ХАА-н салбарЗочны ярилцлагаОнцлох

Ш.Гунгаадорж: Авгайгаа сольсон хэргээр орлогч сайдаасаа буугаад, найман жил ургац аваагүй Тэсийн тэжээлийн аж ахуйн даргаар очиж байлаа

Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын 15 дахь  Ерөнхий сайд Ш.Гунгаадорж гуай энэ удаагийн ярилцлагын маань зочин ярилцагч байлаа. Хэвлэл мэдээллийнхэнд хэзээнээсээ нээлттэй хандаж ирсэн энэ эрхэм бидний урилгыг ч мөн ялгаагүй уриалгахнаар хүлээж авсан юм. Албан намтарынх нь түүхийг харвал тэрбээр энэ яваа насандаа дандаа даргын суудлаас буулгүй явж ирсэн мэт харагдана. Гэхдээ энэхүү эрхэм чухам хэн бэ, өөрт оноогдсон хувь заяаныхаа эзэн нь болж залж захирч, он цагийг хэрхэн туулж ирэв. Бид түүний албан бус намтарыг  хөндөж ярилцсан юм.

-Танай дээдчүүл ямар хүмүүс байв, ах?

-Манай дээдчүүл Урангийнхан гэдгээрээ нутаг усандаа алдаршсан, гарын дүй ухааны ур сайтай хүмүүс байсан юм билээ. Миний аав Пунцагдэлэгийн Шарав, Чойрын хийдэд эмч маарамба хүн байсан. Пунцагдэлэг гэдэг нь өргөж авсан аав нь. Пунцагдэлэг, Галсандэлэг гэж нутгийн их баян хүмүүс байж. Манай аав Пунцагдэлэгт нь, аавын дүү Галсандэлэгт нь өргөгдсөн, ийм учиртай. 1937 оны үед Чойрын хийдийн лам нар баригдах нь баригдаад, буудуулах нь буудуулаад, цөлөхийг нь цөлж байх үед аав маань ч баригдсан. Баригдаад явахад нь би ой 8 сартай байж таарсан. Манай ах Гунгаанамжил 6 настай үлдсэн. Би ерөөс эхээс хоёул юм.

-Та чинь Ухна нэртэй байсан гэл үү?

-Тэр үед манай говийнхны дунд Ухна нэртэй улс олон байсан. Ахыг Их ухна, намайг Бага ухна гэдэг байж. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед Сэмбээ ринбүүчи гэдэг том хувилгаан Төвөд рүүгээ буцах болж, буцахад нь Ерөнхий сайд А.Амар үдэж гаргаж өгч л дээ. Манайхыг Мааньтын Шанд гэж миний төрсөн бууцанд байхад Сэмбээ ринбүүчи манайхаар дайрч өнгөрч. Тэгээд ахад Гунгаанамжил, надад Гунгаадорж гэдэг нэр хайрласан юм билээ. 

Аавыгаа баригдаад явахыг тухайн үед би яаж мэдэх вэ дээ, миний сэвлэгийг самнаж суухад Дотоод яамныхан бариад явсан л гэдэг юм. Баригдаж очоод шоронд гурван сар болж байтал нэг шөнө дунд хүмүүсийг ачсан гэж байгаа юм. Хоёр хаалга дэлгэж нээгээд гурван машин дүүрэн хүн ачиж. Манай аав нэг буланд л сууж байсан юм биз дээ. Тэгтэл машин дүүрлээ гээд байхад л ачаад байсан гэдэг. Гэтэл одоо болно, боль л гэж гэнэ.

Аав ямартай ч ачигдсангүй. Ачигдсан бол бүх юм дуусахгүй юу. Өглөө болоод хартал нөгөө буланд бас нэг хүн байна гэнэ. Тэр нь Хэнтийн нэг лам. Өнөө хоёр “За удахгүй хүрч ирээд ачих нь дээ” гээд байж байтал нэг газар аваачиж байцааж байгаад “Та хоёрт арван жилийн ял өглөө” гэсэн гэдэг. Ингэж л аав маань Зүүнхараад арван жилийн турш ямтай адуу хариулсан юм билээ.

