Орон нутаг

Говь-Алтай аймгийн соёлын төвийн үйл ажиллагаатай танилцав

Соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийг бэхжүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд соёлын боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газар, Чандмань, Эрдэнэ сумын соёлын төвийн ажилтнуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр сумын соёлын төвийн удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн өнөөгийн байдлын талаар санал солилцож, цаашдын хөгжлийн төлөвлөлтийн талаар ажилтнууд саналаа хэлэлцлээ.

Ташрамд дурдахад Говь-Алтай аймгийн Чандмань сумын соёлын төв нь өнгөрсөн жил баруун бүсийн жишиг соёлын төвөөр шалгарсан ба Орон нутаг судлах танхим нь байгалийн, соёлын биет бус өвийн, баримтат өвийн, түүхийн гэсэн чиглэл бүрээр танхим нээж баяжилтыг тогтмол хийж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болохуйц байлаа.

Мөн Эрдэнэ сумын соёлын төвийн хувьд тухайн бүс нутагт амьдардаг ан амьтны чихмэлээр  байгалийн танхимын үзмэрээ баяжуулсан нь орон нутгийн иргэд болон тус сумыг зорин ирсэн гадаад, дотоодын  жуулчдад тухайн бүс нутгийн байгалийн тогтоц болон ан амьтны талаарх мэдлэгийг олгоход түлхэц болж байна.

Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, мэргэжилтэн Я.Орломсүрэн, СУИС-ийн Чанарын баталгаажуулалт, хөтөлбөрийн хорооны дарга Д.Одсүрэн, Монголын Үндэсний музейн “Музей судлалын мэргэжил, арга зүйн төв”-ийн дарга Д.Мөнхтогоо нар Говь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ сумдад ажиллалаа.

   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version