НийгэмЭдийн засагОнцлох

330 сумын ИТХ-ын дарга, НБД, татварын байцаагч нар сургалтад хамрагдлаа

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хамт олон ээлжит цахим сургалтаа /2022.04.22/ зохион байгууллаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сангийн яам болон Татварын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт цахим сургалтад нийт 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, татварын байцаагч нар хамрагдсан байна.

Төслийн баримт бичигт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн Төлөөлөгчийн Хурлын журам, зохицуулалтыг Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нийцүүлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон олон малчид, нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шинээр тогтоосон татварын орлогыг бэлчээрийн менежментийн хэрэгцээтэй уялдуулан зарцуулахад чиглүүлэхэд хурлын төлөөлөгч, холбогдох байгуллагын анхаарлыг хандуулж, уялдаа холбоог хангах,  цаашдын чиглэлийг тодорхойлох гэж заасныг хэрэгжүүлэхэд энэхүү цахим сургалтын зорилго оршиж байгаа аж.

Сургалтын үеэр Малын тоо толгойн албан татварын тухай хууль, “Малын тоо толгойн албан татвар ногдуулах, төлөх тайлагнах журам”-ын хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл хийсэн бол Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг захиран зарцуулах журмын талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсээс мэдээлэл хийж, оролцогчдын асуултад хариулж, харилцан ярилцлаа. Сургалтад оролцогсдын идэвх оролцоог хангах үүднээс нийт 21 аймгийн 330 сумын 1000 гаруй оролцогчдыг бүсчлэн гурав хувааж бүтэн өдрийн турш зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Дашрамд дуулгахад, Засгийн газрын Хэрэг эрхлэх газаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах зүйлийн талаар ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close