-Арван жил гэдэг бас л урт хугацаа шүү. Тэр хооронд ар гэрт юу болов?

-Аавыг явснаас ар дээр манай буурай ээж, ээж, ах бид дөрөв үлдэж байгаа юм. Манай ээж айхтар дайчин хүн байсан. Гэрт орж эм, гадаа гарч эр болсоор тэр арван жилийг өнгөрүүлсэн. За даа, бараг ч гэрт ороогүй дээ. Өртөө улаа хийнэ, аян жин тээнэ, арьс ширээ нааш цааш нь болгоно. Мундахгүй их ажилтай. Шөнө орой болохоор “Арын улаан хаан”, “Бигэрмижид хааны үлгэр” гэхчлэн том том үлгэрийг аялгуулж ярина. Түүнээ цээжлүүлнэ. Аавын минь ор зайг нөхөх гэж байдгаараа хичээсэн. Аав 37-тойдоо баригдсан байдаг юм. Ээжээс долоо насаар ах гэхээр ээж минь тэр үедээ 30-тай л байсан. Аавыг Зүүнхараад байх жилүүдэд ээж минь хүн хөлслөөд говиос гурван удаа эргэж очсон. Гурав дахь дээр нь намайг аавтай нь уулзуулна гээд авч явлаа.

-Зун цаг юм уу?

-Тэгэлгүй яах вэ. Өвлөөр явалтгүй. Хот руу 4-5 хонож орж ирсэн юм уу даа, тэндээсээ Зүүнхараа хүрсэн. Орхироогийн ам гэдэг газар аав маань байж таарсан, бараг ес дэх жил дээрээ гэсэн үг. Тэгэхээр би 11-тэй байсан хэрэг. Аав биднийг очно гэж хэл сураг дуулсан юм болов уу. Яваад очсон их олон уяа байна. Ээж “За, аавыгаа олоодох” гэлээ. Ой 8 сартай үлдсэн хүн чинь аавыгаа яаж таних вэ дээ, наад талын уянаас нь эхлээд яваад л байлаа.

Тэгээд хамгийн сүүлчийн уяан дээрх өндөр хөх хүнийн дэргэд очоод “Энэ хүн миний аав. Хэрэв биш бол энэ дотор байхгүй байна” гэсэн гэдэг. Тэгж л анх аавтайгаа уулзаж байсан юм даа. Дараа жилийн өвөл аав маань суллагдаж, манайх гэдэг айл элэг бүтэн болж байлаа. Аав маань түүнээс хойш янз бүрийн ажил хийсэн. Ээж аавыг буцаж ирснээс хойш нуруу нь тэнийж, гэр зуур байх ч Гунгаанамжилыг малчин, Гунгаадоржийг номын хүн болгоно гэдэг байсан. Хэлсэндээ ч хүрсэн.

 -Үлгэр их цээжилсэн хүн сургуульд давгүй сурсан байлгүй?

-Дэлгэрхэтийн бага сургуулийг онц дүнтэй төгссөн. Би ер нь их шартай. Ганц нэг удаа дөрөв авчихаар хор хөдлөөд байдаг хүүхэд байсан. Дэлгэрхэтийг сүүлд нь татан буулгаад, Иххэт сумтай нийлүүлсэн юм. Дөрөвдүгээр анги төгсчихөөд, аймаг явж сурна гэж байхад аавыг эргэдэг тэр жил таарсан. Тэгээд тэр жилээ өнжчихсөн. Ирэх жил нь буюу 1946 онд аймгийн төвд тавдугаар ангид орж, тэндээ арав төгссөн байдаг юм.

-Таныг аймаг хэн хүргэв?

