НийтлэлНийгэмОнцлохШинэ мэдээ

“Тод манлай” тэмцэгч

Цэв цэлмэг хөх тэнгэр, тэртээд цэнхэртэх уул толгод, зах үгүй мэт тэнгэрийн хаяа, хязгаар нь үл мэдэгдэх энгүй уудам тал. Юунд ч үл ажран энэ бүгдийг харж суухад ер бусын амар амгалан болж, сэтгэл доторхоо бүгдийг нь уудалж, онгойлгох шиг мэдрэмж төрдөг. Энэ бол Монгол Улс. Тэр дундаа Монголын говь нутаг билээ.

Энэ сайхан нутагт Лхамдооровынх үе дамжин нутаглаж, мал маллан амьдарч иржээ. Эцэг өвгөдөөс сурч мэдсэн арга ухаанаараа малаа өсгөн үржүүлж ирсэн түүнд “хүүхдүүдээ эрдэм номын мөр хөөлгөнө гэхээс илүү малчин болгох” хүсэл байлаа. Малын буян заяа их ээ. Түүний хүү Л.Батцэнгэл наймдугаар ангиа төгсөөд сургуульдаа үргэлжлүүлэн сурах эсвэл малчин болох гэсэн хоёр сонголттой нүүр тулахад аав ээжийнхээ шийдвэрийг дагаж, мал дээр гарав. Хэдийгээр тэр чамгүй орос хэлтэй, сурлагадаа сайн хүүхэд байсан ч малчин болох сонголт хийсэндээ сэтгэл дундуур байсангүй. Энэ бол 1989 он.

Үнэт зүйлсээ алдсан нь

2004 оны намар. Өмнөговь аймгийн Ханбогд сум.

Говь нутагт тэмээ зэлүүд газар бэлчээрлээд явж л байдаг, малчид тэмээгээ хариулна гэж үгүй. Харин намар цагт малчин залууст тэмээ малаа цуглуулж, бөөгнүүлж, бүртгэх их эрлийн ажил бий. Энэ үед гэрт хөгшчүүл, бага балчир хүүхдүүд үлдэх нь олонтаа. Энэ л жишгээр Л.Батцэнгэлийг хоёр ахтайгаа хамт малаа цуглуулахаар явсан араар ээж нь гэртээ үлджээ. Ийм үеийг ашиглав уу гэлтэй, сум орон нутгийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч компанийнхантай нийлж настай ээжээр нь нэгэн гэрээнд гарын үсэг зуруулаад авсан байна. Харин тэд үүнийхээ оронд хэдэн ширхэг алим, нэг орны бүтээлэг өгсөн гэдэг. Хөөрхий хөгшин гэрээнд гарын үсэг зурахдаа олон арван жил амьдарч ирсэн малынхаа бэлчээр, өвөлжөөгөө харийнханд алдана гэдгээ яаж мэдэх билээ.

“Хөгшчүүл социализмын үеийн хүмүүжлээрээ дарга нар юу гэж хэлнэ, тэр үгээр нь байдгийг далимдуулан ээжээр гарын үсэг зуруулчихсан байсан. Хэдэн үеэрээ төрж өсөж, торнисон, идээшиж дассан нутгаасаа нэг л өдөр хүчээр нүүнэ гэдэг хүний сэтгэлд буумгүй тийм хэцүү байдаг юм билээ.” Л.Батцэнгэл

Л.Батцэнгэлийнхээс гадна 10 гаруй айлын өвөлжөө Оюутолгой гэх өнөөг хүртэл хэл ам дагуулсаар байгаа уурхайн талбайд багтсан. Эдгээр айлын зарим нь эсэргүүцэл үзүүлж тэмцсэн боловч төсөл хэрэгжүүлэгчид “Та нар нүүхгүй гэвэл эндээ уурхайд эзлэгдээд байж л бай. Нөхөн олговор ч үгүй, өвөлжөө ч үгүй юм болно шүү” гэж аргагүй байдалд оруулсан байна. Ингээд тэд арга буюу хөрш саахалт айлуудынхаа “бэлчээрийг шахаж”, шинэ өвөлжөө гаргаж нүүсэн байдаг.

