НийтлэлБайгаль орчинОнцлох

Судлаач Ц. Энх-Амгалан: Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж байгаа нь тал хээр нутгийн экосистемийн үйлчлэл, тэнцвэрт байдлыг доголдуулж байна


Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бидний “бэлчээр” гэж нэрлэж заншсан үетэн өвст тал хээрийн экосистем дэлхийн хуурай гадаргын 54%-ийг эзэлдэг. “Бэлчээр” буюу мал, амьтдын хүнс тэжээлийн эх үүсвэр болдог нь тал хээрийн экосистемийн зөвхөн нэг үйлчлэл юм.

Бид зөвхөн “малын бэлчээр” гэсэн энэ эдийн засгийн ач холбогдол, агуулга талаас нь харж үнэлсээр иржээ. Гэтэл ой, далай тэнгис, гол мөрөн гэх мэт байгалийн бусад экосистемийн нэгэн адил тал хээр нутаг маань бидний амьдралыг тэтгэж байдаг дөрвөн төрлийн экосистемийн үйлчлэл үзүүлдэг. Малын бэлчээр бол зөвхөн нэг төрлийн үйлчлэл буюу нийлүүлэх үйлчлэлд хамаарна. Түүнээс гадна тал хээр нутаг зохицуулах, дэмжих, соёлын гэсэн гурван төрлийн экосистемийн үйлчлэл үзүүлдэг.

Газрын үндсэн 5 элементүүдийн харилцан үйлчлэл ургамлын аймгийн бүтэц, өөрчлөлт, экосистемийн үйлчлэлийн төлөв байдал, тэнцвэрийг тодорхойлж байдаг.

Эх сурвалж: Олон улсын Экологийн эдийн засгийн нийгэмлэгийн “Экологийн эдийн засаг” сэтгүүл, 2010 он.

Тал хээр нутгийн экосистемийн зохицуулах үйлчлэлийн үндсэн үүрэг нь уур амьсгалын таатай орчинг бүрдүүлэх тухайлбал бидний амьсгалдаг агаар, ундаалдаг усыг цэвэршүүлэх, хөрс ургамал нь үер болох, шороо тоос дэгдэхээс сэргийлж байдаг.

Дэмжих үйлчлэлд биднийг хүрээлэн байгаа экосистемийг амьд байлгадаг, байгалийн хувьсал хөгжил явагдах тэр орчныг бүрдүүлж байгаа үйл ажиллагаанууд орно. Тухайлбал, хөрс үүсэх, шим тэжээл боловсрох, усыг шингээх, байгалийн ургамал, амьтдын төрөл зүйлүүд нөхөн төлжих, хувиран хөгжих, тэдгээрийг хамгаалах зэрэг үйлчлэлүүд орно. Олон зуун сая жил бүрэлдэн тогтсон тал хээрийн экосистем байгалийн асар баян генетик нөөцүүд, ургамал амьтны төрөл зүйлүүдийг өөртөө хадгалж байдаг.

Тал хээрийн экосистемийн соёлын үйлчилгээнд материаллаг, биет бус үнэт зүйлүүд тухайлбал энэ нутагт суурьшиж олон зуун мянган жил амьдарсан олон үндэстэн ястны бий болгосон соёлууд, уламжлал, амьдрах ухаан, туршлага, мэдлэг, оюун ухаан шашны үнэт зүйлс орно.
Уур амьсгалын өөрчлөлт, түүнд хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэдэг асуудал улам хурцаар тавигдаж байгаа өнөө үед байгалийн экосистемийг зөвхөн эдийн засгийн ач холбогдлоор харахаас бусад экосистемийн үйлчлэлтэй хамтатгаж цогцоор нь хамгаалах, тэнцвэртэй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт дэлхий нийт илүү анхаарал хандуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол оронд нүүрлээд байгаа бэлчээрийн доройтлын улмаас тал хээрийн экосистемийн үйлчлэлүүд хэрхэн доголдож байгаа нь бидний нүдэн дээр ил ажиглагдах боллоо. Доройтлын үндсэн шалтгаан нь бэлчээрийн даацыг олон жил хэтрүүлэн ашигласны үр дагавар гэдэгийг эрдэмтдийн судалгаа, нотолгоо бүр энгийн ажиглалтаар ч судалж тогтоосон байна. Жишээ нь бэлчээрийн талбайд багахан газрыг туршилтын зориулалтаар түр хашаалаад жил бүр даацанд нь тохирсон мал оруулж идүүлээд ажиглахад хашааны дотор талын хөрсний бүтэц, чанар, бүтээмж, ургамлын сэргэлт, төлжилт хашааны гадна талын бэлчээрийн хөрс ургамалтай харьцуулахад огцом сайжирсан байдаг.

