НийтлэлОнцлох

Т.Ахай: “Мөнгөн мал-Мөнгөтэй малчин-Мөнх мал” хөгжлийн шинэ загвар

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Баян-Өлгий аймагт хүлээлгэн өгөх ёслолын үеэр 17 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлын талаар Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Т.Ахай мэдээлэл хийсэн. Баян-Өлгий аймгийн хувьд НАМЭМ-ийн төслийн үр дүнг маш сайн хэмээн талууд дүгнэсэн бөгөөд түүний мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран ажилласанаар Баян-Өлгий аймагт олон сайхан үр дүн гарсан. Юуны өмнө мал, малчин, бэлчээр, мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар нэгдсэн ойлголттой болсон. Зөв ойлголттой, зөв хандлагатай байснаар зөв үр дүн гардагийг мэдлээ. Бэлчээрийн менежмэнт гэдэг их өргөн хүрээтэй ойлголт юм байна. Бэлчээр, мал, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл, экологи, эдийн засаг, засаглал, нийгмийн асуудлуудыг бие биенээс нь салгалгүй, органик холбоонд нь авч үзэн цогцоор нь шийдэх арга ухаан юм байна. “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” гэх мэтээр салгах боломжгүй гэдгийг ойлгож, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн загварыг гаргаж ирэхийг зорьсон.

Тухайлбал, малын тоог заавал төлөвлөж байж, бэлчээрийн ачааллыг бууруулах шаардлага тулгарсан. Энэ асуудлыг бүх малчид нийтээр хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ малынхаа тоог бууруулсан малчны эдийн засгийн орлогыг хэвээр байлгах, өсгөн нэмэгдүүлэх боломж байгаа юу гэдэгт анхаарал хандуулан эрэл хайгуул хийж, янз бүрийн арга хэрэгжүүлсэнээр бид загвараа гаргасан. Экологийн  хувьд малын тоо цөөрүүлж, малаа зарсан малчны орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагааг зохицуулах, сум бүрт бэлчээрийн засаглал бий болгох хэрэгтэйг ойлгосон. Сум бүрт бэлчээрийн засаглалгүй, бэлчээрийн асуудал урсгалаараа нийтээрээ ашиглана гэсэн хандлагатай л байсан. Энэ үйл ажиллагааны үр дүнд нийгмийн буюу малчдын амьжиргааны чанар дээшлэх загварыг бий болгосон. Малчин хүн малыг дагаж мал шиг биш, хүн шиг амьдрах боломжтой гэсэн загвар юм.

-4 жилийн дотор малчны хотонд адуу шиг чанартай мал үлдсэн-

Энэ загвараа “Мөнгөн мал-Мөнгөтэй малчин-Мөнх мал” хөтөлбөр буюу “М6” загвар гэж тодорхойлсон. Малын тоог багасгаж бэлчээрийн ачааллыг бууруулдаг, малаа басасгасан малчны орлогыг өсгөн нэмэгдүүлдэг, бэлчээрт засаглал тогтоох хариуцлагын системтэй, малчин хүний амьдралын чанарыг сайжруулдаг загварын хүрээнд ажиллаж, үр дүнд хүрсэн байна. “М6” загвар хэрэгжсэнээр манай аймагт МАА-н салбарын тогтвортой хөгжлийн эхлэл тавигдсан. Тухайлбал

Экологийн хувьд

  • Бэлчээрийн ачаалал жил бүр 25-30 хувиар буурдаг болсон
  • Малын чанар, эрүүл мэнд, ашиг шим сайжирсан. Бэлчээрийн даацаас илүү гарсан малаа жил болгон шилэн сонголт хйж борлуулаад байхад хамгийн чанартай малаа авч үлдэж байна. 4 жил ингээд явахад л малчны хотонд адуу шиг чанартай мал үлдсэн.
  • Бэлчээрийн доройтол тогтвортой буурч эхэлсэн.

