Байгаль орчинЯрилцлагаОнцлох

Т.Чулуун: Хүн төрөлхтөн хамтарч байж тогтвортой хөгжлийг цогцлооно

Монгол Улсын их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Т.Чулуунтай ярилцлаа.

-Таны бичсэн “Хүмүүн байгалийн найрсал” номны гол үзэл санаа юу вэ. Манай уншигчдад товч мэдээлэл өгвөл?

-Дэлхий 4.6 тэрбум жилийн настай. Нэг эст бие махбодоос олон эст махбод үүсч, 550 сая жилийн тэртээ биологийн их тэсрэлтээр далайд олон төрлийн амьтад, сээр нуруут загас, ургамал, газар дээр ой мод ургаж, хоёр нутагтан далайгаас газар дээр амьдрах зэргээр хувьсан хөгжих үйл явц өрнөсөөр ирсэн. Энэхүү хувьсал хөгжлийн үр дүнд нарны эрчим хүчээр ивээгддэг, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, бодисын бүрэн эргэлт бүхий хог хаягдалгүй экосистем бүрэлдэн тогтсон.

3 сая шахам жилийн өмнө Хомо хэмээх хүн төрөлхтөн үүсч, 300 орчим мянган жилийн өмнө Хомо сапиенс буюу орчин үеийн хүн үүссэн гэдэг. Хүн бол биологийн хүчин зүйл гэдэг утгаараа байгалийн бүтээгдэхүүн. Байгаль бол хүний амьдралын эх сурвалж. Хоол хүнс, цэвэр агааргүйгээр хүн амьдарч чадахгүй. Хүн байгальгүй оршиж чадахгүй. Хүний адгуус амьтдаас ялгарах зүйл бол оюун ухаан хийгээд ухамсар. Тэгвэл хүн төрөлхтөн нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг малтмал түлшийг хэдэн зуун жилийн өмнөөс хэрэглэж, цахилгаан гаргах зэргээр ололт хийснээр аж үйлдвэрийн эрин рүү шилжиж орсон.

Аж үйлдвэрийн хөгжлийг дагасан эрэлт хэрэгцээ, хэрэглээнээс үүдэн агаар мандалд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээ ихсэж, манай гаригийн хүлцэж болох зааг хязгаарыг давчихаад байна. Тодруулбал, дэлхийн агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ сая шахам жилийн хугацаанд хэлбэлзэж ирсэн дээд хязгаар болох 280 ррm -ээс давж 420 ррm хүрснийг эрдэмтэд тогтоосон. Үүний улмаас дэлхийн гадарга аж үйлдвэрийн өмнөх үеэс 10С гаруй дулаарсан. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ 280 ррm-ээс 2 дахин ихсэх юм бол дэлхий 2.6-3.90С -ээр дулаарах тухай нарийвчилсан тооцоог ч гаргасан.

Хүн төрөлхтөний дэлхийд үзүүлж буй дарамтыг хүлцэх хязгаараар нь тооцож, агаар мандал дахь хүлэмжийн хий, биологийн олон янз байдал, азотын алдагдалаар энэ хязгаарыг хэдийнэ давсан гэдгийг эрдэмтэд тогтоолоо. Дарамтанд орж буй дэлхийд мөнх цас, цэвдэг хайлах, үер буух, далайн шуурга, түймэр, ган зуд зэрэг байгалийн гамшгийн тоо, давтамж ихэсч, хорхой шавьж олшрох, вирус тахал гарах боллоо. Тиймээс Хүмүүн байгалийн найрслыг орон нутаг, Монгол Улс, Дэлхийн түвшинд судлах, Тогтвортой хөгжлийн бодлогын санал боловсруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор сүүлийн 20 жилийн судалгааг үндэслэн энэхүү номыг гаргасан.

-20 гаруй жилийн судалгаа гэхээр маш нарийн тооцоо, баримт дээр үндэслэсэн болов уу?