Бэлчээр талхагдлын эхний шинж тэмдэг нь байнга завсар чөлөөгүй идүүлснээр малд идэмжтэй шим тэжээлтэй ургамлын төрөл зүйлүүд цөөрч эхэлнэ, эдгээр ургамлыг нөхөн төлжих чадвараа алдахад хөл газрын хог ургамлууд шарилж, улалж, агь зэрэг ургамлууд түрж урган эзлэх талбай нь нэмэгдэнэ. Эдгээр нэг наст ургамлууд зун ургаад намар тийшээгээ хагдарч бас л малын хөлд нэрвэгдсээр аажмаар ургахаа больж яваандаа бэлчээрийн газар ургамал нөмөргөгүй халцгайрч эхэлдэг.

Ургамал нь нөмрөгийн хамгаалалтгүй болсон хөрс салхи усны эвдрэлд амархан өртөнө. Бүтэц нь алдагдсан хөрс салхи, ус эвдрэлээс хамгаалах, ус шингээх чадвараа алдан салхи босонгуут нарийн шороо түйрэн агаарт дэгдэж, хур буумагц үер болох эрсдэл нэмэгддэг. Монголын нийт тал хээр нутгийн 78 хувь хөрсний элэгдэлд өртсөнийг эрдэмтэд тогтоосон. Бэлчээрийг эрчимтэй ашигласнаар хөрсний бичил биетний идэвхжил суларч, жишээ нь соргог бэлчээрт 1гр шороонд 70-90 сая ширхэг азот хуримтлуулагч бактери байхад давтагдсан бэлчээрт 50-60 ся ширхэг байдаг байна.

Тал хээрийн экосистемийн уур амьсгалын зохицуулах үйлчилгээ доголдож эхэлсний бодит жишээ бидний амьдралд харагдаж эхэллээ.

2021 оны хавар зүүн аймгуудад болсон шорооны шуурганы зураг.
Баянхонгор аймагт сумын төвийн айлын хашаанд хунгарлаж тогтсон элсний нүүдэл. 2021 он

Нөгөө талаас бид ургамлан бүрхэвчээ сүйтгэж Монгол нутгаа мөнхийн салхитай болгож байна. Хэрэв ургамлан бүрхэвч бүтэн байх аваас хавар хагд өвсөөр хамгаалагдаж, хөрсний болон агаарын огцом халалт үүсэхгүй, нэгэн жигд халах бөгөөд Монгол нутгийн агаарын халалт, хөдөлгөөн тогтвортой байна.

Одоо бол Монгол нутаг мөнхийн салхитай болж. Зун цагт салхи их байснаар хурын үүлийг зогсоохгүй хөөж байна. Хурын үүл тогтворгүй байхад хур бороо хомсдоно, хур бороо хомсдоход ургамлын ургалт муудна, ургамал муу ургахаар хөрсний огцом халалт нэмэгдэнэ, хөрсний хэм тогтворгүй болно, хөрсний хэм тогтворгүй байхаар агаарын хэм тогтворгүй. Энэ бүхэн чөтгөрийн тойрог шиг болж мөнхийн салхи улам ихсэнэ.

