Байгаль орчин

Иргэдэд мод тарих боломжийг цахимаар олгоно

“Тавин сая мод” хөтөлбөрийн хүрээнд ирэх хавар 3 сая мод тарина. Ингэхдээ иргэдэд мод тарих боломжийг цахимаар олгож, “Мод” хөтөлбөр аппликэйшнийг хоёрдугаар сарын 4-нөөс нээж захиалга авна.

Иргэд шинэс, нарс, бургас, хайлаас, гацуур модыг 2500 төгрөгөөр захиалаад, 2 жилийн дараа захиал ан модныхоо тоог 2 дахин нэмж авах юм. Арван мянган төгрөгт 4 төрлийн мод захиалах багц ч байгаа. 

Энэ хөтөлбөрийг мод үржүүлэг, нөхөн сэргээлтээр мэргэшсэн 5 аж ахуйн нэгж, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн сан бүхий 16 мянган га, нийслэлийн Ар гүнтэд 38 га талбайд 10 жилийн хугацаанд 50 сая мод тарихаар төлөвлөжээ. Ар гүнтэд гэхэд 20.9 сая модны суулгац тарих боломжтой.

Мод үржүүлэх талбайд эрчим хүч татан, усалгааны систем хяналтын камерийг суурилуулж бэлтгэлээ хангасныг ХААИС-ийн багш, доктор Б.Мөнхбат хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр, “Мод ургуулж, арчилж хамгаалахад хөрөнгө, цаг хугацаа их шаарддаг тул хүн бүр мод тарьж чаддаггүй. “Мод” хөтөлбөр хялбар арга, хямд зардлаар мод тарих боломж олгож байна. Таны захиалсан модыг мэргэжлийн баг тарьж ургуулна гэсэн үг. БНХАУ-аас оруулж ирж буй үрсэлгээ зарим нь манай хөрсөнд дасан зохицож ургадаггүй. ОХУ-аас оруулж ирж байгаа нь хорхой шавж ихтэй зэрэг асуудал гардаг тул үрээр үрслүүлж тарина. ХААИС-ийн эрдэмтдийн туршиж гаргасан бортоготой мод үржүүлэх аргыг, уламжлалт мод үржүүлэх аргатай хослуулан ойжуулна” гэлээ.

Уламжлалт аргаар мод ургуулахад 5-7 жил шаардлагатайгаас гадна тарьсан суулгацын 40 хувь нь ургадаг бол бортого дотор тухайн ургамлын амьдрах орчныг бий болгосон хөрсөн бортого технологи ашигласнаар модыг 2 жилд ургуулж, хөрсөндөө дасан зохицож амьдрах чадвар нь 98 хувь болох юм. Мөн зөвхөн хавар, намрын улиралд нэг сарын турш мод тарьдаг байсан хугацааг газар хөлдөхөөс бусад үед тарих боломжтой болгон ургасгаж байгаа аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close