НийтлэлОнцлох

Хун ирэхийг хүлээнэ

/Таталбар/

…Миний амьдардаг байшингаас найман минутын зайтай цэцэрлэг дунд жижигхэн хиймэл цөөрмүүд байдаг. Хамгийн баруун талын жижиг цөөрөмд ногоон толгойт нугасны гэр бүл амьдардаг. Урьдын адил уйлган бороотой өдрүүдэд талхны саваа хоосолж ирээд, хэн нэгэн хатагтайн дурсгалд зориулан босгосон модон сандал дээр ганцаар сууж тэднийг хооллодог байлаа.

“Шувуудад хоол бүү өг” гэдэг анхааруулга чанх дээр байдаг ч хүн очихыг, гар хөдлөхийг андахгүй аяар зөөлөн нургиад байдаг тэднийг, ганц зүсэм талх үлдсэн ч шувуудад хадгалаад байдаг өөрийгөө яалтай. Надад тэднийг хорлох санаа үгүй, муудсан талх шиддэггүй. Бид зүгээр л аз жаргалаа солилцдог байсан юм. Тэгж суухдаа тэнгист нар жаргахыг, усны шувууд олон өнгөөр дуулалдахыг, хоол булаахдаа мэргэшсэн бүдүүн цахлай турьхан нарийн хөл дээрээ хэрхэн зэгзийн зогсохыг хардаг байлаа …

Тоймгүй алсын бодолд дарагдан, ургах нарны зүгт нуруугаа харуулаад сууж байтал Тосон нуурын толионоос өглөөн нар мандлаа. Алтран мэлтийх уулсын тэргүүн, нарны илчинд хөөгдөж сэмрэн, сэмжрэн нүүх цагаан үүлсийг эс харваас нар нуурын ёроолд жаргачихаад өглөөг угтан гарч ирж буй мэт үзэгдэх. Алсад усны шувууд ганганаж, гунганан, хажууханд үхэр, адуун сүрэг идээшилж, эргийн өтгөн өвс, ногоонд аалз хүртэл тороо нэхсэн нь байгалийн унаган төрхийг улам тодотгох ажээ.

Өглөө эртийн сэрүүн салхинд шагшуургын толгой дохилзон, саа хоргой судлаар бидэртэх энэ нуур хүний гараар бүтсэн. Энэрэл хайраар бүтээсэн нуур эхнээсээ л эх дэлхийн элгэнээс ургаж тогтсон мэт үзэсгэлэнт төрхийг олж зүйлийн шувууд, загас, жараахайн таатай өлгий болсныг харах гайхалтай юм.

Эргийн чулууных нь ширхэг бүрд сэтгэлээ ивж өрсөн “Тосон”-ийнхон хаврын хаварт гэгэлзэн хун ирэхийг хүлээдэг. Хос хун нууртаа ирэх өдөр, өндгөө дарах хоногуудын хүлээлт, өрвийсөн бор дэгдээхэйнүүдээ дагуулаад уран хүзүү сунган усны мандалд хөвөх мөчийг харах тоолон баяр баясал, гэгээн догдлолтой.

Яг л … Хунгийн сүрэг эргээд ирэхэд

Цасан дороос яргуй түрнэ

Хайрын сэтгэл чамайг үгүйлж

Насан туршдаа бодсоор явна… гэдэг дуу шиг. Гоо үзэсгэлэн, ариун хайрын бэлгэдэл хун шувуу хүний сэтгэлийг хөндөж, зүрхийг долгилуулах увдистай хэмээдэг. Магад, хос хунт энэ нуур олон залуугийн хайрын шивнээг намуухан толиондоо бөмбөрүүлэн тээсээр хэн нэгэн бүсгүйн зүрхэнд хүргэсэн биз ээ.

… Буцах хунгийн дуунаар сэрсэн

Буурал намрын цагаан шөнөөр

Анхны цасны ширхэг шигээ

Сормуус дээр чинь хайлах болно оо … энэ гэгэлгэн дуу шиг нуур, хун, хүн гурвын ээнэгших хугацаа даанч охор. Ус цалгитал хуугинаад дэвхийтэл хөөрдөг нуур нь захаасаа мөстөж нэг л өдөр намар ирнэ. Уйтгар гуниг, уясал, ухаарал дунд сэтгэлийг живүүлж орхиод уйтай гэгч нь ганганасаар нууртаа үнэнч хунгийн сүрэг буцах шувуудаас хамгийн сүүлд алсыг зорино.

Яг л буцах нислэгийн өмнөх өдөр, нэгдүгээр сарын усан бороог туучин ногоон толгойтын гэр бүлд шинэхэн бүтэн талх авч очсон шиг хоосныг үлдээгээд одно.

Гэхдээ ашдын одны сарууд өнгөрсөөр ахиад л хавар ирнэ. Жигүүрээ цуцтал дэвсээр нуураа санасан хунгийн сүрэг ирнэ. Сэтгэл дүүргэнэ. Хос хун ирэхийг хүлээе, хамтдаа.

Б.Будхүү

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close