НийгэмОрон нутаг

Өвлийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Сүүлийн үед цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, ажиллагчдын дулаан хувцас, хамгаалах хэрэгсэлд анхаарахыг цех, хэлтсийн дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн долоо хоногт уурхайчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй хэвийн ажиллажээ. Аюулгүй ажиллагааны сургалт, хяналт, шалгалтууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд биелсэн. Хэдийгээр хүдрийн агуулга буурч байгаа ч молибдены чанар өндөр, металл авалт сайн байжээ. Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих, гадаад цахилгаан хангамжийг сайжруулах, хүдэр зөөвөрлөх мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх зэрэг томоохон төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байгааг онцлов. Төслийн эхний ээлжийн тоног төхөөрөмжүүд болох 12 вагон ачаа Тээвэр ложистикийн төвд ирснийг Ил уурай орчимд тусгайлан бэлтгэсэн талбай руу зөөвөрлөх, харуул хамгаалалт гаргах асуудлыг ч энд хэлэлцлээ.

     Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 15 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулжээ. Мөн “Хүний нөөцийн төлөвлөлт” уулзалтыг бүтцийн нэгжүүдэд хуваарийн дагуу хийж байгаа тухай Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас мэдээлсэн бол онцгой нөхцөлд хэрэгцээтэй бараа материалын жагсаалтыг урьдчилан ирүүлж, ажлын уялдаа холбоотой ажиллахыг Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газраас нийт бүтцийн нэгжүүдэд анхаарууллаа. Түүнээс гадна Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрт энэ сарын 11-ээс 12-р сарын 25 хүртэл гүйцэтгэлийн аудит хийгдэх, мөн үйлдвэрийн газрын эд хөрөнгийн 2020 оны жилийн эцсийн тооллого 10-р сарын 10-наас 11-р сарын 15-ны хооронд зохион байгуулах талаар мэдээлж, цех, хэлтсүүд бэлтгэл ханган оролцохыг мэдэгдсэнээр шуурхай хуралдаан өндөрлөлөө.   

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close