Эдийн засгийн хувьд

  • Малын тоогоо бууруулсан малчны орлого 2.1 дахин нэмэгдсэн.
  • Нийт өрхийн малчин 70 гаруй хувь нь мөнгөн хадгаламжтай “Мөнгөтэй малчин” болсон

Засаглалын хувьд

  • Сум бүрт бэлчээрийн засаглал бий болж, хариуцлагын тогтолцоо үүссэн.
  • Бэлчээрийн маргаан багассан.

Нийгмийн хувьд

  • Малчдын байгууллагын систем бий болж тогтвортой хөгжиж байна
  • Малчдын бэлчээр нутгаа ашиглах зүй ёсны эрх баталгаажсан
  • Малчдын амьдралын чанарт дэвшил гарсан.
  • Малчдын дасан зохицох, даван туулах өөрийн чадавх нэмэгдсэн.
  • Малчид малаа малын даатгалд хамруулдаг болсон 3.8 хувь

Энэ үр дүнд 9 төрлийн бүтээгдэхүүн бий болсон.

  1. Гурван тулгуурт малчдын байгууллагын систем үүсэн бий болсон
  2. Малчдын байгууллагад түшиглэсэн бэлчээрийн менежментийн “М6” загвар
  3. Малчдад үйлчлэх “Малчин төв” аймгийн төв болон сум бүрт бий болсон.
  4. Малчдын хувь нийлүүлсэн буюу Малчдын дундын сан, Хадгаламж зээлийн хоршоо бий болсон
  5. Бэлчээрийн менежментийн эдийн засгийн хөшүүрэгтэй болсон
  6. Бэлчээр эдэлбэрийн засаглалын систем бий болсон /журам, гэрээ, гэрчилгээ, ажлын хэсэг/
  7. Хот айлын бэлчээрийн гэрээ /өөр аймгуудад хийгдээгүй. Гэрээний шинэ загвар/
  8. Мал, мах, түүхий эд бэлтгэлийн хоршооны сүлжээ
  9. Бэлчээрийн дэд бүтэц буюу бэлчээр усжуулалт, тэжээлийн нөөц бэлтгэх чиглэлд дэвшил гарсан.

-Малчдын байгууллага сум бүрт байгуулагдан малчидтай хамгийн ойр дотно байдаг болсон-

Дэлгэрэнгүй танилцуулья.

Гурван тулгуурт малчдын байгууллагын системийг бий болгохдоо уламжлалыг их сайн харж, судалсан. Олон жил “Айл нэгтэй амь хүн, санаа нэгтэй саахалт хүн” гэдэг систем явж ирсэн. Энэхүү хот айлын болон саахалтын системийг холбоо нөхөрлөл болгондоо ашиглан зохион байгуулалтад оруулсан. Энэ хүрээнд малчдын холбоо, тбб-ууд сум бүрт байгуулагдсан. Бид үүнийгээ сумын, аймгийн Малчдын холбоо гэж нэрлэсэн. Малчдын хувь нийүүлсэн сан буюу Хадгаламж зээлийн хоршоо 7-г байгуулж, хөдөө аж ахуйн хоршоо буюу мал мах түүхий эд бэлтгэлийн 10 хоршоо байгуулсан байна. Малчдын 202 хэсэг, сумын малчдын 12 холбоо, аймгийн 1 холбоо, 8000 гаруй малчин өрх нэгдсэн. Энэ бодлогын хүрээнд бизнесийн бүтцийн алсын харааг бий болгож, Малчдын дундын сан, Хадгаламж зээлийн хоршоо, биенесийн бүлэгүүд бий болсон.