-Тэр үед өртөөний машин гэж жижиг машин явдаг байсан. Аав маань хүргэж өгч байлаа. Тэндээ мөн л онц сурч, алтан Москвад сурахаар болов оо. Би болохоор гадаад явж байвал юунд ч сурсан яах вэ гэсэн бодолтой. Аав болохоор дотоодод анагаахын сургуульд сургачих гээд. Тэр үед хөдөөгийн хүүхэд гадаадад сурна гэдэг тун ховор. Сурлага сайтай тулдаа явсан. Уг нь манайхаас бас М.Чүлтэмсүрэн, Г.Уламбаяр гээд мундаг сурлагатай хүүхдүүд байсан ч хойшоо явж чадаагүй.

-Аймгийн төвд хаана суух уу?

-Тэр үед айлд сууна гэж ярьдаг байлаа. Эхний хоёр жил Тангад гэж нутгийн хөгшнийд суулаа. Айл маань жаахан тааруухан амьдралтай. Говьд ямар юмны мод байх вэ дээ. Амралтын өдрөөр говь руу явж бударгана, аргал хоргол түүнэ. Өглөө гараад, орой бүрий ирнэ. Суусан айлдаа дэм болж байгаа ухаантай. Долдугаар ангид орох жил манай ах Ч.Гэлгээ цэргээс халагдаад аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд ажиллахаар болж, тэр ахындаа дунд сургууль төгстлөө суусан.

АНУ-д айлчлах үеийн зураг

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Агрономич.

-Орос сурахаар явахдаа мэргэжлийнхээ талаар хэр чиг баримжаатай байв. Зүгээр л олдсон хуваариа авчихсан уу?

Онц сурсан болохоор өөрөөр маань сонгуулсан. Анх Ташкентад Хөдөө аж ахуйн сургуульд сургахаар яригдаж байснаа сүүлдээ Москвад сурахаар болж К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академид хуваарилагдсан. Зарим хүүхэд бэлтгэлд ордог байсан. Би бэлтгэлд ч орсонгүй, шууд суралцсан. За мэргэжлийн баримжаа ч дээ, харанхуй л очсон доо. Гуравдугаар курс хавьцаагаа л би ийм ажил хийх хүн юм байна гэж нүд нээгдэж байгаа юм.

-Хэл усандаа гайгүй болсон хэрэг үү?

-1957 онд Зөвлөлтөд атар газар эзэмших том аян эхэлж, Казахстанд эхлүүлдэг юм. Тэр том хөдөлгөөнд Зөвлөлтийн оюутнуудыг бүгдийг нь дайчилж Казахстан руу явуулдаг байлаа. Тэгэхдээ гадаад оюутныг тийш нь явуулахыг хориглодог байв. Тэгэхээр нь би хүсэлт гаргалаа, явуулж өгөөч гэж. Тухайн үед Дэлхийн залуучууд оюутны их наадам Москвад болох гэж байв.

Тэгтэл миний явахыг зөвшөөрчихлөө. Манай монгол оюутнууд намайг “Ийм сайхан фестиваль болох гэж байхад чи тийшээ явах гэлээ, дурак” гэцгээж байж билээ. Би болохоор энд явчихвал сайн агрономич болно энэ тэр гэсэн амбиц бол байхгүй. Зүгээр л ангийнхантайгаа хамт явах санаатай байсан хэрэг. Тэгээд таваарын вагонд гурав хоног явж зорьсон газраа очсон доо.

-Одоо энэ ачаа тээвэрлэдэг үү?

-Тийм шүү дээ. Ачаа тээвэрлэдэг чингэлэг. Гурав хоног дуулж хөгжилдөж байгаад очиж байгаа юм.

-Нэгэн бодлын гоё юм бэ?

-Гоё байлгүй яах вэ. Өдөр нь тариа хураалт дээр, орой нь үтрэм дээр ажиллана. Өлсөнө өө. Шөнө нь хамтралын төмснөөс тууна, төмөр торыг нь бахиар тасдаж ороод малгайндаа дүүргэж авчраад шарж иднэ. Ингэж нэг юм тэндээ 3 сар ажилласан. Одоо би Казахстаны Элчин сайд нартай уулзахаараа “Би танай тариаг хурааж явлаа” гээд хошигнодог юм.

-Ажлын хөлс гэж өгөв үү?

