Байгаль орчинНийслэлFocus

Ж.Батбаясгалан: 120 сая мод тарихад иргэд, ААН-тэй хамтарна

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” зөвлөгөөнийг өнөөдөр зохион  байгууллаа. Нэг тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэл хот 120 сая ширхэг мод тарих гэрээг өнгөрсөн онд БОАЖЯ-тай байгуулсан.

Гэрээний хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн одоо байгаа ногоон байгууламжийн хэмжээ, 120 сая ширхэг модыг Улаанбаатар хотын хаана, ямар байршилд төлөвлөх, ногоон байгууламжийн чанар стандартыг хэрхэн хангуулах, тарьц, суулгац, үр үрсэлгээний чанарыг анхаарахаас гадна төслийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, мод тарих санал санаачлага гаргаж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг татварын бодлого болон бусад хэлбэрээр урамшуулах урамшууллыг системд шилжих, дагасан ажлыг байрыг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс, төр хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож  асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Тэрбум мод хөдөлгөөн бол эх дэлхийгээ унаган төрхөд нь оруулах, уур амьсгалын нөлөөллөөс хамгаалах, Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх  гэсэн үндсэн 3 суурь бодлогын хүрээнд хэрэгжих үндэсний хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө юм. Бидний өмнө тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол зэрэг олон асуудал хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд Нийслэлд 120 сая ширхэг мод, ногоон байгууламж хийгдэнэ. Хэрэгжилтэнд иргэний оролцоо, төрийн харилцаа яаж үр дүнтэй хорших вэ гэдэг асуудал чухал. Иргэд, аж ахуйн нэгжийнхээ оролцоог татварын бодлого, эдийн засгийн хөшүүргээр хэрхэн зөв дэмжих вэ гэдэг асуудал бодлогын цөмд байх ёстой. Энэхүү зөвлөгөөнөөс үр дүнтэй гарц гаргалгаа гаргаж дэлхий нийтэд чиглэсэн амлалтандаа хүрэхийн төлөө иргэн бүр идэвх санаачлагатай оролцож, Улаанбаатар хотдоо 120 сая ширхэг модоо тарьж хэдэн тэрбумаар тоологдох модтой ногоон улс болохын төлөө хамтдаа зүтгэе”…гэсэн юм.

 Зөвлөгөөний үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар “ …Манай улс уур амьсгалын нөлөөлөлд хамгийн их хувьтай нэрвэгдсэн. Нийт газар нутгийн 76 хувь цөлжсөн тооцоо гарч байгаа. Энэхүү үндэсний хөдөлгөөн нь экологи, эко системээ хамгаалахаас гадна ажлын байрыг дэмжсэн эдийн засгийн үр өгөөжтэй мега төсөл болж хэрэгжих учиртай. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсвийн дэмжлэг чухал. Иймд ДНБ-ий 1 хувийг ойн салбарт зарцуулдаг байхаар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихаар зэхэж байна”  гэсэн мэдээллийг өгсөн бол  БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ “Хотын хөгжил ногоон хөгжлийн бодлого цогц байх ёстой. Яамны зүгээс иргэд аж ахуйн нэгжээ эдийн засгийн хөшүүргээр хэрхэн дэмжихэд чиглэсэн стратеги боловсруулж байна. Ойрын хугацаанд энэхүү стратеги тодорхой болно” гэлээ.

Нийслэл хот 2030 он хүртэл 12.9 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая, иргэн аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая, нийт 120 сая мод тарьж ургуулах юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close