Биет нүүлгэлтэд багтсан айлуудад Оюутолгой компаниас барьж өгсөн зуны сууц, малын хашаа

Тэдний хуучин өвөлжөө Ундайн голын сав газарт, олон жил хүн, мал, амьтан ундаалж ирсэн “Бор-Овоо” хэмээх булгаас холгүй зайд байв. Өвлийн богино өдөр мал ус руу явж ундлах замдаа бэлчээрлээд орой хотондоо ирэхэд яг нэг өдөр таардаг. Илүү бэлчээр шаардлагагүй. Ингэж л бэлчээрийн зохицуулалт хийдэг байж. Нүүдэлчин ард түмэн малын бэлчээр, усаа сонгохдоо хүртэл ямар мэргэн ухаан гаргаж, байгаль эх дэлхийгээ хайрлаж байсныг энэ жишээ харуулна.

“Бор-Овоо”-оос гадна Бумбат, Хар хад, Хөхийн зэрэг 20 гаруй булаг Ундайн голын сав газарт байдаг. Харин одоо… Ундайн гол дээр уурхайн үйл ажиллагаа явагдаж 30 метр гүн ухаж, ил аргаар олборлолт хийжээ. Ахиж хэзээ ч сэргэхгүйгээр Ундайн гол, 20 гаруй булаг, задгай ширгэн үгүй болж.  

Бор-Овоогийн задгай энэхүү жаазтай зурганд л мөнхрөн үлджээ

“Бидний өвөг дээдсийн олон зуун жилийн турш нандигнан хайрлаж бидэнд өвлүүлж үлдээсэн асар том соёл байдаг. Энэ бол жилийн дөрвөн улирал малаа даган нүүдэллэн амьдрах арга ухаан юм. Миний ухаан орсон цагаасаа л хойш хийж ирсэн, бүтээж ирсэн тэр бүх ажил минь мал аж ахуй байлаа. Гэтэл энэ уурхай бий болсноос хойш малынхаа ашиг шимийг хүртэж амьдарч ирсэн бидний энэ өв уламжлал надаар дуусгавар болж, түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх тэр үнэт залгамж чанар бүр мөсөн үгүй болсон” хэмээх түүний яриа өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлнэ.

Л.Батцэнгэл зуугаад тэмээ, 600 гаруй бог, 30 орчим адуу, 20 гаруй үхэртэй бараг л мянгат малчин гэж хэлж болохоор дайны малаа өсгөн үржүүлж байв. Гэхдээ тэр тоо бус чанарыг чухалчилдаг. Малаа чанарлаг байлгахыг хүсч, тийм ч байлгаж ирж. Малтай байхдаа амар тайван, аз жаргалтай, дутагдах гачигдах зүйлгүй амьдарч, тэмээ, адуу аль алийг нь сорлог болгож, түүгээрээ “гоёж, гангарч” байв. Бас хаа ч гараад давхихад өдрийн цогио даачихмаар унаа сайтай, өнгөлөг, зүстэй адуутай байжээ.

Нутгийн уяач ах нараар заалгаж, жижиг наадамд хурдан хүлгээ сойж, уралдуулж явсан удаа бий. Энэ дурсамжаа ярих түүнээс бахархал, хүсэл тэмүүллийн их эрчим ундарч байв. Алдарт уяач болох хүсэл зорилготой байсан түүний амьдрал ийнхүү голомтоороо, үндэс сууриараа үгүй болоод зогссонгүй амьдралд нь өнгө, утга учир, хөг нэмж байсан хүсэл тэмүүллийг нь ч бас үгүй хийжээ.  

Өв соёлоо үрэгдүүлсэн эмзэглэл

Өвөлжөө, бэлчээрээ сүйтгүүлж, хөрш саахалтынхаа бэлчээрийг шахан нутаглах болсон Л.Батцэнгэл мал ахуйгаа өсгөн үржүүлэх гэж болохоосоо болохгүй хүртэл хичээж явсан байдаг. 2011 оноос эхлэн зам тавих, нисэх онгоцны буудал, агуулах, гүний хоолойн шугам, өндөр хүчдэл барих зэрэг Оюутолгой төслийн үйл ажиллагааг дэмжих дэд бүтцийн коридор байгуулах ажлууд хийгдсэнээр түүний шинэ бэлчээр улам л багасаж уурхайн нөлөөлөлд дахин өртсөн байна. Гэсэн ч дээрх бүтээн байгуулалт баригдсан газарт нутаглаж байгаа 89 айлыг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж төслийнхөн үзэж, малчидтай “Эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн гэрээ” байгуулжээ.