-300-400 рубль авч байсан. Нээрээ нэг сонин түүх ярихад, есдүгээр анги төгсөөд ирэх жил гадаад явна гэж, сэтгүүлч Г.Жамьян хэдүүл мөнгө олохоор Оросуудын геологийн хайгуулынхантай Дорнод аймаг руу явав аа. Гэр орныхондоо ч хэлээгүй. Дорнодод ирлээ. Тэндээсээ дахиад хойшоо чигт явлаа. Одоо бодоход Гурванзагал сумаас хойшоо шиг байгаа юм. Оросууд гэрийн ханыг дунд нь ортол суулгана.

Бид хэд тувт нүх ухсаар бараг хоёр сар өнгөрлөө. 700-800 төгрөг гар дээрээ авлаа. Буцах болж Дорнодын дэлгүүрээс аав ээждээ бэлэг аваад чемодандаа хийчихлээ. Гэтэл чемодан маань гэнэт алга болчихов оо, бусдынх нь зүгээр. Уйлах багадаад нэг өдөр хаягдмал юмнуудын дундуур явж байтал нэг сөрвийсөн юм харагдана. Очоод үзтэл миний чемадон. Бүх юм нь байна. Дотроосоо л шоглосон шиг байгаа юм. 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогоч дарга, ХХААЯ-ны сайд Ш.Гунгаадорж 1988 он

-Та Москвад байхдаа аав ээжийгээ авчирч үзүүлж байв уу?

-Тийм юм байхгүй. Тэр үед юм хатуу. Өөрсдөө ч жил бүр нутаг явж чаддаггүй байсан. Таван жилийн хугацаанд хоёр удаа нутаг явбал явна, үгүй бол үгүй. Тэр нь ч их хэрэг болсон. Зуны амралтаараа ийш тийш явж, манай группийн 17 хүүхэд яг л ах дүү шиг болцгоосон.

-Ангидаа ганцаараа Монгол уу?

-Нэг буриадтай, ганцаараа Монгол.

-Төгсөөд ирлээ, хаана хуваарилагдав?

-Гайгүй дүнтэй төгссөн юм болохоор яам хавиар ажилд оръё гэсэн бодолтой ирлээ дээ. Монголд атар газар эзэмших шийдвэр гараад САА-г удирдах газар гэж байгуулагдаад, Говь-Алтай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Лоохууз гуайг даргаар нь тавьжээ. Яг тэр үед би ирж таарч. Төгсөж ирээд яаманд иртэл Ц.Лоохууз гуай хүлээж авч байгаа юм. “Хаана ажиллах санаатай байна вэ” гэж асууж байна. “Яаманд” гээд тавьчихлаа.

Тэгсэн нэг муухай харснаа “Чам шиг юм яаманд ажилладаггүй юм. Чиний улаан ногоон дипломтой төгссөн чинь хамаа алга. Онц сайн сурсаныхаа хэргийг газар шороо эрхэлдэг газар очиж гарга. Чи тэр БНХАУ-ын тусламжтайгаар байгуулагдсан Амгалангийн САА-д очиж, ногоочидтой ажилла, хоол унднаас нь ид, амьдрал дунд ор” гээд тачигнаж байна. Ц.Лоохууз гуай чинь айхтар хэлдэг хүн. Би ч ухаан алдатлаа айдаг юм байгаа биз дээ. Тэгээд хөөгдөөд явав аа. Очсон чинь Улаанбаатар хотыг ногоо, сүүгээр хангадаг, Төрхурахад үслэг ангийн аж ахуйтай, Мааньт хүртэл үр тариа тарьдаг маш том аж ахуй байна.

Хамт олон маань маш сайхан хүлээж авсан. САА-н орлогч дарга бөгөөд Ерөнхий агрономич албан тушаал дээр буулаа. Зөвлөх нь гээд Хятадын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Бээжингийн их сургуулийн профессор, нэг сайхан хятад хүн байсан. Тэр хүнийг дагаж их юм сурсан. Одоо энэ урдаас орж ирж байгаа нарийн ногоог бүгдийг нь тарьдаг байсан. Хорин нэгэн төрлийн ногоо тарина шүү дээ. Есдүгээр сард очсон хүн чинь ажилдаа ч, хамт олондоо ч даслаа. Он гараад тавдугаар сар гарч байтал удирдах газраас дуудаж байна гэнэ. САА-г удирдах газар авна гэхээр нь очихгүй гээд хэлчихлээ.

