ОнцлохШинэ мэдээ

“МИАТ бүх нислэгтээ хоолны зардлыг оруулан тооцсон байна”

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ЦЕГ, МХЕГ, ХЭҮК, ШӨХТГ, ММХ, ТЕГ, НМЭГ-тай хамтран Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ өссөн асуудал, Тусгай үүргийн нислэгийн тийз, үнэ, тарифын тухай, Махны хяналт шалгалтын тухай, АТҮТ үйлчилгээг төрийн үйлчилгээний төвд шилжүүлэх тухай, Ломбардын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тухай танилцууллаа.

“Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэв”

Төрийн үйлчилгээг цахим болгосноор цаг хэмнэх, хүнээс хараат бус, авлигаас ангид байх гээд олон давуу талтай. Харин цахим хэлбэрийг дэмжихгүй монополь байдлаа ашиглаж хэрэглэгчдэд хүндрэл учруулдаг хувийн хэвшил байх ёсгүй. Үүний нэгэн жишээ нь  “Хөсөг Трейд” ХК нь өөрийн байранд байрлах Автотээврийн үндэсний төвийн болон төрийн бусад цахим үйлчилгээ, даатгалын үйлчилгээ үзүүлэгч аж ахуй эрхлэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа тухай ШӨХТГ-т гомдол ирүүлсэн. Шалгалтын явцад Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон бөгөөд ААН-ийг хясан боогдуулах, зөвхөн өөрийн өнгө үзэмжээр хандаж өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулдаг байжээ. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Цахим хөгжлийн үндэсний хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Хөсөг Трейд” ХК-ийн байранд байрлах Авто тээврийн үндэсний төвийн төрийн үйлчилгээг “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

“МИАТ компаниас ойрын нислэгүүддээ хоол өгөхгүй байгаа гэж мэдэгдсэн ч бүх нислэгтээ хоолны зардлыг оруулан тооцсон байна”

Мөн тэрбээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК нь өнгөрөгч гуравдугаар сараас есдүгээр сарын хооронд нийт 11 чиглэлд 58 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдсэн. Ингэснээр нийт 17.445 иргэнээ татан авсан. Тусгай үүргийн нислэгийг үйлдэхдээ цар тахлаас өмнө үйлдэж байсан нислэгүүдэд өмнө нь мөрдөгдөж байсан тарифаараа үйлчилж, шинэ чиглэлүүдэд нислэгийн зардлаас хамаарч шинэ үнэ тарифыг тогтоосон. Тусгай үүргийн шинэ чиглэлд нэг талдаа зорчигч тээвэрлэх, нисэх буудлын газрын үйлчилгээний зардал, нислэгийн зөвшөөрөл авах, шатахууны зардал нь жирийн үеийнхээс өндөр үнээр гэрээлэх гэх мэт асуудлаас шалтгаалан зардал өндөр гарч байна.  Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь олон улсад хөрвөдөггүй валют учраас “МИАТ” компани зорчигчийн тарифыг ам.доллараар тогтоодог. Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 1-нээс 2020 оны наймдугаар сарын 1-ний өдрийн Монголбанкны ам.долларын ханшийг харьцуулж үзэхэд 6.5 хувиар өссөн дүнтэй байна.

“МИАТ” компани энэ оны гурваас зургадугаар сарын хооронд нийт 10 чиглэлд 29 удаагийн  тусгай нислэг үйлдсэн. Зардлыг нь авч үзвэл, шууд бус зардал болох ном гарын авлагын зардалд 753 мянгаас 3.4 сая төгрөг, бизнес лоунжийн зардалд 29-152 мянган төгрөг, бусад зардалд тогтмол 39 сая төгрөг тусгажээ.  Жишээлбэл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нэг удаагийн нислэгийн шууд бус зардалд 242 мянган төгрөгийг зар сурталчилгаа, ном гарын авлагын зардалд 753 мянган төгрөг,  бизнес лоунжид 72 мянган төгрөг, бусад зардалд 39 сая төгрөгийн зардал тусгаж байгаа нь нийт зардлын 16.3 хувийг эзэлж байна.

