ЕрөнхийлөгчОнцлохНийслэл

“UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийтийн хөл бөмбөг” хөтөлбөрийн хүрээн дэх “UB cup 2022” хөл бөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлджээ.

Нийтийн эрүүл мэндэд анхаарч, хөл бөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү хөтөлбөр жил бүр хэрэгжих юм.

Тэмцээнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөл бөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг онцоллоо. Мөн нийслэлийн удирдлагууд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдардаг. Нийслэлийн зүгээс олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч, бодлогоороо дэмжин ажиллаж байгаа. Иргэд ногоон байгууламж бүхий спортын арга хэмжээ зохион байгуулах, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх талбайтай болохыг хүсэж байна. Тиймээс НЗДТГ-ын зүгээс есөн дүүргийн 16 байршилд ногоон байгууламжтай талбай байгуулах ажлыг бодлогодоо тусган, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөл бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудыг бие бялдрын хувьд хөгжүүлэх зорилготойгоор энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Цаашид хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулсан олон арга хэмжээг төлөвлөж байгаа” хэмээсэн юм.

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Монголын үндэсний эрэгтэй шигшээ баг энэ зургаадугаар сард Азийн аваргын бүсийн тэмцээнд тоглоно. Манай улс Палестин, Йемен, Филиппин улсын шигшээ багууд бүхий нэг бүсийг хариуцан зохион байгуулна. Харин үндэсний эмэгтэй шигшээ баг Европын хөл бөмбөгийн холбооны төслийн хүрээнд гадаадын багуудтай тоглоно” гэдгийг дурдлаа.

“UB cup 2022” тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй “хаан спорт” гэдгийг онцоллоо. “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн техник, уран чадварыг зааж сургах мэргэжлийн багш нарын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно. Мөн хөлбөмбөгөөр хичээллэгч хүүхэд, багачууд клубээрээ дамжуулан “Үндэсний шигшээ баг”-т тоглох, мэргэжлийн өндөр чансаатай тамирчид төрөн гарах, эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв.

“НИЙТИЙН ХӨЛ БӨМБӨГ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
  • Ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулах;
  • Олон улсын тэмцээн зохион байгуулах стандарт хэмжээ, шаардлагыг хангасан хөлбөмбөгийн талбайг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулах;
  • Хөлбөмбөгөөр дамжуулан дэлхий дахинд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, хөлбөмбөгийн спортыг дэмжих “Хамтын ажиллагаа, түншлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • 21 аймаг, 9 дүүргийн шигшээ баг оролцдог “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх;
  • Ерөнхий боловсролын сургуулиудад “Дасгалжуулагч багшийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version