Байгаль орчинФото сурвалжлагаНийслэл

Тэрэлжийн ой хүр хорхойд идэгдэж байна

Монгол Улсын ойн сан нийт газар нутгийн 8 орчим хувийг л эзэлдэг. Жилээс жилд ой хээрийн түймрийн уршигаар улам бүр багасч буй. Тэгвэл ой санг устаж үгүй болоход нөлөөлж буй хүчин зүйл нь хүр хорхой буюу бидниЙ нэрлэж заншсанаар цагаан эрвээхий. Ард иргэд түүнийг дэнгийн эрвээхий хэмээн нэрийддэг бөгөөд нүүдэллэсэн үед нь өөрсдийгөө болон гэр орчиндоо оруулахгүй сэргийлж чаддаг. Гэтэл уг эрвээхий ойд эзэн сууж жилээс жилд ойн санг хэдэн хянган га гаар нь устгаж, сүйрүүлэх ажлыг хийдэг ажээ.

Монгол Улсын аялал жуулчлалын томоохон төв гэгдэх Тэрэлж орчмын ойн нэгээхэн хэсэг хүр хорхойд идэгдсэн талаарх орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу өчигдөр Байгаль орчны иргэний зөвлөлийн хамтаар очиж сурвалжилсан юм. Биднийг очиход Тэрэлжийн төв хэсгээс холгүйхэн байх ойн нэг хэсэг бүхэлдээ харлаж хөхөрч угтсан бөгөөд модруу очиход хүр хорхой тэр хавийн бүх модонд шигдэж, ногоон ойг бүхэлд идэж устгасан байв. Ингээд орон нутгийн иргэд болон холбогдох албанхантай ярилцсанаа хүргэе.

Ц.Нямдэлгэр: Нэг эрвээхий 150-200 өндөг гаргадаг

/Налайх дүүргийн 6 хорооны иргэн/

Би Тэрэлжийн ууган оршин суугчдын нэг. Аялал жуулчлалын зорилгоор гэр буудал ажлуулдаг. Бид байгалийн сайханд түшиглэж л өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай хорооны Засаг дарга хогны асуудлыг шийдэж байна, одоо ойн хортон шавьжийг устгахаар зорьж байгааг холбогдох албаныхан нь анхааралдаа аваач ээ. Энэ ой энэ хавраас л ийм болчихлоо. Ой руу ороход хөл гишгэх зайгүй шахам битүү хүр хорхой дүүрсэн байдаг. Ойг сүйтгэж буй хүр хорхой нүүдэл баруунаасаа зүүн рүү шилжиж байна. Ингээд үргэлжлээд байвал ой моднууд минь бүхэлдээ дахин ургахгүй сүйдэх нь.

Хавар онгоцоор хор цацсан л гэсэн зөвийг цацсан юм уу бурууг цацсан юм уу мэдэхгүй. Ойг ингэж үхүүлчихээд мод бэлтгэлийн ажил хийдэг юм болов уу ч гэж нутгийнхан хардаж байна. Үнэхээр төсөв мөнгө зардал нь хэцүү байдаг бол багахан төсөв гаргаад орон нутгийн ажилгүй иргэдийг дайчилвал ажиллах хүн зөндөө л бий. Энэ авгалдай зам дээгүүр хүртэл мөлхөөд явж байдаг. Орон нутгийн иргэдтэй хамтраад гараар шүршдэг хор байвал шүршинэ. Энэ нутаг усанд төрж өссөн хүмүүс л байгаа.

2008 онд хүмүүс гараараа түүж самар цохиж байгаа юм шиг мунддаг байсан. Нэг кг шавьжийг тэдэн төгрөгөөр авна гээд арга саначлавал хийх хүн зөндөө бий. Сэтгэл л дутаад байна. Хүний нүдэнд хор цацсан харагдавч үр дүн муу байна. Мод идэгдчихээр гол ус ширгэнэ. Аялал жуулчлалын энэ бүсэд ингээд мод нь хорхойд идэгдчихвэл хэн ирж байгалийн сайхныг харна гэж ирэхэв дээ. Бид байгалиа түшиглэж л амьдралаа залгуулдаг хүмүүс. Ой мод, байгальгүй бол бид хэн юм. Ойг сүйтгэж дуусаад нүүдэллээд зүүн тал руу хадны завсар битүү өндөглөсөн байгаа. Нас бие гүйцсэн эрвээхий хөвөн шиг зүйлээр өндөгөө хучиж орхиод өөрөө үхдэг.

Өндөгийг устгахаар оролдоход тэр нь бужигнаад харшилтай болгодог гэсэн. Өндөг нь томроод авгалдай байх хугацаандаа ойг ингээд сүйтгэчих юм. Далайд дусал нэмэр гэгчээр авгалдайг харагдвал ганц нэгээр нь ч гэсэн алаад л явдаг. Яагаад гэвэл нэг эрвээхий 150-200 ширхэг өндөг шахдаг юм билээ. Би тоолж үзсэн. Тэр хэмжээгээр энэ шавьж өсөж үржиж ойг сүйтгэх учраас хурдхан л арга хэмжээ аваасай гэж хүсэх юм.