Тус гэрээ ёсоор малчдад нөхөн олговор олгох үүднээс зам арчилгааны ажилтан гэсэн ажлын байр гаргаж өгсөн боловч ачир дээрээ гаднынхны тарьсан хогийг түүх ажилтай болсон байна. Л.Батцэнгэл сумын төвөөс 30 километр зайд байрлах нисэх онгоцны буудал орчмын хогийг түүдэг байжээ. “Энэ сайхан нутаг оронд баялгийн эзэд болж төрж өссөн малчид малаа бэлчээх нутаггүй болж, сүйтгүүлээд зогсохгүй бүр шар толгойтнуудын хог новшийг түүгээд явж байх ч гэж дээ гэсэн эмзэглэл, харуусал, доромжлол” Л.Батцэнгэлд төрсөн тэр үеэс түүний тэмцэл хуулийн хүрээнд эхэлсэн байдаг.

Тодруулбал, Оюутолгойн уурхайн талбайд өвөлжөө бэлчээр нь багтаж нүүлгэгдсэн 14 айл, дэд бүтцийн коридор газрын нөлөөлөлд өртсөн 89 өрх, цаашлаад Ханбогд сумын нийт 380 гаруй малчин өрхийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар Б.Эрдэнэбаяр, н.Намсрай зэрэг санаа сэтгэл, үзэл бодол нийлсэн нөхөдтэйгээ хамтран “Говийн газар шороо” ТББ-ыг 2012 онд үүсгэн байгуулжээ.

“Хүн болгон миний эрхийг зөрччихлөө гээд дор бүрнээ дугараад явах юм бол бид юунд ч хүрч чадахгүй. Нийт малчдынхаа эрхийг хамгаалангаа өөрийнхөө эрхийг давхар бодоод явах нь бидэнд оновчтой санаа байсан.” Б.Эрдэнэбаяр “Говийн газар шороо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Ханбогд сумын 3-р багийн малчин

Малчны хотоос хэлэлцээрийн ширээнд

Энэ үеэс хойш уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөж эрх нь зөрчигдсөн бусад малчид; ус, бэлчээр болон байгаль орчинтой холбоотой бүхий л асуудлаар олон улсын байгууллага болон “Оюутолгойн хяналт” ТББ-тай хамтарч ажиллан “Дэлхийн Банкны Группийн Эрх зүйн нийцэл хяналт, зөвлөгөө, омбудсмэний газарт” гомдол гаргажээ.

Энэхүү байгууллагаас үнэлгээ хийгээд “малчдын нөхцөл байдлыг хүлээж авах бүрэн үндэслэлтэй гомдол” байна гэдэг тайлан дүгнэлт гаргасан байна. Энэ мэтчилэн дотоодын төдийгүй олон улсын байгууллага, хөндлөнгийн шинжээчид хандаж, тайлан дүгнэлт гаргуулж, таван жил уйгагүй хөөцөлдсөний дүнд “Малчдын гомдол барагдуулах гэрээ”-г Оюутолгой компанитай байгуулжээ.

Анх компьютер асааж унтраахыг ч мэддэггүй байсан малчин залуу өөрийн мөнгөөр нөүтбүүк худалдан авч, шаардлагатай бүхий л программуудыг суралцан, АНУ-д хоёр ч  удаа нутаг орон, малчдынхаа нөхцөл байдлыг танилцуулсан илтгэл тавьсан байдаг.  Хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон жил тасралтгүй ажиллаж буй, 2010 оноос хойш Ханбогд сумын малчдад дээрх чиглэлээр сургалт зохион байгуулж, дэмжлэг үзүүлж, олон улсын байгууллагад гомдол гаргахад хамтран ажилласан “Оюутолгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл “Малчин хүн атлаа компьютер сайн эзэмшсэн, түүн дээрээ байнга ажиллаж байдаг. Олон улсын хуралд өөрийн хэлэх гэсэн санаагаа ойлгуулчих хэмжээний илтгэл бэлтгэж, түүнийгээ танилцуулдаг болтлоо өөрийгөө хөгжүүлсэн.” хэмээн ярьсан юм. 

Дээрх түүхээс харахад хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно, гагцхүү түүнд бусдыг гэсэн чин сэтгэл; эрх мэдэлтэй, хүчтэй, мөнгөтэй хүмүүсийн эсрэг зогсож чадах зориг зүрх байх нь чухал ажээ. Зориг гэхээр нударга зөрүүлж, хүч хэрэглэж хүний эрх хамгаалах нэрийн дор бусдын эрхийг зөрчинө гэсэн үг биш билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 онд Хүний эрхийг хамгаалагчдын тухай тунхаглалыг батлан гаргасан бөгөөд үүнд “хүний эрхийг хамгаалагч нь үндэсний болон олон улсын хэмжээнд энх тайван аргаар хүний эрхийг хамгаалах, хамгаалахыг уриалан дуудаж буй хувь хүн болон бүлэг хүмүүсийг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.