Малчдын холбоо ТББ, Малчдын хоршоо, Хадгаламж Зээлийн хоршоо гэсэн бие биеэ дэмжээд явдаг механизм МАА-н салбарт шинээр бий болсон нь хамтын ажиллагааны үр дүн. Өмнө нь малчид суманд ирээд сумын захиргаа орж, дараа нь дэлгүүр ордог байсан бол одоо малчид өөрсдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Малчны төв”-өөр ордог болсон. Өнөөдөр манай Малчдын байгууллага сум бүрт байгуулагдан малчидтай хамгийн ойр дотно байж, тэдний бэрхшээл асуудлыг сонсдог их хөлийн газар болон хөгжсөн байна. Мэдээж энэ байгууллага маань малчдын төлөө ажиллана. Ямар нэгэн нам эвсэл, бизнесийн байгууллагын төлөө ажиллахгүй, зөвхөн малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж, амьжиргааг дэмжиж амьдралын чанарыг сайжруулж байна. Мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн загварыг тодорхойлж, хэрэгжүүлэх талаар манлайлагч болохоор ажиллаж байна. Хамгийн гол нь бэлчээр, мал, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хамтад нь анхаарч, нийгмийн өндөр хариуцлагатай байгууллага болсон.

-Бэлчээр, мал, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл нь салшгүй цогц зүйл-

Манай малчдын байгууллагад түшиглэсэн бэлчээрийн менежментийн “М6” загвар нь бэлчээр, мал, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл нь салшгүй цогц зүйл гэдгийг тодорхой болгосон. Малыг хот айлаар нь тооцож, бэлчээрийн даацыг тогтоосон. Өмнө нь нийтээр нь хамруулж, бэлчээрийг хамгаалахын тулд малаа багасгана гэж хамтад нь ярьдаг байсан бол бид яг хэний мал бэлчээрээсээ илүү байна, хаана хэдэн тоогоор илүү байгааг тогтоосон. Энэ ажлыг Малчдын холбоо ТББ, аймгийн Хөдөө аж ахуйн тасагтай хамтран хийсэн. Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг борлуулан Мөнгөн мал болгох асуудлыг шийдсэн. Ингэснээр бэлчээрт гарахгүй, чононд идүүлэхгүй, зуданд өртөхгүй, хулгайд алга болохгүй, маллага хариулгад зардал гардаггүй “Мөнгөн мал” болгох ажлыг Малчдын холбоо ТББ, Малчдын хоршоо, ХААТасаг хамтран хийсэн.

-“Мөнгөн мал”-ыг жилд 24-30 хувиар өсгөдөг болсон-

Бэлчээрт эдийн засгийн хөшүүрэг нэвтрүүлсэн. Бэлчээрийн асуудлыг захиргааны аргаар шийдэж болохгүй. Захирамж гаргаад ч хэрэгждэггүй. Ухуулан сэнхрүлж, уриа лоозон гаргах ажлыг олон жил хийсэн боловч үр дүн гарахгүй, улам л малын тоо өсөөд байсан.  Тиймээс эдийн засгийн арга хэрэглэсэн. Эдийн засгийн хөшүүргийг бид “М6” загварынхаа хүрээнд хэрэгжүүлсэн. “Мөнгөн мал”-ыг бид жилд 24-30 хувиар өсгөдөг болсон. Энэ аргыг дагаж айл өрх бүрийг “Мөнгөтэй малчин” болгох ажлыг Хадгаламж зээлийн хоршоо хийж чадсан. Өөр тогтолцоо хийж чадахгүй. Арилжааны банк хийж чадахгүй хадгаламжийнх нь хүү маш бага байдаг. Тодруулбал, малчин Дорж 1000 мал худалдаад 100 сая төгрөг өөрийн ХЗХ-ны хадгаламжиндаа хийхэд сард 2 хувиар, жилд 24 хувиар өгсөж, дээр нь ноогдол ашиг гэж, 5-6 хувь ирэхээр 30 хувь өсөж байгаа гэсэн үг. Жилд 1000 мал нь 1300 болон өсөж байгаа тул малчил энэ аргыг хүлээж авч, өргөнөөр хамрагдсан. Хэрэв малын тоо буураад орлого буурч ядууралд орох бол малчид хүлээж авахгүй байсан.