-Би 1991 онд АНУ-д систем судлаачаар анх очиж байлаа. 2000 оны үед газрыг нийгэм экологийн систем, хүмүүн байгалийн систем гэж цогцоор нь судлах хөтөлбөр гарч ирсэн. Тэр хөтөлбөрийг боловсруулах эрдэмтдийн хэлэлцүүлэгт оролцож байхдаа нийгэм экологийн системийг цогцоор  нь судлах шинэ сэдэвт анхаарал хандуулсан. Одоо шавь нартайгаа бэлчээрийн нийгэм, экологийн системийг цогцоор нь судлах ажлыг хийж байна. Хүн төрөлхтөн малтмал түлшийг ашиглаж, газраа доройтуулаад хөрсөнд байсан хүлэмжийн хийг дээшээ дэгдүүлчихсэн. Биологийн олон янз байдал алдагдсан  нь хүлцлийн хязгаарыг давчихлаа. Энэ бүхнийг хүн төрөлхтөн ухаараад хүлэмжийн хийг бууруулья, хог хаягдлаа багасгая гэсэн чиг хандлагатай болж, Тогтовортой хөгжлийн бодлогыг бий болгосон. Нийгэм эдийн засгийн хөгжил, байгаль орчинд ээлтэй байдлаараа “Хож-Хож” төлөв нь хүмүүн-байгалийн найрслыг төгөлдөршүүлэх тогтвортой хөгжлийн загвар юм. “Хож-Хож” төлөвт хүрэх ногоон хөгжлийн замууд, “Хож-Хож” загварыг бэлчээрийн тогтолцоо, Монгол Улс, Дэлхийн түвшинд хэрхэн бий болгох вэ гэсэн суурь асуултуудад хариулах судалгааг хийсэн.

-“Хож хож” загвараар хөгжсөн улс орныг онцолвол?

-Манлайлж байгаа нь Европын орнууд. Тэр дундаа Скандинавын орнууд манлайлж байна. Тогтвортой хөгжлөөр манлайлж байгаа улс онуудаас суралцаж, нутагшуулья гэвэл Умард Европын НОРД загвар их тохиромжтой. Хүн ам цөөн, дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрладаг, байгаль цаг уурын хувьд адил төстэй шинжүүдтэй. Нийгмийн байдал, баялагийн хуваарилалт, боловсрол олж авах боломж, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нь тэгш хүртээмжтэй, дундаж давхаргаа тэлэх талаар яригдаж байгаа зэрэг нь маш сайн загвар болох юм. 

-Дэлхий тогтвортой хөгжлийн зорилтоор бодлогоо тодорхойлчихоод байна. Харин манай улсын хувьд энэ зорилтод хөл нийлүүлж, зөв зарчмаар хөгжсөн Скандинавын орнууд шиг болохын тул төр засаг юуг анхаарах ёстой юм бол. Хувь хүмүүс юуг хийвэл зохих вэ ?

-Эрс шинэчлэл хийж, өөрчлөлт гаргахийг хүсвэл уламжлалт замаараа яваад очихооргүй болчихжээ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Материаллаг хэрэглээ их болоод л байвал яаж Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх билээ. Иргэдийн хувьд үзэл бодлоо, хандлагаа өөрчлөх шаардлагатай. Тухайлбал, Япончууд газар нутаг багатай ч гэсэн гадна орчноо маш сайхан тохижуулж, жаахан талбайдаа мод тарьж, соёлтой сайхан тухтай орчинг бүрдүүлж чаддаг. Харин монголчууд хойд насандаа диваажинд төрөх юм шиг итгэж, мөнгө төгрөгөө шашин ном уншдаг хүмүүст итгэж өгдөг. Мэдээж хүний итгэл үнэмшилийг буруутгаж болохгүй ч амьд ахуйдаа диваажинд байгаа мэт тухтай таатай орчинг бүрдүүлээд амьдрах боломжтой гэж боддог. Хашаандаа л диваажингаа байгуулчихвал болох юм. Ландшафтын архетиктурыг хөгжүүлж, хог хаягдлаа багасгаж, нийтийн тээврийг сайжруулаад өгчихөд л болно.

Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” уриалга нь байгаль орчны маш том эерэг зорилт. Үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний төлөө хөдөлгөөн болгон өрнүүлэх хэрэгтэй. Зөвхөн модоор ч хязгаарлахгүй. Бүх хот суурин газрыг ногоон болгон орчиноо тохижуулж “Хүмүүн байгалийн найрсал”-ын загварыг бий болгох ёстой юм. Би АНУ-д 14 жилд амьдарсан. Колародо мужийн Портколланз, Денвер, Аспенжиг хотын тухай номондоо бичсэн. Энэ хотууд АНУ-даа хүн амьдрахад таатай хотуудын эхний тавд ордог.

-Хүн байгаа орчноо таатай болгох нь аз жаргалтай амьдрах гол хүчин зүйлсийн нэг тийм үү?

