Байгаль орчинЯрилцлагаОнцлох

Б.Энхжаргал: Модтой хамт бидний амьдрал ч өсөж, дэвжиж цэцэглэж байна

“Ногоон ази сүлжээ” Олон улсын ТББ-ийн Булган аймгийн Баяннуур дахь Ойжуулалтын талбайн ахлагч Базарсадын Энхжаргалтай ярилцлаа.

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож байгальд ээлтэйгээр амьдрах нь өнөө цагийн хүмүүсийн хамгийн чухал анхаарах асуудлын нэг болоод байна. Таны хувьд Баяннуур дахь ойжуулалтын талбайд ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн. Та хийж байгаа ажлынхаа үнэ цэнэ,  утга учрыг хэрхэн хардаг вэ?

-Би 2010 оноос эхлэн энэ талбайд ажилласан. Мод тарьсанаар цөлжилт болон шар шороон шуургыг багасгаж чадсан. Өмнө нь манай суманд салхи гарахаар л газар тэнгэр нийлсэн мэт шороо бужигнаж харанхуйлаад, дээвэр хуу татчих шахдаг байлаа. Хүн байгальдаа ээлтэйгээр, хамаг зүрх сэтгэлээрээ ажиллахад ямар үр дүн гардагийг сум орон нутгийнхаа хүмүүст харуулж чадлаа. Одоо бидний тарьж ургуулсан мод маань сайхан ургаж, сүүдэрт нь суунгаа үр хойчдоо түүх ярьж өгөх цаг ойрхон болсон. Хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж, хүмүүсээр жимсээ түүлгэж байна. Нэг килограмм жимсийг 2000 төгрөгөөр түүдэг. Манай сумын иргэд өөрийн хэмжээндээ ажиллаад өрхийн амьжиргаагаа дэмжиж байна. Цар тахлаас үүдсэн олон асуудалд санаа зовохгүй, манай талбайд ирж жимс түүж, модон дотор хүчилтөрөгчөөр амьсгалж, сэтгэл тайван болж байгаагаа хэлдэг. Байгалиас эрч хүч инеригээ авч, сэтгэл хангалуун ажиллаж, өөрийгөө витаминжуулаад явж байгаа нутгийнханаа харах нь бидний ажлын үнэ цэнэ юм уу даа.

-Байгаль цаг уурын таагүй нөхцөлд амьдрахгүй гээд нутаг орноо орхиж нүүх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Та бүхний хувьд өсөж төрсөн нутагтаа эзний сэтгэлээр хандаж, аятай сайхан амьдрах боломжтой гэдгийг хангалттай харуулж чадаж байна, тийм үү?

-2002 онд манай суманд зуд болоход малчид мал сүрэггүй болж, өрхийн амьжиргаа нь муудаж, нутаг орноо орхиж нүүцгээсэн. 2007 онд “Ногоон Ази сүлжээ” ОУТББ маань манай сумыг сонгон үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүүлсэнээр 30 гаруй айлыг өрхийн орлоготой болгосон. Одоо манай манай сум ой модтой, ажлын байртай, амьдрах сайхан орчинтой болсон байна. Бидний үр хүүхэд сургууль соёлоо төгсөөд орон нутагтаа ирж ажиллах нь ч нэмэгдсэн. Нутгийн удирдлагын байгууллагуудад залуучууд голдуу нутгийн хүүхдүүд минь ажиллаж байна. Мод дагаад бидний амьдрал ч цэцэглэж байна. Залуучууд маань орон нутагтаа ирээд “Манай сум ямар их элстэй байлаа. Хашаатай эн чацуу элстэй, дээгүүр нь алхаад л гэрлүүгээ ордог байсан. Харин одоо их сайхан болжээ” гэж байна. Тэгэхээр бидний хийсэн ажил түүх болон үлдэж байгаа нь энэ юм. Анх бид харандаа шиг нарийхан мод тарьж байхдаа “Энэ маань хэзээ ургаж, бид сүүдэрт нь сууна даа” гэж бодож явсан. Одоо тэр мод маань сүүдэртээ суулгаж, хүчилтөрөгч ялгаруулж, орон нутгийн иргэд бидэнд үр жимсээ өгөөд, ашиг шимийг нь хүртэх боломжийг олгож байна. Сайхан орчинд үр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа минь л баталгаа нь юм.

-Намартаа ургацаа хураан авч сургууль, цэцэрлэгийн хэрэгцээнд нийлүүлэх, худалдах  боломж хэр байгаа вэ?

