Орон нутагFocus

“Өвсний үндэс” төслийн 578 дахь нь Дархан суманд хэрэгжинэ

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав. Тодруулбал, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням оролцов.  

Төслийн нэр: “Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий Боловсролын 12-р сургуулийн засварын төсөл”  

Уг төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий Боловсролын 12-р сургуулийн дотуур байр болон сургуулийн барилгын засварын ажил хийгдэх юм. Тус сургуулийн барилга нь удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч дулаан алдагдаж нийт 400 сурагч болон 54 багш ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд ихээхэн хэмжээний хүндрэл учруулж байсан. Засвар хийгдсэнээр сургуулийн сурагчид эрүүл тохилог орчинд сурч хүмүүжих боломжтой болно хэмээн найдаж байна.  

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 578 дахь, Дархан-Уул аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байгаа юм. Энэхүү төслийн санхүүжилт олгогдох төсвийн дээд хязгаар нь 615 сая төгрөг юм.  

(*1) Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.  

Эх сурвалж: Японы ЭСЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close