Орон нутагFocus

Уран бүтээлчид “Хантамирын ай” ном гаргана

Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” төвийн төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзжээ. Энэ үеэр аймгийнхаа 100 жилийн ойд зориулан Архангайгаас гаралтай 400 гаруй уран бүтээлчийн бүтээлээр “Хантамирын ай” номыг гаргахаар бэлтгэж байгаагаа дуулгасан байна.

Хантамир төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан  нутгийн “АВ” телевизд ярилцлага өгөхдөө “1600-гаад оноос хойш буюу анхны Зая гэгээний бүтээлээс эхлээд Архангай нутгаас төрсөн уран бүтээлчдийн 400 орчим жилийн хугацааны бүтээлийг нэгтгээд аймгийнхаа 100 жилийн ойд бэлэг барьж байна. 1500 хуудастай, 400 орчим зохиолч, яруу найрагч, шүүмж судлаач, дууны шүлэг зохиогч, мөн зураачдын бүтээл багтана. Ойрын 20 жилдээ гарахааргүй номыг бэлтгэж ирлээ. Манай төвөөс санаачлан хийж байгаа ажлуудын нэгийг аймгийн Засаг дарга дэмжихээр болсонд талархалтай байна” гэжээ.

1955 онд байгуулагдсан Архангай аймгийн Утга зохиолын нэгдэл 2018 онд шинэчлэгдэж, МЗЭ-ийн дэргэдэх Архангайн утга зохиолын Хантамир төв нэртэй болсон байна. Архангайгаас гаралтай бүх зохиолч, яруу найрагч нэгдэж, аймаг руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ботийг бүтээх ажлыг аймгийн Засаг дарга М.Батжаргал дэмжихээ мэдэгджээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close