Манай улсын хувьд 2017 оноос хойш хүний эрх хамгаалагч гэж хэн болохыг тодорхойлж, тэдний эрхийг хэрхэн хамгаалах талаар бие даасан хуультай болох зорилгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байдаг. Тус хуулийн төсөлд “хүний эрх хамгаалагч гэж дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүнийг хэлнэ” гэж тусгасан. Дээрх тодорхойлолтуудаас дүгнэхэд хуулийн хүрээнд, хүч хэрэглэхгүй, тайван замаар асуудалд хандах нь ямар чухал болохыг Л.Батцэнгэлийн түүх тодхон харуулжээ.

Ер нь аливаа зүйл үргэлж тэгш дардан байдаггүй. Эрх нь зөрчигдсөн малчдын төлөө зүтгэж байхад түүнд саад бэрхшээл чамгүй л учирч байж. Энэ тухай тэрээр “Хүний эрх хамгаалах энэ үйлсийг төр хүлээн зөвшөөрч, ойлгодоггүй. Төсөл хэрэгжүүлэгч ч ойлгодоггүй. Тэдний зүгээс олон нийтэд энэ нэг нөхөр илүү юм авах гээд л ингэж байна гэдэг буруу мессеж өгдөг. Намайг нийгэмд буруугаар харагдуулах гэсэн ийм саад бэрхшээл зөндөө байсан” гэж ярьсан.

Тийм учраас цаашид эрхээ хамгаалуулж буй хүмүүс өөрсдийнх нь төлөө тэмцэж байгаа нэгнээ хамгаалах ёстой. Тэд хүний эрхийн тухай зөв ойлголт мэдлэгтэй болж, өөрсдийнх нь төлөө ажиллаж байгаа хүнээ хамгаалснаар “хүний эрх хамгаалагч” гэдэг нэр баталгаатай болох юм. Нөгөө талаар дээр дурдсан хууль батлагдвал Л.Батцэнгэл шиг зөв замаар чимээгүйхэн атлаа амжилттайгаар алхаж буй хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хамгаалалт улам л баталгаатай болох ажээ.

Зүтгэсний төлөөх үр дүн

  • Л.Батцэнгэл Гурван талт зөвлөлд (малчдын төлөөлөл, сум орон нутгийн захиргаа, Оюутолгой компанийн төлөөлөл бүхий тус зөвлөлийг тэрээр үүсгэн байгуулалцаж, даргаар нь хоёр удаа ажиллаж байсан) байхдаа нэхэмжлэлийн хороо байгуулж, хөөн хэлэлцэх хугацаагаар нөхөн олговор авах шаардлага хангасан Ханбогд сумын 160 гаруй айлд нийт 4 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрыг Оюутолгой компаниас гаргуулжээ.

“Оюу толгой компани хөөн хэлэлцэх хугацааны дагуу олон айлын гомдлыг барагдуулсан нь үнэн. Энэ гомдлыг барагдуулахад Л.Батцэнгэл малчдыг төлөөлж ажилласан. Түүнийг Гурван талт зөвлөлийг үүсгэн байгуулалцаж, ажиллаж байхдаа зөвлөлөө сайн удирдаж байсан хүн гэж дүгнэнэ. Малчдын төлөө, иргэдийн төлөө, нутаг усныхаа төлөө дуу хоолойгоо гаргаж, хүргэх газар нь хүргэж байсан. Энэ бол цаг хугацаа шаардсан том үүрэг шүү дээ.” хэмээн хөөн хэлэлцэх хугацаагаар нөхөн олговор авсан малчдын төлөөлөл болох Ханбогд сумын 3-р багийн малчин Ц.Энхтуяа ярьсан юм.

  • “Монголд бэлчээр нийтийн эзэмшилд байдаг учраас Оюутолгой уурхай орчимд байгаа хэдхэн малчид хохирсон бус цаг зудын нөхцөл байдал ямар байгаагаас шалтгаалж хэнийх ч, хаана ч очиж, нүүж өвөлжиж хаваржих, бэлчээр нутгаа сэлгээд явах боломжийг алдагдуулсан учраас Ханбогд сумын нийт малчид нөлөөлөлд өртсөн” гэдэг дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан нь түүний тэмцлийн бас нэгэн чухал үр дүн юм. Тиймээс малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, малчдын амьжиргааг дэмжих (нийтийн нөхөн олговор) зорилгоор худаг засварын бригад, гүүрэн худаг гаргах, малчны зах, мал нядалгааны зам, сүү цагаан идээ боловсруулах үйлдвэр барих ажлыг Оюутолгой компани бүрэн хариуцахаар болсон байна.