-Цэвэр хөрсөн дээр байгалийн эко бордоог ашигладаг учраас хүнсний ногоо, жимсээ хураан авч аймаг сумынхаа цэцэрлэг сургуульд гэрээ байгуулан тогтмол өгч байна. Одоо бол Улаанбаатараас ч захиалга ирдэг болсон. Үнэхээр цэвэр хөрсөн дээр чанартай хүнсний ногоо, жимс ургуулж байгаа гэдгийг хүмүүс мэддэг болжээ. Өмнө нь бид “Хүнсний ногоо, жимсээ аваарай” гээд гүйж явсан бол одоо жимс, хүнсний ногоо, модоо борлуулаад ашгаараа өөрөө өөсдийгөө цалинжуулаад явж байна. Манай нөхөрлөл 14 гишүүнтэй. 2-3 хүн л тэтгэвэрт гараагүй, бусад нь тэтгэвэрт болон групптэй хүмүүс байдаг. Бид ярилцаад 350 мянган төгрөгийг цалинд тооцож авахаар тогтсон. Харин ашгаа өвөл нь хуваагаад авчихдаг. Одоо цагт бидний насныханд ажил олдохгүй, гэртээ байхаар биеэ чагнаад л сууж байх сонголттой шүү дээ. Харин бид талбайдаа гарч ажиллана, ажилласан цалингаа авчихна, байгальдаа ч тустай сайхан амьдарч байна.

-Ерөнхийлөгч маань нэг тэрбум мод тарина гэдэг амлалт өгчихлөө. Энэ ажлыг хийхэд хүмүүсийн оролцоо ямар байвал зохих вэ?

-Би ерөнхийлөгчийн энэ санаачлагыг үнэхээр их дэмжиж байгаа. Яагаад гэвэл хотод агаарын бохирдол их байгаа талаар ярьж байна. Тэгвэл айл бүхэн хашаандаа 1-3 мод тариад, арчлаад, ургуулаад байхад хүчилтөрөгч ялгараад сайхан агаартай болно. Цөлжилт, шар шороон шуурга дэгдэлтийг багасгаж, эх дэлхийдээ ч тустай ажил хийчихнэ. Модыг тарихдаа гол нь биш, тарьснаа арчилж ургуулах нь л хамгийн чухал.

– Нөгөө талаар тарьсан модоо ургахыг хүлээх тэвчээр хэрэгтэй байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Мод гэдэг чинь шууд ургаж, үр дүн нь харагдахгүй. Гэхдээ хавар мод тариад ногоороод ирэхээр л хүмүүсийн сэтгэл аяндаа сайхан болдог юм билээ. “20см байсан, 30 см болсон байна. 2 мөчир байсан нь, 3 мөчир болж салаалсан байна” гээд л баярлаад байдаг. Үнэн сэтгэлээсээ энэ ажлыг хийдэг хүн өөр л дөө. Хандлагаа л өөрчлөх хэрэгтэй. Аяндаа мэдрэгдэнэ. Цагийн уртад тарьсан модод маань ургаж, “Монголын” тодотголтой шар шороон шуурга дэгддэг асуудал ч багасна шүү дээ. Сургууль цэцэрлэгт энэ талаар ярьж, хүүхдүүдэд мод тарих аргыг зааж өгөх хэрэгтэй гэж боддог. Би охиныхоо ангийн хүүхдүүдээр хайлаасны үр түүлгэж, “Энэ жижигхэн үр ийм том мод болж ургадаг” гэдгийг хэлээд хөрсөнд суулгасан. Хүүхдүүд маш их гайхаж, баярлаж, хичээнгүйлэн хайрлаж усладаг юм билээ. Жижигхэн талбай бэлдээд цэцэг суулгаж өгөхөд цэцэрлэгийн хүүхдүүд өөртөө тохирсон хөөрхөн жаахан саваа бариад услана. Мод, цэцгэндээ чин сэтгэлээсээ хайртай гэж. Зөв хандлага, сэтгэлтэй хүүхэд 10-20 жилийн дараа байгалиа чин зүрхнээсээ хайрладаг хүмүүс болон өснө шүү дээ.

-Байгальдаа хайртай, зөв хандлагатай хүмүүс нэмэгдэхийн хэрээр төрсөн нутагтаа аз жаргалтай амар тайван, амьдрах хүсэл сэтгэлтэй хүн олон болно доо?