-Тэгэлгүй яахав. Би Аспен хотод цар тахлын үеэр хэсэг хоригдсон. Тэр хот нарны эрчим хүчийг ашигладаг, гэрээс гараад л ан амьтадтай таардаг. Гэрээс гараад л уул руу гарчихдаг. Энэ бол “Хүмүүн байгалийн найрсаалын загвар хот” гэж оруулсан. Монголын хувьд хөдөөгийн хөгжлийг дэмжиж “Нэг нутаг усныханд сэргээгдэх байгалийн нөөцийг цогцоор нь эзэмшүүлье” гэдэг санааг дэвшүүлсэн. Угаасаа монголчууд нутаг усаараа байгалиа хайрлаж, ашиглаж ирсэн. Тогтвортой хөгжлийн бодлого нь үе үеийнхэний тэгш байдлыг хангах буюу өөрсдийн хэрэгцээнээс гадна ирээдүй үеийнхэний хэрэглэх байгалийн нөөцийг хадгалах зорилготой. Нэг нутаг усныхан үр хүүхэддээ байгалиа өвлүүлэх гэж хамаг чадлаараа л хайрлана. Ургамал амьтан, байгаль, бэлчээр, усаа хайрлана. Нэг тэрбум хөдөлгөөнд анхаарах нэг чухал зүйл бол ус. Ой модны эн тэргүүний ач холбогдол бол усны эх үүсвэр. Ус бол чандмань эрдэнэ. Манай улс хуурай газар нутагтай учраас ус хамгийн их хамгаалагдаж байх ёстой зүйл. Хамгийн үнэ цэнэтэй усаа хамгаалахад нэг голынхон л нэгдэж чадна. Гэвч зарим нь ойн нөхөрлөл, зарим нь хэсэг бүлэг болоод уламжлалт нийгмийн тогтолцоог салгасанд харамсдаг. Тэд цогцооороо эзэмшдэг болчихвол ганц ойн цагдаа биш нийтээрээ байгальдаа анхаарал хандуулж, нэг нутаг усаараа аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Орчин цагт технологийн дэвшилээ ашиглаж зөвхөн тэнд амьдарч байгаа биш хотод, гадаадад байгаа нутгийнхан үйл ажиллагааг нь дэмжих боломжтой. Тэгж чадвал мөнгө, технологи, мэдлэгийн урсгал нь эргээд хөдөө рүүгээ чиглэсэн “Хож-Хож” хөгжлийн загвар болно.

Малчдыг заавал мод тарь гэлгүй хамгаалахыг нь ч тооцож болно. Харгана гэдэг бут экосистемийг эвдрэхээс хамгаалах бичил орчинг үүсгэдэг. Харгана агаараас азотыг бэхжүүлж, эко системийг азотоор борддог. Тиймээс харганаа хамгаалж, үржүүлэх буюу тухайн орон нутгийн хөрс, байгалийн онцлог байдалд тохирсон өвс ургамал бут сөөгийг ургуулахыг ч тооцох хэрэгтэй. Америкт “Хүний төлөө мод таригдах ёстой” гэж үздэг тул байшингаа тойруулаад зурвас мод тарьдаг. Модныхоо ёроолоор харгана ч тарьдаг. Ер нь байгальд нь үр ашигтай модыг хамгаалах хэрэгтэй. Ус горхи булагийг хашиж, усны эргийн экосистемийг байгалийнх нь жамаар сэргээвал тэр ч гэсэн мод ургуулж байгаа хэрэг. Мод суулгаж тарихаас илүү байгалийнхаа жамаар нөхөн сэргэвэл бүүр ч илүү ач холбогдолтой. Хашсаныхаа дараа уух усаа авахад цэвэр ус гарчихна. Энэ нь хүний төлөө юм. Энэ хашсан хэсгээсээ хадлангаа ч авчихна. Энэ “Хож-Хож загвар” юм.

Би Америкийн малчидтай уулзаж байсан. Тэд маш боловсролтой. Америк малчдын хүүхдийн зусланд очиж яриа хийж байхад хүүхдүүд нь өөрийн нутгийн экосистемтэй танилцаж, хөрсөө таньж, мал бэлчихэд өвс ургамал хэрхэн өөрчлөгдөж байгааг харж , шинжлэх ухааны мэдлэг олж авахаас гадна бэлчээрийн экосистемийн менежмэнт хийж байгааг яриулдаг. Манай нөхцөлд орчин үеийн шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, малчдыг боловсролтой болгох тал дээр анхаарахаас гадна ахмад малчдаар хичээл заалгаж, нутаг орны орчин нөхцөлд тохирсон мэдлэгийг суулгахад нь чухал санагддаг.

-Экосистемийг 30 гаруй жил судалсан байна. Дэлхийд болон Монголд экосистемийн хамгийн том өөрчлөлтийг хаанаас харах вэ?