-“Манлай эко малчин” гэдэг Засгийн газрын түвшний урамшуулал, шагналын сантай хөтөлбөр хэрэгжүүлсэн-

Бэлчээрийн урамшууллын систем бий болгосон. Ер нь эдийн засгийн хөшүүрэг 2 янз байдаг. Нэгд, урамшууллын систем, хоёрт, татвар нөхөн төлбөр торгууль шийтгэвэр гэсэн хөшүүрэг байгаа. Манай ТББ урамшууллын системийг хэрэгжүүлсэн. Бид “Манлай эко малчин” гэдэг Засгийн газрын түвшний урамшуулал, шагналын сантай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Малчдын хоршоо, ХЗХ, Маркетингийн хоршоо хамтран хэрэгжүүлж байгаа. Бүх суманд засаглалын систем бий болгож, нийтээр дагаж мөрддөг Бэлчээрийн журам, Бэлчээрийн гэрчилгээтэй болгосон.

Малчдын байгууллагын тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанууд явагдаж, малчдын бэлчээр эдэлбэрийн зүй ёсны эрхийг хангах гэдгийг тодорхой болгосон. Тухайлбал, Малчин Дорж хаана байгаа хэдэн га бэлчээрт өвөлжөөд хэдэн мал оруулж ашиглах вэ гэдгийг тодорхой болгож, Бүртгэлийн системээр баталгаажуулж, бэлчээрийн гэрчилгээг малчдын гарт олгох ажлыг сумын ЗДТГ, Малчдын холбоо ТББ хамтарч хийсэн.  

Малчдыг нийгмийн хамгааллын сүлжээнд хамруулж, тэдний амь нас эрүүл мэндийг даатгасан. Малчдад үйлчлэх төвүүд бий болсон. Хамгийн анх Цэнгэл суманд Ногоон алт төслийн 12 сая төгрөгийн санхүүжилтээр барьж байсан. Дараа нь бид хэдэн жилийн дараа өөрийн 40 гаруй сая төгрөгөөр дахин барьсан. 3 тулгуурт хөгжлийн үр шим гэж болох төвүүд бүх суманд баригдсан.

Малчдын дундын сан ба Хадгаламж зээлийн хоршоо бүх суманд бий болоход Ногоон алт төслөөс 12 суманд 190 сая төгрөг өгсөн. Энэ дээр түшиглээд малчдын дундын мөнгө бий болж 17 жилийн хугацаанд малчдаас 6 тэрбум 590 сая төгрөг нийлүүлсэн. Нийтдээ 6 тэрбум 780 сая төгрөг болсон. Ингээд Ногоон алт төслөөс нийлүүлсэн мөнгө 2.8 хувь, Малчдаас нийлүүлсэн хувь 97,2 хувь эзэлж, бид анхны  хөрөнгө оруулсан мөнгийг 35.69 дахин өсгөсөн.

-ХЗХ маань бэлчээрийн менежментийн “Мөнгөн Түлхүүр” болсон-

ХЗХ нь өнөөдөр дараах 3 үүргийг гүйцэтгэж байна.

1. Малчдын хувь нийлүүлсэн санхүүгийн байгууллагатай болсноор малчид өнөөдөр хүний хамгийн нэн тэргүүний хэрэгцээ болсон санхүүгийн асуудлаа шийдэж байна.  

2. МАА-н салбарын тогтвортой хөгжлийн санхүүгийн баталгаатай болсон.

3. Бэлчээрийн менежмэнтийн “Мөнгөн түлхүүр” болж байна. Ер нь аливаа хөдөлж өгөхгүй ажлыг хөдөлгөх хөшүүрэг бол мөнгө. Тэгвэл бэлчээрийн шийдвэрлэж чадахгүй байсан асуудлыг ХЗХ маань шийдэж, бэлчээрийн менежментийн “Мөнгөн Түлхүүр” болсон.