-Хүмүүс байгаль цаг уур, орчны өөрчөлтөөс болж нүүдэг, манай суманд ч тийм байсан. Харин одоо нутагтаа эргэн ирэх хүмүүс их болсон. Тэд ирээд модоо тарьж, малаа маллан хотын түгжрэлээс хол, стрессгүй  амьдрахыг чухалчилж байна. Мэдээж хүн хаана амьдрах нь эрхийн асуудал боловч, төрсөн нутаг гэдэг хүний хувь заяаны бэлэг. Тиймээс төрж өссөн нутагтаа илүү их зүйлийг хийж, аятай тухтай амьдрах орчинг бүрдүүлэх нь л чухал шүү дээ. Нүүгээд явж болох ч нүүж явсаар дараа нь нүүх газаргүй болчихвол хаачих билээ. Тэгж л ойлгох хэрэгтэй. Байгаль дэлхий бидэнтэй адил амьд шүү дээ гэж хайрлах нь л чухал. Монголд бүх зүйл нь боломжтой.

-Тэрбум мод тарихад төр засгийн зүгээс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг байх хэрэгтэй  болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Бидний 10 гаруй жилийн туршлагаас харахад санхүүгийн болон мэдлэг олгох сургалтын дэмжлэг их чухал. Ногоон Азийнхан маань бидэнд маш их сургалт явуулдаг. Эхлээд мод тарихыг, дараа нь арчлахыг, арчилсан модноосоо үр шимийг нь хүртэх аргыг нь зааж сургалаа. Анх мод тарьж байгаа хүнд маш сайн зөвлөх хэрэгтэй. Бидэнд бэлэн туршлага байна. Орон нутаг нь ч дэмжих хэрэгтэй. Баяннуурт гэхэд “Тэдэн га газарт мод тарина. Танайхан заагаад өг” гэхэд хэн нь ч очоод зааж чадна. Монгол Улсын 9 газарт манай ойжуулалтын талбайн ажилтнууд мод тарьж, үр шимийг нь хүртээд явж байна. Бид нар чинь ажлын туршлагатай “багш” л гэсэн үг. Бидэн шиг туршлагатай  хүмүүстэйгээ хамтраад явахад мод ургахгүй гэх асуудал байхгүй. Маш олон сургагч багш нар бэлтгэгдсэн байна. Байгалийн бүс бүслүүр, нутаг орны онцлогтоо тохирсон өөр өөр арга барилаар  мод тарих аргыг зааж сургаж чадна. Мод гэдэг нөхөн төлждөг байгалийн баялаг. Услаад арчлаад 20 жил болоход ямар сайхан ургана гэж бодож байна. Хүн бүр л байгаль дэлхийгээ хайрлаад байвал сайхан амьдрах боломж бидэнд байгаа.

-Таны цаашдын төлөвлөгөө, зорилго юу байгаа вэ?

-Миний ажлыг харж, дүгнэж байгаа олон хүн байдаг учраас чадахгүй байсан ч хичээж сураад, хариуцсан ажлаа нэр төртэй хийж явна. Тиймээс цар тахлын асуудал намжихаар “Ногоон Ази сүлжээ” ТББ-аасаа сурсан бүхнээ хүмүүст, хүүхдүүдэд зааж сургана. Манай Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-т хандив тусламж үзүүлдэг Солонгос хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив тусламжаар бид амьдралаа дээшлүүлж, орон нутгаа сайхан болгож, цөлжилтийг багасгаж чадлаа. Хийхээр зорьвол болохгүй зүйл гэж үгүй. Манай Баяннуур, Дашинчилэн, Өгий нуурт нөхөрлөлүүд байгуулагдчихлаа. Нөхөрлөл болж, олуулаа ажиллаад үр дүнд хүрдэг юм гэдгийг өөрсдөө ч мэдэрч, хүмүүст ч харуулж байна. “Ажлын байр байна уу” гэж хүнээс гуйхгүй, ногоогоо тарьж, модоо ургуулж байна. Хашаандаа 20-30 мод тарихад л хэрэгцээгээ хангаад илүүгээ зарж, борлуулж, орлоготой болж болохыг “Ногоон Ази”-ийн мод тарьдаг бүх хүн ойлгосон. Модтой хамт бидний амьдрал ч өсөж, дэвжиж цэцэглэж байна. Энэ бүхнийг хүмүүст зааж сургаж, хүний амьдралд тусалж, хүж дэлхийгээ хайрлаж, хамгаалах хүсэл дүүрэн явна даа.

-Ярилцсанд баярлалаа.

П.Нарандэлгэр

Эх сурвалж: “Ногоон Ази” сэтгүүл 2021он

Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close