Хориод хонож байтал дахиад дуудагдлаа. Ц.Лоохууз гуайн өрөөнд яваад ортол юм бичээд дээш харах янз алга. Арваад минут зогслоо. Намайг хашраад байгаа бололтой. Тэгснээ “Чи ер нь ямар янзын нөхөр вэ. Яв гэхээр явахгүй, ир гэхээр ирэхгүй. Одоо өч төчнөөн мэргэжилтэн, техник  Оросоос ирэх гэж байна. Яг одоо 428 дугаар өрөөнд очиж суу” гэдэг юм. Тэгээд л Сэлэнгийн Зэлтэр, Дархан, Хөвсгөлийн Эгүүр, Дорнодын Хэрлэн гээд САА-нуудаар явдаг болов оо. Энэ дөрвөн аж ахуй бол жинхэнэ атар газар эзэмших үеэр шинээр байгуулсан аж ахуй. Нөгөө 20-иод аж ахуй бол газар тэлж хагалсан хуучин аж ахуйнууд байсан.

-Та ч тэгвэл хүүхдүүдийнхээ өсөхийг ч үзэлгүй хөдөө гадаа явсаар залуу насаа үдчихсэн юм биш үү?

-Тэр үед дөчин тав хоногийн томилолт өгдөг байлаа шүү дээ. Газар тариалангийн бүхий л амьдрал дунд явсаар залуу нас өнгөрсөн. Гэхдээ хамт олны дунд ажиллаж амьдрах их сайхан. Өчигдөрхөн малчин байсан залуу техник дээр суугаад газар хагалж явааг харах бахдалтай харагддаг байж билээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд хүртэл “Танай монгол залуус ямар авьяастай юм бэ. Морин дэл дээгүүр давхиж явсан залуу 45 хоногийн курсийн дараа 20-30 жилийн туршлагатай манай ажилчдаас дутахгүй яг номоор нь газар хагалж явна шүү дээ” гэдэг байсан.

Олон намын оролцоотой Сонгуулийн үр дүнд бий болсон Ардын их хурлын Анхдугаар чуулган 1990 он

-МАА орон байсан улс атар газар эзэмшинэ гэж зарлах ч ёстой одоогийн бидний хэлдгээр бол бузгай том амбиц байсан юм шүү?

-Хэдэн мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан улс, тэдний үр хүүхэд тэр том техникийг эзэмшин, цоо шинэ салбарыг хөгжүүлж ХАА-г мал аж ахуй, газар тариалан гэсэн хоёр үндсэн салбартай болж хөгжих эхлэлийг атар газар эзэмших аянаар эхлүүлсэн юм. Энэ аян нь зөвхөн тариа ногоо тарих бус хүн ардыг соёлжуулах, суурин соёл иргэншлийн суурийг тавьсан ач холбогдолтой. Үүнийгээ дагаад шинжлэх ухаан, боловсролын дагнасан салбар үүсч, шинэ төрлийн мэргэжилтнүүдийн давхарга бүрэлдсэн зэрэг улс төр, эдийн засаг, нийгэм талын ач холбогдлыг нь нэг бүрчлэн тоочихын аргагүй. Энэ бүх ажлын эхэнд оролцож, суурийг нь тавьж, газар дэлхийн шимийнхээ дээжийг хүртэж явсандаа бахархдаг л юм.

-Та чинь орлогч сайдын суудлаас унаж байсан түүх байна уу?

