Байгаль орчинФото сурвалжлага

Тэрэлжийн ахмадууд аялагчдын үлдээсэн хогийг цэвэрлэдэг

Налайх дүүргийн зургадугаар  хороо буюу Тэрэлжийн байгалын үзэсгэлэнт цогцолборыг зорих гадаад,   дотоодын жуулчид нэмэгдэж, улмаар тухайн бүсэд амралтын газрууд төдийгүй оршин суух айл өрхийн тоо жил ирэх бүр өсөх болсон. Суурьшлийн бүс нэмэгдсэнээр байгаль орчны бохирдлын асуудал давхар сөхөгддөг нь нууц биш.

Тэгвэл Тэрэлж орчмын хог хаягдлын асуудлыг шийдэхээр уугуул оршин суугчид санаачлан “Тэрэлж Туул” ТББ  байгуулан өөрсдийн хүчээр аялагч амрагчдын үлдээсэн бүгдийг цэвэрлэх ажлыг хийдэг байна. Тодруулбал, Налайхаас Тэрэлж явах зам дагуу үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл тус төрийн бус байгууллагын гишүүд болох гурван хүн зам дагуух болох уулын энгэр хүртэлх талбайд байх хогийг ангилан түүж шуудайлан орхино.

Уг хогийг хувийн жижиг ачааны машиндаа тээвэрлэн Тэрэлж амралтын ойролцоох төвлөрсөн хогийн цэгт нийлүүлэх ажлыг мөн л уугуул иргэд өөрсдийн сайн дураар хийдэг ажээ. 2017 оны зургадугаар сараас эхэлсэн тус ажлыг Дүүргийн засаг дарга, хорооны дарга нар дэмжин гурвалсан гэрээ байгуулснаар ажил хэрэг болсон байна.

Х.Мөнхөө: Хогоо цонхоороо битгий хаяач ээ

/Налайх дүүргийн 6 хорооны иргэн/

Хангай дэлхийгээ цэвэрлэж байгаа болохоор сайхан л байна. Бид зөвхөн зам биш уулын хормойгоор задгай талбайтай нь цэвэрлэж байна. Анх эхэлж түүж байхад хур хог их байсан одоо цэвэрлээд  яваа болохоор ард иргэд цэвэрхэн замаар явах сайхан байгаа болов уу.  Ер нь халуун өдөр л хөдөлж явахад их хэцүү байдаг.

Тэрэлж хүртэлх 40 орчим км газрын хогийг гурвуулаа цэвэрлэж байгаа. Өдөр болгон  өглөөнөөс эхлэн  түүж, шуудайлж орхиход араас портероор ирж ачаад төвлөрсөн хогийн цэг рүү аваачдаг. Заримдаа өдөрт 20-30 аад шуудай  хог гардаг. Ажлын цагаа дуусгааад маргааш нь үргэлжлүүлээд түүдэг.

Хэдэн өдөр явж зам дагуух хогоо бүтэн түүгээд дуусгачихаад анх эхэлсэн замаасаа дахиад л эхлэхэд хогтой л байдаг.  Тиймээс хүмүүсээ хогоо цонхоороо битгий хаяач ээ, ядаж л тамхины ишээ битгий хаяж байгаач ээ л гэж хүсмээр байна. Хамгийн гол нь та бүхний цүнх саванд багтаад ирсэн хоол хүнсээ хэрэглээд уут савыг нь аваад явдаг байх юм бол бидний ажил хөнгөрнө. Үнэндээ хөгшчүүл бид гэртээ ач зээ нартайгаа байх цаг хугацаагаа гадаа, нар салхинд гандаад хог түүж явна шүү дээ.

Н.Цээсүрэн: Манай ахмадууд цалин мөнгөгүй л ажилладаг

/Тэрэлж Туул ТББ –ын тэргүүн/

Би Тэрэлжийн унаган иргэн.  Бидний үед энэ байгаль үнэхээр сайхан байсан. Болд дарга маань энэ хорооны засаг дарга болж бид хамтран ярилцаад зургадугаар сарын 15-наас ажлаа эхлүүлсэн. Налайх дүүрэг чинь нийслэлийн том дүүргүүдийн нэг. 80 гаруй мянга  га талбайтай.

Түүний 26 га нь манай хорооных. Тэрний 16 га нь нийтийн эзэмшлийн зам талбай.  Хаа хамаагүй хог хаясан нийтийн эзэмшлийн зам талбайг анхаарах хүн байхгүй, хяналтгүй болсон байсан.  Мөн Тэрэлж орчмын 300 гаруй өрх, 100 гаруй ААН-ын хогийг ачихаар гэрээгээ өөрчлөөд явж байна.

Ажиллах хүч цөөхөн хүн нэмье гэхээр цалин нэмж өгөх боломжгүй л байна. Гэхдээ манай хүмүүс энэ нутгийхан, бүгд сэтгэлээрээ л ажиллаж байна.  Дүүргийн ТҮК-д ачаалал их санхүүжилт бага тул хүмүүсийнхээ цалин мөнгийг авч чадаагүй хэдэн сар болж байна. Нийслэлийн ИТ, Хот тохижилтын газартай ярьсан. НИТХ-ээр хэлэлцэж, дүүргээр бас хэлэлцэгдээд дараа нь л бидэнд цалин ирэх юм байна лээ. Гурван ачигч, гурван жолооч, хог түүдэг гурван хүнтэйгээ сайн дураараа л ажиллаад байна.