-Дэлхийн хувьд маш их хээр талыг газар тариалан болгосон нь унаган төрхийг өөрчилсөний  том жишээ. Дээрээс нь ойн бүрхэвчээ бууруулсан. Цөлжилт, газрын доройтол гэж ярьвал илүү өргөн хүрээтэй асуудал болно л доо. Тухайлбал, Түйн голын эх ойт хээрийн бүсэд Өгөөмөр өртөмт голын дагуу нэг нутаг усныхан байдаг. Тэнд зун намартаа нүүдэл суудлаа зохион байгуулалттайгаар хийж ирсэн 30 аад залуу гэр бүл байсан.  Голын экосистемийг хамгаалж, цэвэрлэгээ ч хийчихдэг. Дараа нь нэг очсон багийн ахлагч тэргүүтэй хэсэг хүмүүсийг “Дэлхийн банкны төсөл хэрэгжүүлнэ” гээд тусад нь хашаалчихсан “Нэг голынхон” гэдэг нийгмийн үнэт өвийг эвдчихсэн нь их харамсалтай санагдсан. “Ногоон ази”-ийн хувьд цогцоор нь харж, иргэдийн оролцоог ч сайн байлгаж чаддаг.

-Төрж өссөн нутаг орноо амьдралын эрхээр орхиод нүүж болох ч хэдэн жилийн дараа дахиад очсон газраасаа олуулаа болоод нүүх болно. Тэр цагт яах вэ?

-Өөрийн төрсөн нутаг орондоо зөв менежмэнт хийгээд аз жаргалтай амьдрахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Өвөрмонголын нэг яруу найрагч “Эзэнтэй газрыг нутаг гэдэг, нутагтай хүнийг эзэн гэдэг” гэж хэлэхийг сонсож байлаа. Бид нутаг усныхаа эзэн мөн үү. Эзэн нь болж чадаж байна уу. Монголчуудын уламжлалт үнэт өв дээр суурилсан бодлогууд хэрэгжих боломжтой. Өвөрхангай аймгийн Их бүрд суманд нэг уулын аманд хэрэгжүүлсэн төсөлтэй танилцаж байлаа. Тэнд төслийн хүрээнд хашаа хадаж, нэг худаг гаргасан байсан. Тэгтэл тэр аманд гурван булаг, нэг жижиг нууртай байсан ч нэг булаг нь л урсаж байсан. Булаг байнга ундарч байдаг учраас маш үнэ цэнэтэй зүйл. Урсгал усны хэмжээг нь жилээр үржүүлээд үнийг нь тооцоход маш үнэтэй гарсан. Мөнгөн дүнгээр илэрхийлж боддоггүй ч тэр булгийн эргэн тойрны экосистем их үнэ цэнэтэй. Гэтэл ууланд байсан хашаа төсөл дуусаад л хаягдана. Тэрний оронд ганц байсан булгийг нь хашаад хамгаалаад өгсөн бол илүү үр өгөөжтэй ажил болно шүү дээ. Тэр амныхан бүгд төсөлд оролцоогүй, худаг гаргуулчихсан ч айлын эмээ нь “Булгийнхаа л усыг уумаар байна” гээд байдаг. Гэтэл худгаа манах, хамгаалах хэрэгтэй болчихдог. Тиймээс цогцоороо байх нь их чухал. Аль алинд нь өгөөжтэй, ирээдүй алсыг харсан тогтвортой хөгжил л хэрэгтэй бидэнд.

-Тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж амьдрахын тулд яах ёстой юм бэ. Эрдэмтэн хүний хувьд тогтвортой хөгжлийн гол цөмийг тайлбарлаж өгөөч?

-Хүмүүн байгалийн найрсал буюу байгальдаа ээлтэй, аль болох нөхөн сэргээх, хог хаягдлаа багасгах, дахин боловсроуулах гэдэг ногоон хөгжлийн чиг шугам хамгийн зөв нь юм. Хүн төрөлхтөн хамтарч байж хүчирхэгжиж, шинжлэх ухаанчаар хандаж, эвсэн нэгдэж л тогтвортой хөгжлийг цогцлооно. Монголоо сайхан, хайрлаж хамгаалаад явна гэдэг дэлхийгээ хайрлаж байгаа хэрэг. Өөрсдийн өтгөн хөмсөг, урт сормуус мэт голынхоо эхийг хамгаалж, хог хаягдлаар дүүргэхгүй байх хэрэгтэй. Амьдралын эх сурвалж болсон усаа хамгийн түрүүнд хайрлая. Ганцхан би амьдраад дуусах биш, бидний үр хүүхэд амьдрах нутаг гэж бодож үйлдэл хийх хэрэгтэй. “Ногоон Ази”-ийн зорилго миний дэвшүүлсэн санаатай ижил. Экосистемийн хамгийн чухал үйлчилгээ бол цэвэр усаар хангах. Ус зөвхөн хүнд ч биш эргэн тойрны экосистемд үйлчилж, хүн байгалийн найрсалыг төгөлдөршүүлж байгаа. Мод тарьж усыг хамгаалж, ойг нэмэгдүүлж байгаа бүх хүмүүст  талархаж байна.

П.Нарандэлгэр

Эх сурвалж: “Ногоон ази” сэтгүүл 2021 он

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close