ХЗХ маань нийт 5 төрлийнб бүтээгдэхүүн гаргадаг. Зээл олгож, хадгаламжийг өсгөж, лизингийн үйлчилгээ үзүүлж, даатгалын үйлчилгээ үзүүлж, бүх нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр ажиллаж байна. Бэлчээртэй холбоотой 2 бүтээгдэхүүн бий. “Мөнгөн мал хадгаламж, малчдыг малжуулах “Мөнх мал” зээлийн бүтээгдэхүүн.  

-“Эх нутагтаа ээлтэй, эгэл түмэндээ түшигтэй Манлай Эко малчин” цол, “Жинхэнэ аварга малчин” одон олгож байна-

Бэлчээрийн менежментийн эдийн засгийн хөшүүрэг буюу “Бэлчээрийн сан”-г сум болгонд байгуулсан. Бэлчээр эдэлбэрийн урамшууллын системийг хэрэгжүүлэхээр “Эко малчин” болзол гаргасан. Улмаар “Эх нутагтаа ээлтэй, эгэл түмэндээ түшигтэй Манлай Эко малчин” цол, “Жинхэнэ аварга малчин” одон олгож байна.

Батламж гэрчилгээндээ “Баян-өлгийн аймгийн …. сумын малчин өрхийн  …..   нөхөр ….. эхнэр та нар эх нутагтаа ээлтэй, эгэл түмэндээ түшигтэй, манлай өрх малчин цол олгож, жинхэнэ аврага малчин одон гардуулж байна. Баян-Өлгий аймгийн малчдын холбоо ТББ” гэж бичиж гардуулдан.  Монголын газрын газрын зураг товойлгосон, таван хошуу малыг мөнгөлж дүрсэлсэн 120х90 см хэмжээнтэй гэрчилгээндээ өрхийн гишүүдийн зургийг багтаагаад өгдөг тул малчин өрх хоймортоо залж, үр удамдаа үлдээж өгөх өнөө цагийн малчин хүний үнэ цэнэтэй урамшуулал хэмээн хүлээн авдаг. Шагналын сан нь 4 сая төгрөг. Болзол маш чанга, энэ  шаардлагыг биелүүлж чадсан малчин л шалгарна. Малчид өөрсдөө шилдэгээ тодруулдаг.

-“Бэлчээрийн сан” маань 200 гаруй сая төгрөг болсон-

Бэлчээрийн сангийн талаар зөндөө ярьдаг боловч санхүүжилтийг шийдэж чаддаггүй. Тиймээс эх үүсвэрийг гаргахдаа эхлээд Бэлчээрийн сангийн журам гаргасан. ХЗХ-той яриад энийг яаж бүрдүүлэх вэ, хэрхэн хянах вэ, хэрхэн удирдах вэ, яаж зарцуулах вэ, ямар үр дүн хүрэх вэ гэдгээ журмандаа оруулсан. Тэгээд санг бүрдүүлэх эх үүсвэрээ бүрдүүлэх талаар ярилцаж эхлээд ХЗХ жилийн ашгаасаа 25-30 хувийг төлнө. Тухайлбал, 100 сая төгрөгийн ашигтай ажиллалаа гэхэд 30 саяыг нь Бэлчээрийн санд оруулна. Хамгийн анх Цэнгэл, дараа нь Улаан-ус, Бугат сумдын ХЗХ сангаа бүрдүүлээд одоо “Бэлчээрийн сан” маань 200 гаруй сая төгрөг болоод явж байна.