“Мах 5-6 ченж дамжин, нэг кг тутамдаа 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж байна”

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 154 дүгээр тогтоолыг үндэслэж, “Алтан тариа” компани импортолсон улаан буудайг гаалийн татвараас 602.9 сая төгрөгөөр, нэмүү өртгийн албан татвараас 130.3 сая төгрөг, “Өгөөж чихэр боов” компани эхний хагас жилд импортолсон ургамлын тос, гурилын татвараас 62.8. сая төгрөг, нэмүү өртгийн албан татвараас 130.3 сая төгрөг, “Сүү” хувьцаат компани  2019 онд аж ахуй нэгжийн албан татвараас 339.2 сая төгрөгийн тус тус хөнгөлөлт эдэлсэн. Эдгээр компаниуд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн байдаг. Тэгсэн мөртлөө цар тахлын нөхцөлд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Мөн мах хэрэглэгчийн гар дээр очихын өмнө 5-6 дамжлагыг дамжиж байна. Бүгд ченжүүдээр дамжин дор хаяж, нэг кг тутамд 2000-3000 төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл анхан шатнаас нэг кг мах 5000 төгрөгөөр нийлүүлэгдэж байгаа ч хэрэглэгчдийн гар дээр 8000-9000 төгрөгийн үнэтэй очиж байна. Улсын онцгой комисст энэ бүх мэдээллийг хүргэсэн. Одоо Улсын онцгой комиссоос шийдвэр гаргах ёстой” гэлээ.

“Талхны үнэ 100-500 төгрөгөөр, сүү 100 төгрөгөөр нэмэгджээ”

Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн, талх, сүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор “Сүү” хувьцаат компани, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, “Алтан тариа” зэрэг компаниудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар “Алтан тариа” компани тавдугаар сарын 31-ний өдрөөс гурилаа нэг кг тутамд төрлөөс нь хамаарч 50-100 төгрөг, “Талх чихэр” компани есдүгээр сарын 1-нээс 20 төрлийн талхны үнэд 100-500 төгрөг, “Өгөөж чихэр боов” компани наймдугаар сарын 17-ны өдрөөс өөрийн үйлдвэрлэдэг 148 төрлийн бүтээгдэхүүнээ 50 төгрөгөөр, “Сүү” хувьцаат компани 100 төгрөгөөр нэмсэн байна.

“Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын стандартыг хэрэгжүүлээгүй байжээ”

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид нь үнэт эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, цахилгаан бараа болон автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байгаа нь хяналт, шалгалтаар харагдсан. Илэрсэн зөрчлүүдээс дурьдвал, 

  1. Хяналт, шалгалтад хамрагдсан ААН, байгууллагууд тухайн эд зүйлийг үндсэн үнийнх нь 40-50%-аар тогтоож, өдрийн 0.7%-ийн хүү боддог ноцтой зөрчил илэрсэн.
  2. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгчдэд утсаар 2-3 удаа сануулах зурвас илгээдэг. Хүлээлгийн хугацаа нь багадаа 5-7 хоног байдаг зэргээр иргэд, хэрэглэгчдийг чирэгдүүлдэг ба хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаггүй.
  3.  Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын стандарт хэрэгждэг.  Уг стандартаас хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 
  • Үйл ажиллагааныхаа батламж, зөвшөөрлийг авдаггүй. /Шалгалтад хамрагдсан ААН, байгууллагын 36-40% /
  • Үйлчилгээний болон үүргийн талаарх мэдээллээ ил тод тавьдаггүй
  • 20% нь галын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна
  • Ажилтнуудын 40% нь үнэлгээний чиглэлээр сургалт семинарт хамрагдаагүй
  • Хүлээлгийн хоногийн хугацаа хамгийн багадаа 5 байхаар заасан
  • Газруудын 40% нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан
  • Стандартаас бага м.кв зай талбайд үйл ажиллагаа явуулсан” гэлээ. 

Түүнчлэн ломбардын зээлийн хүүг талууд харилцан тохиролцох ёстой ба өдрийн хүү дээд тал нь 0.5% байх ёстой гэх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 

Мөн “Иргэн гар утсаа зээлийн барьцаанд тавьсан тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газраас гар утасны кодыг нэхэж тайлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний хувийн ба гэр бүлийн захидал харилцааны нууц халдашгүй байдлыг зөрчсөн” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.

Зөрчил гаргасан ломбардуудыг газар дээр нь хаах, торгууль ногдуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь тухайн асуудлыг хариуцах эрх бүхий байгууллагуудад санал хүргүүлэхээр шийдвэрлэжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close