-1962 онд Ц.Лоохууз гуай сургуульд явах болов оо. Явахын өмнө надад молоко соска /угжны хүүхэд/ гэдэг хоч өгдөг юм. Цагаан толгойн САА-н дарга н.Жамбал гэж лут дарга байлаа. Тэр хүнийг САА-г удирдах газрын орлогч даргаар Ц.Лоохууз гуай авчраад тавьчихав. Тэрэнд нь залуучууд бид их дургүйцнэ. “Түлхүүрээ зөөлгөх гэж авчирлаа” гэж өөр хоорондоо ярьж байгаа юм. Тэгтэл Ц.Лоохууз гуай явахынхаа өмнө ажилчдын хурал хийв ээ. Тэр хурал дээр би “Лоохууз гуайн толгой эргэсэн байна.

Монголын газар тариалангийн шинжлэх ухааны үндэслэл, ирээдүй дүр зургийг ч мэдэхгүй хүн авчирлаа. Таны өвлийн идшийг зөөдөг ачтай тустай хүн юм гэсэн” гээд авлаа даа. Миний хажууд Төлөвлөгөөний хэлтэст ажилладаг н.Лхүмбэ гэж настай хүн сууж таараад, хажуунаас чангаагаад байдаг. Би ч хэлэхээ хэлчихлээ. Тэгсэн Ц.Лоохууз гуай “Та нар өөрсдийгөө Жамбалтай харьцуулаад хэрэггүй. Гунгаадорж чи, чи бол молоко соска. Чи Жамбалын эний эний энд ч хүрэхгүй” гээд хумсны толионыхоо үзүүрийг заадаг юм. Тэгж л тийм хочтой болж, ажлынхан маань хожим инээдэм наадам болгодог байсан юм даг.

-Ц.Лоохууз гуай сургуульдаа явчихлаа, та яав?

-Би буцаад Амгалангийн САА-даа очсон. Тэндээ ажиллаад жил арай болоогүй байтал нэг халзан толгойтой хүн манай дарга нартай ярилцаж, талбай дээр ажиллаж байгаа ажилчидтай уулзаад яваад байх юм. Түүнээс гурван сарын дараа Төв хорооноос дуудаж, ХАА-н хэлтэст ажиллуулахаар боллоо. Тэр хүн намайг судалж явж. Тэндээ очоод жил болсны дараа Усны аж ахуйн яам татан буугдаад ХАА-н яам томров оо. ХАА-н хэлтсийн дарга М.Даш гуай сайд болоод намайг орлогч сайдаар 1968 онд дэргэдээ авав. Тэндээ 8 жил орлогч сайдаар ажиллах байгаад таны хэлдэг чинь болов оо. Орлогч сайд гэдэг тухайн үедээ бага биш мест биш шүү дээ, яагаад тэр суудлаас унасан байх уу?

-Дүү нь сонссоон…

-Авгайгаа сольсон хэргээр орлогч сайдаасаа бууж, найман жил ургац аваагүй Тэсийн тэжээлийн аж ахуйн даргаар очиж байлаа. Тийм хэрэг чинь Намын Төв хороо хүрдэг цаг байв. Тэгээд Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргаар явлаа даа. ЗХУ-ын хөрөнгөөр байгуулагдсан, эдийн засгийн алдагдалтай, мөнх цэвдэгтэй, хил дээр шахуу тийм газар сольсон авгайгаа аваад явдаг юм. Тэр цагаас хойш ханьтайгаа 40 гаруй жил ханилж дээ. Хүний хувь тавилан юм даа, тэнд л ёстой К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академид сурсанаа бүрэн гаргасан.

-Тухайн үедээ хэцүү юм шиг боловч өөрөө өөрийгөө сорих, нотлон харуулах нэг боломж байж дээ?

-Тийшээ явахдаа тухайн үед орлогч сайд байсан хүн чинь давуу эрхээ эдэлж, техникийг бол ачуулсан. Техникгүйгээр ажил явахгүй л дээ, технологи нь бол миний тархинд байгаа юм. Эхний жилээ 80 хувийн ургац авлаа. Дараагийн хоёр жил нь өндөр ургац авлаа. Төв дөрвөн байгууллагын шагнал, 150 мянган төгрөгөөр хоёр удаа шагнууллаа. Тэргүүний аж ахуй ч боллоо. Тэгээд л буцаад ирсэн дээ. Ах нь ийм л нэг явдалтай эр дээ.

