Кино урлагОнцлохЧөлөөт цаг

Кино урлаг: “Новшийн ертөнцийн төгсгөл” цувралын тухай

“Новшийн ертөнцийн төгсгөл” (The End of the F…king world) цувралын тухай танилцуулж байна.

Найруулагч:  Жонатан Энтуизл (Jonathan Entwistle) and  Люси Черниэк (Lucy Tcherniak)

Төрөл: Дарк комеди цуврал

Зохиолч: Чарли Ковелл (Charlie Covell ) -Чарльз Форсман (Charles Forsman)-ий ижил нэрт мини комикоос сэдэвлэн бичжээ. 

Он: Нэгдүгээр улирал 2017 он, Хоёрдугаар улирал 2019 он

Их Британийн Chanel4 сувгаар анх гарч, олон улсад Netflix-ээр түгсэн тус цуврал одоогийн байдлаар 2 улирал гарсан, улирал тус бүр 8 ангитай. Агуулга нь сэтгэл зүйн асуудалтай Жеймс нэрт 17 настай хүү, Алиса хэмээх охин хоёрын хайр сэтгэлийн талаар өгүүлнэ.

Гол дүрд: Алекс Лоутер (Alex Lawther), Жессика Борден (Jessica Barden) нар тоглосон. Тэд оршихуйн том том асуултуудтай, түүндээ өөрсдийнхөөрөө хариулж улмаар ертөнцийг, оршихуйгаа ч үзэн яддаг мэдрэмжээ хэвийн бус аргаар илэрхийлдэг өсвөр насны хүүхдүүдийн дүрийг маш сайн гаргасан юм.

Цуврал шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан буюу Metaritic эхний цувралыг 81%, хоёр дахь улиралыг 71%, Rotten Tomatoes   эхний улиралыг 96%, хоёр дахь улиралыг 91% гэж дүгнэжээ. “Primetime Emmy awards”, “British television awards” гэх мэт нэр хүндтэй наадмуудад хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, ялсан телевизийн шилдэг цувралуудын нэг юм.  

Нэгдүгээр улирал

Жэймс, Алиса хоёрт ертөнц таалагдахгүй байсан юм. Хэн ч тэднээс асуулгүй энэ новшийн хорвоод төрүүлчихсэн, амьдрахаас аргагүй болсондоо бухимдаж байлаа.

Нугас хооллох дуртай байсан Жэймс муур алах болсон, цаашлаад хүн алахыг хүсдэг болжээ. Түүний нүдэн дээр ээж нь амиа егүүтгэхэд юу ч хийгээгүйдээ гэмшдэг ч үүнийг жинхэнээсээ хүлээн зөвшөөрч, асуудал хэмээн тодорхойлж чадаагүй юм. Тиймээс өөрийгөө юу ч мэдэрдэггүй гэдэгт итгэнэ. Муур алахад, ахиад л алахад, ахиад л…халуун тосонд гараа хийхэд л “мэдэрдэг”.

Түүнийг хайрлах эхийнх нь хайр хүнээс хамааралтай, хэрвээ сонгох хэрэг гарвал тэр хамгийн сүүлийнх нь сонголт гэдгийг, бүр хөгийн амьтан хойд эцгийнхээ дараа орно гэдгийг маш сайн мэддэг Алиса “новшийн” ертөнцөд уур бухимдлаа илэрхийлж, түүгээрээ л амьд явдаг. Тэр ингэж өөрийн оршихуйгаа, өөрийгөө бусдын адил орон зайтай хүн гэдгээ мэдэрдэг юм. Алиса бусдын дургүй хүргэхдээ сайн. Дуртай биш л дээ. Заримдаа ингэж болохгүй гэдгийг мэддэг ч, хийчихдэг. Гэмшдэг, гэхдээ хэнд хамаатай юм. Төрсөн өдөр болгоноор нь мэндчилгээ явуулдаг эцэг нь л түүнд хайртай ганц хүн байх.

Бүх утгагүй зүйлийн хариулт нь эцэг нь учраас  түүн рүү явахаар шийднэ.

Жэймс түүнийг ойлгох юм шиг санагдсан нь онож. Тэр хэзээ ч үгүй гэдэггүй, тэрнийг юу гэх бол гэж бодох шаардлагагүй.

