Өв соёлОнцлохОрон нутаг

Төгрөгчүүд 77 жилийн дараа төрсөн улсын цолтноо гурван өрөө байраар мялаажээ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас 77 жилийн дараа улсын цолтон төрж, олон түүхт ой тохиосон Үндэсний их баяр наадмаар эл нутгийн хүчтэн Ц.Бямба-Отгон урамтай сайхан барилдаж Монгол Улсын харцага цолтон болсон билээ. Тэгвэл Төгрөгчүүд шинэхэн харцага цолтондоо хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж, Ц.Бямба-Отгонд гурван өрөө байр, гараашны хамт гардуулж, 500 гаруй толгой хонь, адуугаар мялаажээ.

Мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, халх сур харваа, шагайн харваа, өсвөрийн бөхийн барилдаан болон шатрын тэмцээнийг зохион байгуулсан байна. Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүлж, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн бол улсын начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Л.Батсайхан нар шөвгөрчээ.

Төгрөг сумаас төрсөн улсын начин их, бага хоёр Т.Самдан хэмээх ижил нэрт ах дүү хоёр монгол үндэсний бөхийн түүхэнд тун содон бичигдэж үлдсэн байдаг. Тэднийг залгамжлан, нутгийн нэрийг дуудуулах гурав дахь улсын цолтон болж тодорсон Ц.Бямба-Отгонд хоёр Самданы үр удмынхан хүндэтгэл үзүүлсэн нь мялаалга наадмын бас нэгэн чимэг байлаа.

Мөн энэхүү наадмын үеэр энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд амжилттай оролцож багаараа дэд байрт шалгарсан Төгрөг сумын уугуул, улсын мэргэн Г.Наранбат, хошой мэргэн цолтон болсон Б.Борчулуун нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Мялаалга наадмыг зохион байгуулахад Төгрөг сумын Улаанбаатар хот болон Өвөрхангай аймаг дахь нутгийн зөвлөл, сум орон нутаг, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд идэвхийлэн оролцсон байна. Наадмын оройн цэнгүүнд МУГЖ дуучин С.Наран, Шар айраг хамтлаг, уртын дуучин Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин, З.Онон болон СТА дуучин П.Идэржавхлан, Д.Ганзориг тэргүүтэй Төгрөг сумаас гаралтай уран бүтээлчид хүрэлцэн очиж ая дуугаа өргөжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close