Эдгээрээс гадна техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх, худаг гаргуулах, завсарлуулах зэрэг олон ажил байгаа хэдий ч түүний хувьд хараахан хүссэн үр дүндээ хүрээгүй гэж үзэж буй. Тодруулбал, 2017 онд байгуулсан Малчдын гомдол барагдуулах гэрээнд тусгасан малчдын амьжиргааг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өнөөг хүртэл хийгдээгүйд тэр сэтгэл дундуур байна. Хэдийгээр өдгөө тэр өөрөө мал аж ахуй эрхлээгүй ч бусад айл өрхүүд малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг шимийг нь хүртэх хэрэгтэй гэж зорьж буй учраас эхэлсэн ажлаа дуустал нь үргэлжлүүлэн ажиллана гэж байлаа.

“Өөрийнх нь хэрэг бүтээд гомдол нь барагдчихаар хүмүүс чимээгүй болоод орхидог. Л.Батцэнгэлийн хувьд бусдын төлөө үргэлжлүүлээд уйгагүй явсаар байгаа цөөхөн хүний нэг.” Д.Сүхгэрэл Оюутолгойн хяналт ТББ-ын гүйцэтгэх захирал

Энэхүү ээдрээт, олон жилийн турш үргэлжилж буй хүний эрх хамгаалах ажлыг Л.Батцэнгэл сайн дураараа хийж байгаа. Ингэлээ гээд хэн нэгнээс цалин мөнгө авч, ашиг хонжоо горьдоогүй. “Бусдын төлөө хийж байгаа ажил бүтвэл миний ажил бас давхар бүтэх ёстой” гэсэн үзэл бодол түүнд байдаг учир өдий хүртэл замаасаа няцаж хазайлгүй, зарчимч шударгаар явж иржээ. 

“Нэг нутаг усанд олон хүүхэд төрж өсдөг. Энэ дотроос бусдынхаа төлөө, нутаг орныхоо төлөө, эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө амьдрал ахуй, цаг зав, хөрөнгө мөнгөө зарж, эрсдэлтэй алхмуудыг хийж шийдэмгийгээр тэмцэж байсан хүн бол яах аргагүй манай Л.Батцэнгэл мөн. Хэн ч тэг гэж хэлээгүй, шахаж шаардаагүй, ямар ч цалин мөнгө урамшуулалгүй ийм ажилд өөрийнхөө чин сэтгэлээр, оюун ухааныхаа чадамжаар идэвхтэй, маш их хичээж зүтгэсэн хүн шүү дээ. Би Л.Батцэнгэлийнхээ энэ хөдөлмөр зүтгэлийг үнэлж явдаг. Зарчимч, үнэний төлөө явна уу гэхээс өөрт оногдох ашгийн төлөө явдаггүй нь надад маш их таалагддаг.” хэмээн түүний хамтран зүтгэгч Б.Эрдэнэбаяр ярьсан юм.

Малчны хотоос хэлэлцээрийн ширээний ард амжилттайгаар сууж, бусад иргэдийн эрхийг хамгаалахаар хоёргүй сэтгэлээр тэмцсэн тэрээр “Энэ бүх цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, амжилтын ард надаас гадна Д.Сүхгэрэл эгч, миний журмын нөхөд болох Б.Эрдэнэбаяр, н.Намсрай болон малчин ардууд минь хамт байсан. Би тэдэнтэйгээ хамтран зөвлөлдөж байж урам зориг орж, цаашид улам хичээнгүйлэн ажиллах эрч хүчийг авдаг байсан” гэж тэр онцгойлон хэлж байв. Үүгээрээ тэр би хэмээн цээжээ дэлдэгч биш эгэл даруу, бусдын ач тус, хамтын хөдөлмөр зүтгэлийн үнэ цэнийг мэдэрдэг гэдгээ харуулсан билээ.

Хэрэв Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюутолгойн уурхай ажиллаж эхлээгүй байсан бол тэр өнөөдрийг хүртэл мал аж ахуйгаа эрхэлж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, магадгүй Монгол Улсын Тод манлай уяач болчихсон ч байж мэднэ. Харин хувь заяаны эрхээр ийнхүү хүний эрхийг хамгаалагч болсон түүний 10 гаруй жилийн түүхийг дүгнэхэд “Монгол Улсын тод манлай тэмцэгч” хэмээх алдрыг өгөхөд буруудахгүй, үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг

“ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН” уралдаанд зориулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close