театрФото сурвалжлагаFocus

“Хүн гөрөөс”-ний өчил

Зохиолч П. Баярсайханы “Хүн гөрөөс” жүжиг энэ удаагийн “Гэгээн Муза 16” олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Анх 1991онд УДЭТ-ын тайзнаа тоглогдож байсан бол 31 жилийн дараа “Bee theatre”-ын уран бүтээлчид мини  театртаа үзэгчдийн хүртээл болгов.  

Диваажин мэт үзэсгэлэнт ойн чөлөөнд хайр дүүрэн эрхэлж нялхамсах хос хоёр үзэгчидтэйгээ ярилцан, жүжгийн нэг хэсэг мэт харилцах нь сонирхол татам байсныг нуух юун. Гөрөөс агнасан Дэлэг халуун цусыг нь уувал эрүүл мэндэд сайн хэмээн Оюумаад уулгаж, хоёул азтай байгаагаа шагшиж, аз жаргал дүүрэн хэсэг хормуудыг өнгөрүүллээ. Гэвч төд удалгүй шархадсан нэгэн эрийг Дэлэг авчран майхандаа хэвтүүлж орхин хаа нэг тийш явах зуурт эмч мэргэжилтэй Оюумаа түүнийг  эмчлэхээр ороод гарч ирэхдээ үл таних хүний зүрх нь зогссон болохыг Дэлэгт хэлснээр уг жүжгийн хамаг ээдрээ эхэлнэ.

Үнэндээ тэр үл таних эр хайртай бүсгүй Оюумаагийнх нь нөхөр, хүүгийнх нь эцэг, анхны хайр нь байсан атал түүнд юу ч хэлэлгүй маш удаан хугацааг хамтдаа өнгөрүүлж,  хайртай, ханилна, амьдралаа зохионо гэж хэлсэн үгс нь ямар ч утга учиргүй мэт болж орхино. Дэлэг бухимдаж, байж ядсандаа архиа ганцаараа ууж, уураа барьж ядан аахилж, архирахаас наагуур том нүдээ эргэлдүүлнэ. Энэ мөчид үл таних эрэгтэй хэрхэн амиа алдсан, хэн алчихав гэдэг асуудал хайртай хоёрын хэн нь хэн бэ гэдгийг илчилж, хүн харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг нотлох мэт.

Энэ амьдралд хүн бүхэн харагдахыг хүссэнээрээ л байдаг мэт. Харин жинхэнэ үнэн нэг л өдөр шүүрэн шанагаар урсах мэт, үнэн худлын заагаар ээлжлэн гардаг. Тэр үед хэн нь буруу зөвийг шүүх эрхтэй гэдгээс илүүтэй хувь хүний мөн чанар, хүн чанарыг даван гарч чадах эсэхийг харуулна. Нөгөө талаар тэдний хайр хумхын тоос мэт замхран арилах нь үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай бий гэдгийг ойлгуулна. Гол дүрийн баатрууд энэхүү жүжгийн үйл явдлаа үзэгчидтэйгээ харилцан ярих байдлаар өрнүүлж, зэрэгцэн сууж, асуултдаа хариулт авахыг хүсэж байгаа нь магадгүй та бидний амьдралд ч хэлэхийг хүсдэггүй нууц байдгийг сануулах шиг.

Жүжгийн төгсгөлд Оюумаа салсан нөхрөө майхны доорх газарт нууцаар булж орхиод явахыг хүссэн ч Дэлэг “Бид хүн шүү дээ. Хүн гэм нүглээ өрөөлөөс нууж болох ч өөрөөсөө нууж тэсэхгүй. Зовлонг нь насаараа үүрэх болно. Азтай явах өдөр ирнэ” гэсэн итгэл тээсэн сэтгэлээр газар самардана.

П.Нарандэлгэр

Холбоотой мэдээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close