариалах ажил хийгдэнэ. Монгол орны цөлжилттэй тэмцэх ODA /Хөгжлийн албан ёсны тусламж/ төслийн бодлогын хэрэгжилтийн жишиг загвар боловсруулах, хил дамнасан шар шороон шуурга, нарийн тоос тоосонцрын эсрэг шууд хариу арга хэмжээ авах жишиг загвар бий болгох, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор уг ойжуулалтын талбайг байгуулж байна.

Улмаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, Монгол орны цөлжилттэй тэмцэх ODA/Хөгжлийн албан ёсны тусламж/ төсөл олон үе шаттайгаар хэрэгжин үр дүнд хүрэх юм. Хамгийн гол нь шар шороон шуурганы эх үүсвэр болсон нарийн ширхэгтэй тоос тоосонцрын нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохиролыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид  үзэж байна.

Улмаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, Монгол орны цөлжилттэй тэмцэж буй ODA /Хөгжлийн албан ёсны тусламж/ төсөл нь олон үе шаттайгаар хэрэгжин үр дүнд хүрэх юм. Хамгийн гол нь шар шороон шуурганы эх үүсвэр болсон нарийн ширхэгтэй тоос тоосонцрын нийгэм, эдийн засагт учруулж байгаа хохирлыг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид  үзэж байна.

Эх сурвалж: Ногоон Ази ОУТББ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close