Ц.Болд: Хавар цацсан хор үр дүнгүй байна гэж

мэдэгдсэн ч хариу ирсэнгүй

/Налайх дүүргийн 6 хорооны Засаг дарга/

Манай хороонд аялал жуулчлалын гэр бааз ажлуулж байгаа 10 гаруй л иргэн байгаа. Орон нутгийн иргэдийг аялал жуулчлал эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьдог нойлын асуудыг шийдэж, шаардлагтай стандартыг хангуулж ажиллуулж байна. Гэтэл орон нутгийн иргэд л байгаль сүйтгээд байгаа мэт ярьж байна. Жилээс жилд байгаль орчин сүйдэх нь аялал жуулчлал эрхэлж байгаа хүмүүст нөлөөлнө. Байгаль орчин гэдэг нэг ширхэг бутнаас, нэг ширхэг чулуунаас л эхэлнэ. Тусгай хамгаалалттай газар нутаг манай хорооны бүсэд хамаардаг. Горхи Тэрэлжийн хамгаалалтын бүс дэх төрийн анхан шатны нэгж нь хорооны засаг дарга учраас төрийн байгууллагатай хамтран ажиллахаар зорьж явна.

Хавар энэ ойд хор цацсаны дараа Тусгай хамгаалалтын газар, Байгаль орчны яаманд “Үр дүн муу байгаа” талаар албан бичиг явуулсан хариу ирээгүй байна. Төрийн байгууллагын хариу өгөх хуулийн хугацаа хэтэрсэн ч хөрөнгө мөнгөний асуудлаа шийдээд бороо хур татарсан энэ үед ирэх байх гэж итгэж байна.

С.Содов: Монголчууд өөрсдөө хийсэн хорыг цацсан,

ямар ч үр дүн алга

/Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч/

Энэ ой хүр хорхойд идэгдээд одоо ингээд дуусаж байна. Хавар тендэрээр шалгарсан компанийн төлөөлөл гээд ирсэн хүмүүс “Манай монголчууд өөрсдөө хор хийлээ. Танайд анхны туршилтын хорыг цацлаа. Тухайн үед жижиг авгалдай нь үхсэн . Томууд нь үлдсэн байна. Хорны үр дүн бага байна гэж хариу мэдээлэхэд “Бид үүнээс цааш өөрсдийн зохиосон хорыг лашиглана” гэсэн. Хороо солих шаардлагатай байна. Миний ажиллах хугацаанд гурван удаа хор цацсан. Хоёр дахь удаа цацсан хятадын хор их үр дүнтэй байсан. Гэтэл энэ удаад цацсан хор үр дүнгүй байснаас гэмтэж үхсэн ой 4000-5000 га болсон байна. Хор биш тэжээгээд дэлгэрүүлчихэж байна л гэж харж байна. Аялал жуулчлалын бүсийг зорьж байгаа жуулчид байгалын сайханд л татагдаж ирж байгаа шүү дээ. Ингээд ой нь сүйдчихвэл хэцүүхэн л юм болох нь.

З.Болдбаатар: Хор биш ус цацсан гэж хардахаар байна

/Байгаль орчин иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Байгаль орчны улсын байцаагч/

Монголын байгаль орчны иргэний зөвлөл орон нутгийн засаг захиргаа, иргэдийн хүсэлтийн дагуу Байгаль орчны яамны судалгаа шинжилгээний албанаас судалж ойн хортонтой тэмцсэн гэх газар нутагт ирж үзлээ. Энэ бол Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн орчимд байрладаг Хар горхийн нутаг. Хортон шавьжийг хэзээ устгахаа Байгаль орчны яам судалж байж шийдвэр гаргасан нь мэдээж. Тавдугаар сард 2800 га газарт тэмцлийн ажил хийсэн гэж байна. Хамгийн гол нь үр дүн ямар байгааг та бид харж байна. Хор цацсан бол хоёр сарын дараа хортон шавьж устсан байх ёстой. Гэтэл улам бүр хүрээгээ тэлсэн байна.

Хийсэн компанитай нь хариуцлага тооцох хэрэгтэй. Үр дүнгүй байна, ямар хороор яаж хийсэн юм. Хийсэн ажлынх нь ардаас холбогдох албаныхан нь хяналтаа муу тавьсан байна. Үнэхээр үр дүнггүй байгаагаас харахад ус цацсан ч юм билүү гэж хардахаар байна. Би хэтрүүлж байж болно. Стандартын дагуу мэргэжлийн байгууллага нь хийсэн бол энэ ой ийм болох ёсгүй. Битүү авгалдай модонд шигсэн байна. Эндээ өвөлжөөд ирэх жил нүүдэллээд дахиад шинэ газрын ойг сүйтгэнэ. Бид мод тарих гэж их цаг, мөнгө зориулдаг. Түүний оронд төрийн бодлогоор одоо байгаа ой модоо хадгалж хамгаалж үлдмээр байна.

Боловсон хүчин, мэргэжлийн хүн хэрэгтэй байна. Уг нь энэ шавьжийг өндөг байхад нь устгах ёстой. Одоо нэг авгалдай нь эрвээхий болоод, тэр нь 150-200 өндөг гаргаад л үржээд явна. Тэгэхээр энэ ой хэдхэн жилийн дараа л устана. Тиймээс “Хортонтой тэмцэх ажлаа үр дүнтэй явуулаач ээ” гэж төр засгаас хүсч байна. Энэ ажлыг Байгаль орчны яам анхааралдаа аваач ээ. Хорхойд идэгдсэн мод ирэх жил ургахгүй, ингээд л дуусна. Насжилтыг нь харахад 40-80 жилийн настай моднууд байна. Бид ийм ногоон ойг дахин ургуулах гээд ямар их цаг хугацаа, мөнгө зарлагдах вэ гэдгийг л мартаж болохгүй.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close