Өөрсдөө мененжментээ хийнэ гэхээр  айл өрхийнх нь цахилгааны мөнгөтэй хамт “Цахилгаан  шугам сүлжээ” ТӨХК рүү орчихдог,  ААН-ийн хогны мөнгө нь дүүргийн татварын албанд ордог.  Энэ бүхэн ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Сая Хог хаягдлын шинэчлэгдсэн хуулийн дагуу хөрөнгө оруулалтын байгууллагууд болон тусламжийн байгууллагуудад хандсан.  Манай жолооч Баясгалан гуай шиг өөрөөсөө мөнгөө гаргаад машиндаа түлшээ хийгээд хогийг ачаад явдаг хүмүүс тусалж байна.

Манай хүмүүс 06 цагт гараад өдөртөө 30-50 шуудай хог гардаг. Ихэвчлэн архи пивоны сав, памперс нойлын цаас, тамхины иш, ариун цэврийн цаас байдаг. Айл  өрх, албан байгууллагууд ойр орчмын  50 мертээ цэвэрлээд үлдсэнийг нь бид хийдэг. 20 гаруй хогийн цэгийг устгаж, модны хулгайчдын орхисон авч явж амжаагүй жижиг шургаагийг ашиглан төвлөрсөн таван цэгийг бий болгосон. Баяр наадмаар хүмүүс амарч байхад бид хогийн цэгийг бий болгох ажлыг хйиж байсан. Мэдээж бэрхшээл байгаа ч бид хичээж байна.

Гэхдээ байгаль дэлхий минь бидэнд баярлаж байгаа. Бид буянтай ажил хийж байгаа учраас хонгилын үзүүрт гэрэл биш хаалганы цаана гэрэл харагдаж байгаа гэж итгэж байна.  Манай хүмүүс чин сэтгэлээсээ ажилладаг. Германаас манай дээр хог хаягдлын төсөл хэрэгжүүлэх талаар яригдаж байгаа. Хог хаядал түүхийг олон хүн дэмжиж байгаа гялгар уутаар нь нойлын өрөөнд хэрэгтэй тавиур хийгээд өгье гэж байна.

Ц.Болд: Аялагчид эрхээ эдэлдэг шигээ үүргээ биелүүлдэг байгаасай

/Налайх дүүргийн VI хорооны Засаг дарга/

Гадаадын жуулчид морин аялал хийх гээд явах замд хог таарвал буугаад цэвэрлээд эхэлдэг. Хог хаягдалаас нь морь үргэж, жуулчин унах тохиолдол гардаг. Энэ зөвхөн Тэрэлжийн нэр гарах асуудал биш. Монголын нэр гарна. Амрагчид байгалиа хайрлахгүй шаардлагыг биелүүлэхгүй.

Монгол Улсын иргэн хаана ч аялах явах эрхтэй гэж эрх л яриад байхаас цаана нь үүрэг байгаа гэдгийг ойлгож ухамсарламаар байна. Тиймээс манай Тэрэлжид ирж амрагчид хогний асуудлыг шийдэж сурснаар бусаддаа үлгэр дууриал үзүүлдэг байгаасай.

Бас нэг асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 300 гаруй тусгай  зөвшөөрөл олгогдсон байдгаас өнөөдрийн байдлаар 90 гаруй нь зуны улиралд ажиллаж, өвөл 40 орчим нь ажилладаг. Манайх хороонд  дөрөв дөрвөн жилээр газар олгогддог мөчлөгтэй. Ойн тухай хууль, усны тухай хууль бүгд байхгүй болсон. Ойн торлог орно. 100 метр дотор барилга байгууламж  барихыг хориглдодог. Одоо голынхоо иргээр айлууд буучихсан. Нүүдэггүй.

Тэрэлжийн шугуй дотор 40 га газрыг тусгай хамгаалалтын  газар нутгаас нь гаргачихсан. Уг нь тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх бодлого барьдаг гэдэг ч бодит байдал дээрээ худлаа байдаг. 2012 оны 5 сарын 18-ны 38 дугаар тогтоолоор 262.5 га газрыг тусгай хамгаалалтаас гаргачихсан. Үүнээсээ 40 га нь голын гольдрол буюу үерийн онц аюултай хэсг болох шугуйд өгсөн Тэрэлж орчмын нутгаар 222 нь байгаа. Одоо гэхэд хүмүүс амардаг, морин аялал хийдэг гол замыг дайруулаад 2.5 га газар  өгчихсөн байна. Жуулчид хаагуур нь аялах юм.

БОАЖЯ, ААН, Налайх дүүргийн Засаг даргын гурвалсан гэрээ  гэж бий. Тэр гэрээд хорооны Засаг даргын мэдэл юу ч байхгүй. Гэтэл манай хорооны газүар нутагт үйл ажиллагаа эрхэлж, хууль дүрмийн дагуу шаардлага тавих үед бидний мэдлээс хэтэрсэн асуудалд хошуу дүрлээ гэдэг байдлаар ханддаг. Энэ асуудалд тухай хорооны оролцох эрх үүргийг нэмэгдүүлэх ёстой гэж  бодож байна даа.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close