Засгийн газарОнцлохШинэ мэдээ

Я.Содбаатар: УОК-ын дарга би хариуцлага хүлээж огцорч байна

Өргөө амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлэгт өчигдөр амаржсан ээжээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-д шилжүүлэхдээ гадуур хувцасгүй, гэрийн углааштай нь хүйтэн автомашинд суулган авч явсан нь хүнлэг бус үйлдэл хэмээн бухимдсан иргэд УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцрохыг шаардаж Төв талбайд жагслаа.

Эмнэлгийн ажилтнууд алдаа дутагдал гаргасныг УОК-ын дарга, ЭМЯ болон ХӨСҮТ-ийн удирдлага хүлээн зөвшөөрч, тухайн ээж болон ар гэрийнхнээс нь уучлалт хүссэн. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын удирдлага би огцорч байна. Өчигдрийн үйлдэлд гүнээ харамсаж чин сэтгэлээсээ би мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан асуудал биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад бас харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна.  Хариуцсан салбар даалгасан ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэлээ. Монгол Улс дотооддоо коронавирусын халдваргүй 10 сарыг үдсэн. Бидний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил зөв стратегитай байсан гэдгийг онцолж байна.

Бид дэлхийд COVID-19 цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж буй таван улсын нэг болж байгаа. Тун удахгүй COVID-19 халдварын вакциныг оруулж ирж бүх ард иргэдээ дархлаажуулна. Энэ хүнд цаг үед галын фронтод ажилласан эмч ажилтнууд, мэргэжлийн хяналт, онцгой, тагнуул, орон нутгийн онцгой комисст Монгол Улсын Засгийн газар, УИХ-д бас хамтран ажилласанд талархаж байна. Албан тушаалаасаа огцорч байгаа өргөдлөө өнөөдөр хуулийн дагуу Ерөнхий сайдад хүргүүлж байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Дахин нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна” гэв.

Харин Эрүүл мэндийн салбарын хариуцлага алдсан ажилтнуудын өмнөөс хариуцлага хүлээж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас ард иргэдээ сэргийлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд халдварын дэгдэлтийг хохирол багатайгаар даван туулсан. Эрүүл мэндийн салбарт олон жил бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Тодорхой үр дүн гарсан. Эрүүл мэндийн салбарт 57 мянган ажилтан бий. Хэдхэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, нийт салбарынхны хүчин зүтгэлийг үгүйсгэж болохгүйг хэлмээр байна. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно” гэлээ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close