-Унаж л байдаг, босож л байдаг уу?

-Харин тийм. Тэгээд яамандаа буцаж ирээд газрын дарга, Сангийн аж ахуйн яамны нэгдүгээр орлогч сайд, Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга, Хөдөө аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайд гээд томроод явчихсаан.

Сэлэнгэ аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байсан үе 1985 он

-Салбарын сайд хэдэн жил хийсэн бэ?

-Дөрвөн жил.

-Ерөнхий сайдын албыг зургаан сар залгуулсан гэдэг байх аа?

-Тэгсэн. Тэр зургаан сар бол тайван цагийн дөрвөн жилтэй элбэг тэнцэнэ гэж би хэлдэг юм. Өрөөнөөсөө ч гарч амждаггүй, зарим шөнө өрөөндөө хүртэл хонож байлаа. Ардчиллынхан өрөөнд орж ирж ярилцахаараа хоёр монгол ярьж байгаа юм шиг яриад байдаг, гарахаараа ална хядна гээд байдаг. Сая Ерөнхий сайдууд уулзахаар би сануулж хэлсэн чинь цаг үе тийм байж дээ л гэж байна билээ. Ерөнхий сайдын ажлаа өгөөд тэгээд дипломат албанд шилжсэн дээ.

-Орлогч сайдаасаа буучихаад байхад ойр тойрны хүмүүс хэр дөлөв. Тийм таагүй мэдрэмж төрж байв уу?

-Би өөрөө хүмүүсээс дөлөөд, явахын түүс болсон. Ингэж балай болж байхаар явъя гэж бодсон. Хаа очиж тэр үед хэвлэл сонингууд миний тухай нэг их бичээгүй юм шүү. Хотын Намын хороогоор нэг сайн донгодуулж аваад бушуухан яваад өгсөн.

-Тийм дээрээс унана гэдэг амар эд биш байх. Үхэхээс бусдыг үзжээ гэдэг шиг л юм болж?

-Үхэх дөхсөн удаатай. Тэсийн сангийн аж ахуйд очоод албаа авангуутаа ажлаа шалгав аа. Тэгтэл манай аж ахуйд нүдний шил нэг ширхэг ч алга. Уг нь тариаланч хүн тэр шилийг зүүж тоос шорооноос нүдээ хамгаалах ёстой юм. Тэгэхгүй бол сохрох хүртэл аюултай. Тэгээд асуулаа, ийм шил хаагуур байна гэсэн 45 км-ийн зайтай Баянхайрхан сумын хоршоонд байгаа сураг гарлаа.

Тэгээд жолоочтойгоо хоёул цоо шинэ 69-ээ унаад явлаа даа. Хавар цаг, зам харгуй муу. Туулах газрын тэн хагаст орчихсон явж байтал жалганы хөндий цас руу машин ороод онхолдох дөхлөө. Түүнээсээ гарч чаддаггүй. Жолоочоо машиндаа үлдээгээд ганцаар алхлаа. Нэг том бакалтай алхаад л байлаа, алхаад л байлаа. Эхлээд цасан дээгүүр алхаж байтал сүүлдээ цас цөмрөөд салтаанд тулаад явж болдоггүй. Тэгэхээр нь жаахан өгсүүр газар таарахаар нь өнхрөөд цаад эрэг хүрчихнэ, алхахдаа алхсаар бүр цуцлаа.

Ашгүй нэг юм хэдэн хүүхэд салхилуулж байгаа бололтой мотоцикльтой хүн таардаг юм. Учраа хэллээ. Ангийнхаа хүүхдүүдийг орхиод явж чадахгүй гээд өнөө багш хөдөлж өгсөнгүй. Тэгсэн шар хөдлөөд, хүч ормоор янзтай. Зам заалгаж аваад арай гэж сумын төв орж байж билээ. Миний алхаж явааг тэр сумын даргын ээж гадаа сууж байгаад холоос харсан юм биз дээ. Тэгсэн тэр хөгшин “Энэ нэг бол согтуу, нөгөө бол галзуу хүн байна. Хутга шөвгөө далд хийгээрэй” гэж байсан гэсэн.

