НийтлэлОнцлох

Чимээгүй “ирэх” нулимс

Дэргэд минь охин үр минь өсөж байна. Өчигдөрхөн өлгийтэй жаахан байсан тэр минь өнөөдөр амьдралд тэмүүлж, аав ээждээ эрхэлж, алс ирээдүйгээ төсөөлөн аз жаргалтай өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа. Түүнийгээ бид аз жаргалтай өсөж байгаа гэж итгэдэг. Гэхдээ яг үнэндээ түүний минь аз жаргал хаана байгаа бол. Өнөөдөр ээж аавтайгаа байгаа амар тайван өдрүүдэд үү, ирээдүйд учрах сайхан хайр, эрдэм номтой сайн хүн болон төлөвшиж ихийг хийж бүтээх их үйлсэд үү, эсвэл “Ээжээ” гэж дуудуулах тэр л торгон агшинд болов уу.

Өнөөдөр охинтой минь нас ойролцоо аав ээжийн алдрай бяцхан үр амьдралдаа ямар эрсдэлтэй шийдвэр гаргаснаа, харуусал харамслын нулимсаа урсгах аргаа ч мэдэхгүй уйлж суугаа. Түүний хийсэн үйлдлийн талаар хүн бүр өөр, өөрийнхөөрөө цахим хуудсандаа илэрхийлж байна. Хэн нэгнийг шүүмжилж, буруутгах, буруутан болгох шиг амархан зүйл үгүй. Гэвч сэтгэл сэмэлсэн таагүй мэдээллийг сонсож, уулга алдаж, айж гайхшрахаас илүүтэй учир шалтгааныг эргэцүүлж бодох хэрэгтэй санагдана.

Өсвөр нас гэдэг хүүхдийн хувьд аав ээж, ах дүүсдээ “Би том болсон” гэж хэлмээр санагддаг оргилуун үе. Аав ээжээрээ хувцсаа өмсүүлэхгүй, амандаа хоол халбагадуулахгүй, ангийнхантайгаа гараад уулзчихдаг, хаяахан кино үзэж, кафед сууж цагийг өнгөрүүлдэг эрх чөлөөг “цагийн хязгаартай”-гаар эдэлж эхэлдэг нас. Нөгөө талаар том хүн болох гэж тэмүүлсэн хүсэл сэтгэлтэй нь ижил бие нь ч өсдөг. Бие физиологийн асар том өөрчлөлтийг дагаад тэдний сэтгэл зүй тогтворгүй, том болчихоод байхад хүүхэд шиг хандлаа гэсэн “бяцхан эсэргүүцэл” цухалзах нь ч элбэг. Энэ л насанд үеийнхээ “хөвгүүн, охин”-ыг хөөрхөн гэж харж, анхны хайрын шохоорхолд хөтлөгддөг. Томчуудад “нялхаараа” харагддаг тэд өөрсөддөө “том хүн” болж буйгаа мэдэрдэг үе.

Хүний амьдралын мөчлөгийн энэ багахан он жилүүдэд өсвөр насныхан томчуудаас үлгэр дуурайл авч, сайн мууг үзэж харж ойлгож, магадгүй зарим нь “атгаг санаатны” хохирогч болох нь ч бий. Ялангуяа өсвөр насны зарим охид муу бодол тээсэн, мунхаг үйлдэлтэй нэгний хүсэл шуналын золиос болж, хүсээгүй амьдралын “хүлээсгүй зовлонтой” учирдаг. 14 настайд минь эзгүй гэрт хамаатны ах халамцуухан орж ирээд энгийн яриа өрнүүлж сууснаа гэнэт тэвэрч аваад, “муу үйлдэл” хийхийг завдсан. Тэр үед нулимс минь урсаж, дуу хоолой минь “чив чимээгүй”, айдас түгшүүр дүүрэн, дотроо хашгирч байсан тэр мөчийг хэзээ ч мартахгүй. Мартахын аргагүй муухай дурсамж. Хувь заяа минь түшиж, тэр ах гэнэт хийж буй үйлдлээ ухаарсан мэт намайг орхиод гараад явсан. Би тэр цагаас хойш түүнтэй дуугараагүй, баяраар уулзаагүй, цагаан сараар ч золгоогүй. Зүгээр л үзэн ядалтын харцаар түүнийг хардаг байлаа. Тэртээ хойно, хэдхэн жилийн өмнө түүнийг энэ орчлонгоос явсан гэх мэдээг дуулаад, хөрсөн биеийг харж зогсохдоо “Таныг би уучиллаа. Амгалан нойрс доо” гэж түүний араас шивнэн зогссон. 30 жилийн дараа. Хэн ч харуусал, харамсал тээж амьдрахыг хүсэхгүйн адил үзэн ядалт хүнийг “хол алхуулдаггүй” гэдгийг ойлгох насандаа ирсэн учраас …