Тэгэхээр салхи ихэссэн шалтгааныг бид өөрснөө тавьсан, салхийг зогсоох арга боломж бас биднээс хамаарах ажээ. Бид мал сүргээ тооны хувьд цөөлж, чанартай цөөн малтай болбол ургамал сайн ургана, ургамал сайн ургахаар агаарын хэм тогтвортой болно, агаарын хэм тогтвортой болоход мөнхийн салхи зогсоно, хурын үүл тогтвортой болно, хур бороо нэмэгдэнэ, цэцэг ногоо илүү ургана.

Бэлчээрийн талхагдал доройтлоос үүдэн доголдож байгаа тал хээрийн экосистемийн өөр нэгэн үйлчлэл бол хүлэмжийн хий шингээх чадвар юм. Тал хээрийн экосистемийн хөрс, ургамал, ургамлын үндэст асар их хэмжээний нүүрстөрөгчийн буюу хүлэмжийн хийг хадгалагдаж байдаг. Эрдэмтдийн тооцоолсноор дэлхийн хэмжээнд 3,7 га тэрбум тал хээрийн экосистемд 306-330 тэрбум тонн органик нүүрстөрөгч, 470-550 тэрбум органик бус нүүрстөрөгч хадгалагдаж байдаг нь дэлхийн хуурай газарт хадгалагдаж байгаа карбоны 20-25% юм байна.

Манай Монголын хуурай хээр тал нутгийн экосистем соргог байхдаа хүлэмжийн хий ялгаруулахгүй, шингээхгүй тогтмол түвшинд хадгалдаг. Тийм учраас тал хээрийн бэлчээрийг зүй зохистой ашиглавал хүлэмжийн хийн ялгаруулалтыг аль болох нэмэхгүй байдгаараа ач холбогдолтой.

Хүлэмжийн хийг шингээх, үл ялгаруулах зохицуулах үйлчилгээг хэвийн хадгалахын тулд аль болох байгалийн ургамал хөрсийг нь хөндөхгүй байх явдал гэж эрдэмтэд тогтоожээ. Харин бэлчээрээ доройтуулан ургамлан нөмрөг, үндсийн устгавал жилдээ 1 га талбай 1.4-8.6 тн хүлэмжийн хий агаар мандалд цацагдана. Яг өнөөгийн байдлаар Монголын 29 сая га бэлчээр талхагдаж доройтсон байгаа нь жилдээ 130 сая тонн хүлэмжийн хий агаар мандалд ялгаруулж байна гэсэн үг.

Тал хээрийн экосистемийн дэмжих үйлчлэлд хүмүүс биднийг оролцуулан бүхий л амьд амьтад, ургамлын төрөл зүйлийн нөхөн төлжих, хувиран хөгжиж, өөрчлөгдөх орчинг бүрдүүлдэг, байгалийг амьд байлгадаг үйл ажиллагаанууд орно. Хөрс үүсч, шим тэжээл нь боловсрогдон түгээгдэх, ус төрөл бүрийн дүрс хэлбэрт шилжин шингэн хэлбэрээс уур болж дахин шингэн хэлбэрт шилжиж амьд байгалийн тэжээж тэтгэж байдаг энэ бүх эргэлдэх хөдөлгөөн нь тал хээрийн экосистемийн дэмжих үйлчлэлийн нэг үндсэн хэлбэр юм. Олон зуун сая жил бүрэлдэн тогтсон тал хээрийн экосистемийн дэмжих үйлчлэл байгалийн асар баян генетик нөөц, ургамал, амьтны төрөл зүйлүүдийг өөртөө хадгалж, хамгаалж байдаг.

Тал хээрийн экосистемийн дэмжих үйлчэлийг доголдуулж байгаа нэг тодорхой жишээ бол байгалийн ургамлыг нөхөн төлжих боломж, цаг хугацаа олгохгүй дөнгөж хавар цухуйж байх төдийд олон тооны мал үржлийг эрхтэнийн түүж идсээр устгаж байгаа явдал юм. Ургамлан нөмрөг устсаар аажмаар хөрсний үржил шим элэгдэн эсвэл салхи усны эвдрэлд өртөн энэ нутагт амьд амьтан ургамал, бактери, амьтдын амьдрах орчин устан амьгүй хоосон элсэн цөл болж хувирна.