Хамт явцгаая!

Тэгье!

Тэд хамт байхдаа тухтай байдаг. Харин энэ тухтай байдал Алисаг хүчирхийлэхийг оролдсон гаж донтой профессорыг хөнөөснөөр жинхэнээсээ мэдрэгддэг ямар нэгэн зүйл болно. Профессор Клайв “Экзистенциалист гарц” (Existential exit) хэмээх номын зохиогч байсан. Түүнийг хөнөөснөөр Жэймс, Алиса хоёрын амьдралыг, оршихуйг харж байсан өнцөг, ертөнцийг “новш” хэмээн үзэн яддаг байсан нь төгсгөлдөө хүрнэ. Тэд өөрийгөө золиослож чадах, эцсээ хүртэл хамт явж чадах хайртай учирчээ. Бүх хариулт нь хэмээн найдаж зорьж очсон эцэг нь өөдгүй амьтан байж таарсан ч тэр. Хамтдаа байхдаа өөрсдийгөө олж чадсан учраас энэ бол утга учир.

Хоёрдугаар улирал

Үүнд Жеймс, Алиса хоёр дээр Бонни гэх дүр Цувралын энэ улиралд Бонни гэх эмэгтэй нэмэгдэж орж ирнэ. Боннид Наоми Эки (Naomi Ackie) тоглосон юм.

Олон жилийн дараа Алиса амьдарсаар байгаа ч дотроо хэдийнээ үхчихсэн байдаг. Тэр Жэймсийг алдсан. Жэймс түүнийг алдсан гэвэл ч зөв юм уу. Ямартаа ч тэд салснаар хамт байхдаа олж авсан өөрийгөө сэтгэл дотроо булшилчихсан. Алисад одоо юу ч хамаагүй. Сургуулиа хаях, гэрлэх. Яг энэ үед Жэймс гарч ирнэ. Тэр өөр доторхи Алисад хамаарах хэсгийг амьд үлдээж чаджээ. Тиймдээ л заналхийлсэн сум ирэхэд өөрөөсөө түрүүлж Алисаг боддог.

Энэ сум тэдний хөнөөсөн профессор Клайвын амраг бүсгүй Боннигоос ирсэн байдаг. Дурлалдаа таг сохорсон Бонни Клайвыг бурханчлан үзэж, түүний төлөө бүхнийг хийнэ. Тэр багаасаа  асуудлыг хэрхэн шийдэхийг мэдэж авчээ. Хэн түүнд муу зүйл хийнэ, түүнийг шийтгэх хэрэгтэй.

“Хайр дутуу хүн хайрыг мэддэггүй учраас амархан мэхлэгддэг. Ерөөс бодитоор оршихгүй зүйлд итгэж, өөртөө худлаа хэлсээр байдаг”.

Гаж донтон профессорын ээлжит нэгэн золиос л байсан тэрээр түүнийг үнэхээр өөрт нь хайртай гэж бат итгэжээ. Үүнээс л бүх зүйл болсон.

Жэймс, Алиса хоёр хайр гэдгийг мэднэ. Тиймээс Бонниг аварч чадна. Тэд дахин хамтдаа болжээ.

Сүүлийн үед өсвөр наснынхны цувралыг бидний урьд үзэж дассан хэлбэрээр биш хамаагүй хүнд, оршихуй, хорвоо дээрхи өөрийн байр сууриа олох тэмцэл, дотоод зөрчил, сэтгэлзүйн асуудлуудыг илэн далангүй харуулах болсон. “Новшийн ертөнцийн төгсгөл” (The end of the f…ing world) ч бас түүнийг тойроогүй бөгөөд бүр давуулан биелүүлжээ. 2018 онд гарсан цуврал үзэгчдэд өндрөөр үнэлэгдэж, дараагийн улиралыг нь хүлээж байгаа ч зохиолч, продюссер Ковел цувралыг ингээд дуусгасан нь дээр гэж үзэж буйгаа хэлсэн нь харамсалтай. Гэвч, үзэгчдийн хувьд гол дүрийн хоёр аз жаргалтай төгсгөлдөө хүрсэн ч гэсэн өөр гол дүрүүдтэй эргэж ирнэ гэж найдсаар байгаа билээ.

Н.Батчимэг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close