Өсвөр насны охидын жирэмслэлтийн дийлэнх нь “хохирогч” байдаг гэдгийг маш олон судалгаа, тоон баримтаас харж болно. Гэр бүлийн хүмүүжил, ээж аавын хараа хяналт муугаас боллоо гэж олон хүн хэлдэг ч өсвөр насны хүүхдээ өдөр бүр дагаад хамт явах боломжгүй. Тэднийг амьдралтай нүүр тулж, мэдэрч ойлгож ухаарч, алдаа оноогоо цэгнэж, бие дааж сурах хэрэгтэй гэж хэлж ярьж, ханддаг учраас энэ бол буруутныг хайх сэдэв биш. Харин өсвөр насны үр хүүхэдтэй эцэг эхчүүд тэднийг өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, эрхийг хамгаалахын тулд ямар үйлдэл хийж сурах, аливаа таагүй үйлдэл тохиоход нуухгүй үнэнээ хэлдэг байх “зориг”-той болгож өсөхөд анхаарах хэрэгтэй. Алдаа гаргавал загнаж буруутгахаа урьтал болгохгүй, хожим тохиох хор хохирол, учир шалтгаан, гарах үр дүнг хэлж өгдөг байгаасай. Бид бүгд энэ амьдралд анх удаагаа ирсэн ч, тэднээсээ арай эрт ирээд алдаа оноо, сайн мууг илүү их үзэж харж дуулсан учраас “зөв зам руу хөтлөх” ухаан дүүрэн бий. Энэ бол аав ээж, багш сурган хүмүүжүүлэгч, томчуудын үүрэг.

“Муу бодолт, мунхаг үйлт” нэгэн хувь заяаны шийтгэл амсаж, амьдрал нь “хог” болсон нь элбэг байдаг. Тэр ч утгаараа буруутныг бид биш цаг хугацаа шийтгэдэг гэлтэй. Өөрөө шийтгэл амсахгүй мэт харагдах нэгэн байх ч үнэ цэнэтэй бүх  нь нэг л өдөр “үйрч” дуусдаг. Тиймдээ ч эргэх хорвоо ээлжтэй гэдэг.

Алдсан нэгний алдааг шүүмжилж, амьдрах аргагүй болгохоо больцгооё. Таны хэлж байгаа үгний чинь цаана, хийж байгаа үйлдэлтэй чинь зэрэгцэн хэн нэгний амьдрал дуусч, үүрд алсарч одоо ч юм билүү. Хүний амьдралын хатууг мэдэрч, хувь заяаны таагүй “дурсамж” тээсэн нэгэн чимээгүй ирэх нулимсаа арчин, амьдрах аргаа олчих гээд унаж бүдчин яваа ч юм билүү. Уйлж гомдох, харуусаж шаналах өдөр байдаг ч инээж баясах, аз жаргалд бялхах өдрүүдийнх нь төлөө зүгээр л амар тайванг хүс. Амьдралын зам нь гэрэлтэй болно. Алдаа оноо бүхнийг цаг хугацаа шүүнэ. Бид шүүгч биш.

Зовлон нимгэрч, жаргал зузаарах болтугай.

П. Нарандэлгэр

5 4 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

2 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 Жил

horvoo delhiin buh humuus zuv bodoltoi zaya tenuun setgel ni ariun bj uhaan arvin bh boltugai

Зочин
Зочин
2 Жил

Энэ хорвоогийн хамгийн үнэн бол ҮЙЛИЙН ҮРИЙН ХУУЛЬ юм . Бяцхан охиныг ч , бас хэнийг ч бай өгүүлшгүй муухайгаар доромжилсон тэр хүн адгуус та , одоо тайван юу ч… Цааш унших

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
Close