Гишүүд жил бүр 10 мянган төгрөг төлдөг болсон. Жишээ нь, Цэнгэл сумын Малчны хөгжил ХЗХ 4000 гаруй гишүүдтэй. Үүний 2000 нь сандаа жилийн 10 мянгаа өгөхөд л 20 иод сая төгрөг бүрдсэн. Хоршооны ашгаас 30 сая, гишүүд 20 сая, төсөл хөтөлбөр, даатгалын байгууллага, гээд нэмэгдээд бэлчээрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх сантай болж чадсан. Хандив өргөсөн хүн бүрт “Бэлчээрийн сангийн хандивлагчийн үнэмлэх” гардуулж өгдөг. Зарцуулахдаа малчдын хэсэг бүлгийн үйл ажиллагааны зардал, урамшуулалд зориулдаг. Малчдын хэсэг бүлэг, унааны зардал, урамшуулалд, сумын жил бүрийн бэлчээрийн зөвлөгөөний зардал, аймгийн бэлчээрийн зөвлөгөөний зардалд гаргадаг. Эко малчин шалгаруулах ажлын зардал,  урамшуулал, зуд гамшгийн үед өвс тэжээлээр хангах, нөөц бүрдүүлэхэд зарцуулдаг.

-Хот айлын бэлчээрийн гэрээг бүх малчин өрх гарын үсэг зурж баталгаажуулдаг-

Бэлчээр ашиглах, хамгаалах талаар бүх нийтээр дагаж мөрдөх журам их чухал. Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг чадавхижуулах хэрэгтэй. Төр захиргаатай хамтран ажиллах, чадавхижуулахад төсөв гаргадаг.

Хот айлын бэлчээрийн гэрээнд өвөлжөөний бэлчээрийн талбай, ашиглах малчны  нэр ашиглах хугацаа, малын хөлөөс чөлөөлөх цаг хугацаа, хэдэн мал хариулах бэлчээрийн даацыг тодорхой бичиж, бүх малчин өрх гарын үсэг зурж баталгаажуулдаг бэлчээрийн засаглалын систем бүрдсэн. Үүндээ түшиглээд бид бэлчээр ашиглах эрхийг гэрчилгээ олгоно. Сумын засагд дарга гаргаж өгнө. Энэ бол манай гол бүтээгдэхүүн

Мал, мах түүхий эд бэлтгэлийн сүлжээ бий болсон. Хоршоо байгуулагдахаас өмнө аймагт дандаа түүхий эдээ чэнжид өгдөг байсан. Голдуу хятадын ченжүүд мөнгөөр түрий барьсан шинжтэй байсан. Харин одоо нийт малчин өрх хоршоонд бүрэн хамрагдсан учраас малчид хоршоогоо дэмжиж, түүхий эдээ нийлүүлээд явж байна.

-2005-2020 онд нийт 8.0 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хадлан хадсан-

Бэлчээрийн дэд бүтцийг дэмжих хүрээнд Ногоон алт төслөөс нилээн их хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Харганатын хадлангийн 15 км урт чулуун хашаа барьсан. Энэ 1060 га хадлангийн талбайгаас жил бүр 500 гаруй өрх 650-700 сая төгрөгийн өртөг бүхий 3000 тонн хадлан бэлтгэж явдаг. 2005-2020 онд нийт 8.0 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хадлан хадсан. Ногоон Алт төслийн хамгийн сайн явж байгаа хөрөнгө оруулалтын нэг. Ногоон алт төслөөс 26 сая төгрөг өгсөн, малчид 16 сая төгрөг нийт 42 сая төгрөгөөр 2005 онд анх энэ хашааг барьсан.

-Хараат бус бие даасан бүрэн эрхт тогтолцоо болон хөгжинө-

Аливаа хэрэгжсэн төсөл дуусахад хийж хэрэгжүүлсэн ажил нь зогсож, байшин барилга нь үүд хаалгаа хаадаг бол Ногоон алт төслийн хүрээнд хийгдсэн ажил болон бий болсон тогтолцоо алга болохгүй. Бид тогтвортой хөгжлийн төлөө тууштай явж байна. Тухайлбал, малчдын төлөө ажиллаж, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллаж, амжиргааг дэмжин, орлогыг нэмэгдүүлэн, амьдралын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгоо баримтална. Бэлчээр, мал, малчин, МАА-н үйлдвэрлэлийн хүний төлөө гэсэн эдийн засаг, нийгмийн асуудал хэвээр үргэлжилнэ. Малчдын байгууллагын дараагийн үе шат хөгжинө. Бид өнгөрсөн хугацаанд засаг, засаглал, алсын хараа, зарчим, эрхэм зорилго, гишүүд дэмжигч, удирдагч манлайлагч мэргэжилтнүүд гээд хүний нөөц, хөрөнгө санхүүгийн нөөцөө бүрдүүлсэн. Энэ бүхнийгээ хооронд нь нягт уялдуулж, санхүүгийн талаас хараат бус бие даасан бүрэн эрхт тогтолцоо болон хөгжинө.

