Эдийн засаг

Газрын тосны олборлолтыг нэмэх шийдвэрээ хэвээр үлдээлээ

Дэлхийн газрын тосны зах зээлийн жишиг болох Брент төрлийн тосны үнэ 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 71.14 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна.

ОПЕК, ОПЕК+ бүлэг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр цахим хурал зохион байгуулж ирэх саруудын газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар хэлэлцлээ. Бүлгийн гишүүд 2021 оны 10 дугаар сард энэ оны 7 дугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ өөрчилсөнгүй.

Газрын тосны олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэвээр үлдээх шийдвэрт энэ оны 8 дугаар сарын тайлан нөлөөлсөн байна. Тодруулбал, тайлант хугацаанд түүхий газрын тосны үнэ 70 ам.доллар/баррелиас дээш байсан, улс орнуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдаж, АНУ-ын занарын тосны үйлдвэрлэл удааширсантай тус тус холбоотой юм.

ОПЕК-ийн шийдвэрийн дараа Брентийн үнэ тэр даруй бараг 3%, WTI төрлийн газрын тосны үнэ 1%-иар буурсан байна.

Энэхүү цахим хурлаар 11 дүгээр сарын олборлолт, нийлүүлэлтийг хэлэлцээгүй учраас дараагийн уулзалтыг 10 дугаар сарын 4-ны өдөр товлосон байна.

Эрчим хүчний зах зээлд худалдаа эрхэлдэг байгууллагууд газрын тосны үнийн төлөвөө шинэчиллээ. JP Morgan 2021 оны 4 дүгээр улиралд Брент түүхий тосны үнэ 74 ам.доллар/баррель хүрч, газрын тосны чиг хандлага Хятад улсын эдийн засгийн хэрэглээ болон бодлогоос шууд хамаарна гэв.

Харин Goldman Sachs 2021 оны 4 дүгээр улиралд 80 ам.доллар/баррель хүрнэ гэсэн таамгаа хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: “Эрчис ойл” ХХК

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close