Баянхонгор аймаг, 2019 он

Монголчууд малаа хэт өсгөж, бүх газар нутгийнхаа 60 – 70 хувьд ургамлан бүрхэвчийг талхалж доройтууллаа. Үүнийг урьд нь ямар байсныг мэдэх 40-өөс дээш насны бүх хүний нүдэлд ил харагдаж байгаа. Эрдэмтэд судлаачид ч мөн олон талаас нь баталсаар байна. Гэвчиг төр засаг, малчид хүлээн зөвшөөрч дорвитой арга хэмжээ авахгүй л байна. Ургамалгүй болсон, ургамал нь сийрэгжсэн газрын хөрс нарны гэрэлд огцом хална бас хөрнө. Хөрсний энэ огцом халалт, хөрөлт нь дээрх агаараа мөн адил огцом халаана, хөргөнө.

Агаарын хэм тогтворгүй байх нь агаарын хөдөлгөөнийг тогтворгүй болгоно. Огцом халсан агаар дээш дээш огцом хөөрч, сийрэгжинэ, энэ орон зайд хүйтэн агаар огцом хүчтэй урсан орж ирнэ. Монгол нутагт өдөржин салхилж шөнө нь салхи тогтож байгаа нь үүний баталгаа. Салхи гэдэг агаарын урсгал хөдөлгөөн бөгөөд, халсан агаар дээшээ хөөрч сийрэгжихэд тэр орон зай руу хүйтэн агаар даралтын нөлөөгөөр урсан ирж дүүргэдэг жамтай. Яг энэ үндэслэлээр ургамлан нөмрөг багассан тал хээр нутагтай Монголын агаар бүс нутагтаа огцом халж байна. Сибирь ой модтой учир агаар нь удаан аажим халж байна.

Хэрвээ тал хээр нутгийн маань ургамлын төрөл зүйл, амьтдын тоо цөөрсөөр халцгай газрын хэмжээ тэлсээр байх юм бол хамгийн наад зах нь аялал жуулчлалын салбарт сөрөг нөлөө гарч ирнэ. Ихэнх жуулчид Монголын зах хязгааргүй тал хээр нутаг, нүүдлийн соёл, уламжлалыг үзэж сонирхохоор ирдэг. Гэтэл бэлчээрийн талхагдал доройтол энэ эрчээрээ явбал шарилж хөл газрын ургамлаар дүүрсэн газар ирээд амарч зугаалах биш харин элдэв харшил өвчин авах магадлалтай. Тэгээд ч доройтож халцарсан газар, ядарч сульдсан мал амьтад хүмүүсийг харах гэж ирэх жуулчид байхгүй л боловуу.

Дээхэн үеийн нэгэн нэрт төрийн зүтгэлтний дурдатгалд манайд ирсэн гадны зочид гийчэд, аялагчид, эрдэмтэд Монголын тал хээр нутгийг үзээд “Монголын өвсөн далай” гэж нэрийдэх нь олонтой гэж ихэд бахархан тэмдэглэж үлдээсэн байдаг. Цаг явах тусам бидний арчаагүй зангаас болж байгалийн энэ гайхамшигт бүтээлээс зөвхөн нэр төдийхөн үлдэх вий гэж сэтгэл их эмзэглэх юм.

Баян-өлгий аймаг, 2018 он

Нэлээн юмны зах гадарладаг болов уу гэмээр бас ч үгүй олонд танигдсан хүмүүс хүртэл бэлчээрийн доройтлыг малын тэжээлийн хомсдол, хэдэн малчдын асуудал эсвэл ихдээ уур амьсгалын өөрчлөлт рүү бүх бурууг нь чихэж үл тоомсорлох юм. Бага ч гэсэн ойлголт энэ өчүүхэн өгүүлэл минь өгөх болов уу гэж найдлага тээн бичиж үлдээв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close