Бэлчээрийн менежментийн “М6” загварыг бүх түвшинд хэрэгжүүлж, арга менежментээ нарийсган, шийдвэрлэх асуудлын хүрээг нэмнэ. ХЗХ маань өргөжинө. Цаашдаа салбарын боловсруулах үйлдвэрүүдийг өөрсдийн хүч хөрөнгөөр барихаар төлөвлөж байна. Хөрөнгийн асуудлыг шийдэх түвшинд хүрнэ.

-Энэ жил ядуу малчдыг малжуулах “Мөнх мал” хөтөлбөрт 1 тэрбум 200 сая төгрөг төсөвлөөд байгаа-

Бэлчээр эдэлбэрийн эдийн засгийн хөшүүргийг хөгжүүлж, бэлчээрийн сангаа тогтвортой өсөн нэмэгдүүлнэ. Ойрын 5 жилийн хугацаанд манай бэлчээрийн сан тэрбум төгрөгт хүрнэ гэж найдаж байна. Бэлчээрийн систем болон ядуу малчдыг малжуулах “Мөнх мал” загвар тогтвортой үргэлжилнэ. Энэ жил ядуу малчдыг малжуулах “Мөнх мал” хөтөлбөрт 1 тэрбум 200 сая төгрөг төсөвлөөд байгаа. Малчин өрхийн 80 гаруй хувь нь ядуу байгаа. Тиймээс 6 сумаас 120 өрхийг сонгон өрх бүрт 10 сая төгрөгөөр “Мөнх мал зээлийн бүтээгдэхүүн гаргаснаар 50 гаруй хувьтай хэрэгжээд явж байна. Он дуусахад бүрэн хэрэгжинэ. Ойрын хэдэн жилдээ ядуу малчдын 30 гаруй хувь нь дундаж малчдын эгнээнд хүрнэ гэж тооцож байгаа.  

Бэлчээр эдэлбэрийн хариуцлагатай засаглалын хөгжлийг дэмжиж, нутгийн захиргаатай нягт хамтран ажиллана. Сумд ч санхүүгийн эрх чадамжтай болж, манайхаас дэмжээд  мөнгөний боломжтой, урамшуулалтай болсоноор тогтвортой тууштай ажиллана гэж үзэж байна. Бид цаашид малчдын байгууллагын орон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг улам эрчимжүүлж, аливаа нам, улс төр, төсөл хөтөлбөрөөс хараат бусаар бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж, стратеги менежментийн хувьд биеэ даасан, дархлаагаа хангаж, “Тогтвортой ногоон хөгжлийн төлөө” тууштай ажиллах болно. Итгэлтэй амлаж байна. Манай загварыг бусад аймгууд их сонирхож, хэрэгжүүлэх хүсэл зорилготой олон хүмүүст зориулж, ”Бэлчээрийн менежмент ба Малчдын байгууллага” гарын авлага хэвлүүлсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой.

Ингээд Монгол орны баруун зах хязгаар нутагт амьдардаг үндэсний цөөнхийн амьдрал ахуйд дэмжлэг үзүүлж, олон жил хамтран ажилласан Швейцарын Холбооны Улсын Засгийн газар, ард түмэн болон Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олонд казак, урианхай, тува малчид болон нутгийн захиргаа, малчдын байгууллага үргэлж талархаж явдагаа илэрхийлж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close