-Үгүй мөн, эрдүү байжээ?

-Жаахан салхи шуурга шуурч харанхуйлдаг юм уу, үер ус буусан бол тэгээд өнгөрөх байсан. Амьд явах хугацаа, хийх ажлын нуруу дуусаагүй байсан юм байлгүй. Тэндээсээ буцаж очоод байж байтал манай жолоочийн бүх биеэр юм туураад, сар гаруй хэвтэж байж гайгүй болсон. Харин би бурхны авралаар гайгүй өнгөрсөн. 

Элчин сайдаар ажиллаж байх үеийн зураг . Нурсултан Назарбаевын хамт. 1996 он.

-Та ч бэрх хүн юм аа?

-Ах нь ч авгай сольсноос өөр муу зуршилгүй хүн. Тиймдээ ч өдий насалж яваа биз.

-Сайд дарга байхдаа шүүгээндээ ганц нэг хатуу юм хадгалж байсангүй юу?

-Би архи тамхитай залуугаасаа хөндий явсан. Тэмцдэгээрээ нэртэй. Сэлэнгэд байхдаа архитай их тэмцсэн. Орост оюутан байхдаа ч архи дарс ууж байгаагүй. Онцгой үед л юу юм гэхээс.

-Та ер нь ямар улиралд дуртай вэ. Насаараа тариан талбайгаар эргэсэн хүн олон жил уясан морьд шиг болчихдог уу?

-Надад намар л сайхан. Намар чинь найрын улирал, нөгөө талдаа дараагийн ажил амьдралаа төлөвлөх, санаа зовох, ажил дундарч байдаг улирал. Тариагаа харах хэчнээн сайхан. Одоо ч зурагтаар л харах юм даа. Тариаг захаас нь харсан хүн голыг олж хардаггүй юм шүү дээ. Яг дундуур нь диагналдаад явдаг байхгүй юу, тэр дунд нь л хамаг будлиан байдаг. Хэн нь ажлаа муу хийж вэ, хэн нь сайн ажиллаж вэ гэдгийг тэгж л хардаг юм шүү дээ.

-Ахын тань талаар хоёул ярилгүй өнгөрчихлөө. Ах тань ямар хүн байв?

-Ах маань сайн малчин байсан. Эхнэр нь 42-хон насандаа өөд болсон ч 13 хүүхдээ бүгдийг нь хүний зэрэгт хүргэсэн. Одоо ч үр хүүхдүүд нь сайн сайхан яваа.

Гэргий Ц.Амгалан, охидын хамт 2005 он

-Аавыг тань цагаатгасан бичиг хэзээ ирэв?

-Бүр сүүлд хоёр жилийн өмнө миний гар дээр ирсэн.

-Та ч ижийгээс их дурсах юм. Ижийгээ бурханчлан шүтэх тал дээр хүн бүр адил ч та онцгой их ярих юм?

-Миний амьдралд төр засгийн буян их байсаан. Гэхдээ тийм хүнд цагт тэгж амьдралыг авч явсныг нь бодохоор ижийдээ би шүтэж залбирч явдаг юм. Одоо ч миний ижий аав хоёр биднийгээ дээд тэнгэрээс түшиж тэгшитгэж яваа л гэж боддог доо.

Ярилцсан Б.Туул

FB: Batsuuri Tuul

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

2.5 2 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

2 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 Жил

Мундаг хүн юмаа. Гэхдээ анхны эхнэрээсээ 5 6 хүүхэдтэй. Тэр хүүхдүүд тухайн үедээ жоохон байсан байж таарна. Яг л Гарын таван хуруу кино шиг.

Зочин
Зочин
Reply to  Зочин
2 Жил

Лоохууз гуайн дэргэд нээрээ л угжны хүүхэд байж дээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
Close