ЯрилцлагаНийгэм7 хоногЭх сурвалж

Н.Ганхуяг: Монгол Улсын бэлчээр нутгийн 60 гаруй хувь нь талхлагдаж өөрчлөлтөд орсон байна

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.ГАНХУЯГТАЙ ярилцлаа.

-Манай улс бэлчээрийн мал аж ахуйн эртний уламжлалтай орон. Одоо ч энэ уламжлалаа хадгалж яваа цөөн улсын нэг болов уу. Гэхдээ сүүлийн үед малын бэлчээр хомсодлоо, даац нь хэтэрлээ гэж их ярих болсон. Танай холбооны үндсэн чиглэл нь энэ бүхэнд хариу өгөх ч юмуу, бэлчээрийг нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилготой байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид бэлчээр нутгаа хайрлаж хамгаалах үйлсийг дэлгэрүүлэх, энэ үйл ажиллагаанд чиглэсэн төрийн бодлого чиглэлийг дэмжих зорилготой байгуулагдсан мэргэжлийн холбоо юм. Хэдийгээр 2015 онд дээвэр байгууллагаа байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орсон ч сүүлийн 10-гаруй жил бэлчээр ашиглалтын талаар ажиллаж байна. Юуны өмнө дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг нутаг усны малчдын хамтын зохион байгуулалтийг дэмжих замаар сум аймгийн бэлчээр ашиглагчдын холбоог хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж ирлээ.

Өнөөдрийн байдлаар 18 аймагт ийм холбоо байна.Үүнд 1500 гаруй малчдын хэсэг, бүлэг хамрагддаг. Дээрх малчдын хэсэг бүлэгүүдэд 80 гаруй мянган малчин айл өрх гишүүнчлэлтэй байдаг юм. Одоохондоо бэлчээрт чиглэсэн хөрөнгө оруулалт бага, төсөл хөтөлбөр цөөн байгаа учраас бид олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгт хамрагдах зэргээр олон талын дэмжлэгийг эрэлхийлж ажилладаг.

Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд орон нутагт малчдын сайн дурын байгууллагыг хөгжүүлэх, бэлчээрийгзохистой ашиглах,  хамгаалах, сэргээн сайжруулах ажлыг өрнүүлж байна. Мөн Европын холбоо, ИФАД, ФАО зэрэг олон улсын байгууллагын дэмжлэгийг авч ажилладаг.

-Манай улсын нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь бэлчээрийн зориулалттайгаар ашиглагддаг юм бэ. Түүний чанар, хүртээмж ямар байгаа бол?

-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтөд судалгаа хийх, судалгааны арга аргачлалыгсайжруулах чиглэлээр ажиллаж байна. Судалгааны үр дүнгээс харахад нийт бэлчээр нутгийн 60 гаруй хувь нь өөрчлөлтөд орж доройтсон бол бэлчээр бус зориулалтаарашиглахаар багагүй талбайг ангилал шилжүүлэн авсан байдаг. Монгол Улсын газрын нэгдмэл сангхот тосгон, хөдөө аж ахуй, зам шугам сүлжээний, тусгай хамгаалалттай, ойн болон усан сангийн гэхчлэн ангилдаг. Хөдөө аж ахуйн газар 114.8 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 73.4 хувийг эзэлж байна. Үүний дотор бэлчээрийн газар гэх 110.4 сая га буюу 96.1 хувийг эзэлж байгаа юм.

Түүнээс бусад ангилал руу шилжүүлснээр бэлчээрийн талбай жил ирэх тусам багассаар байна.Өнөөдрийн бэлчээрийн талбайн хэмжээг 1964 оны бэлчээрийн талбайтай харьцуулахад 9.0 сая га-гаар багасаад байна. Мөн бэлчээрийн даац хэтрэлт, хариуцлагагүй уул уурхайн ашиглалтаас үүдэж доройтож өөрчлөгдсөн 65 хувийн арваад хувь нь дахин сэргэхээргүй байдалд орж цөлжсөн. Эдгээрт техникийн нөхөн сэргээлт хийх замаар маш их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс бидний тооцоолж байгаагаар Монгол Улсын малын бэлчээр салаа замын уулзварт ирчихээд байна.

Энэ байдлыг бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэн, малчид маш сайн ойлгож мэдэрч байгаа боловч эрх зүйн орчинг сайжруулж амжаагүй л байна. Одоогийн бэлчээрийн чанарыг муутгахгүй байх, цаашдаа сэргээн сайжруулах зохицуулалтыг хийх хэрэгтэй байна. Ер нь монголчуудын нүүдэллэж, идээшин дасаж, мал сүргээ адгуулж байгаа энэ газар шороо бол хүн төрөлхтний хамгийн сүүлчийн бэлчээр нутаг ч байж магадгүй юм.

Түүгээрээ бид даяаршиж байгаа дэлхий ертөнцийн улс үндэстнүүдээс ялгарч, нэрээ дуурсгаж, хаана ч байхгүй байгалийн унаган төрх, аж ахуйн онцлогоо хамгаалж, бас малын гаралтай брэнд бүтээгдэхүүн гаргах үндсэн нөхцөл болно гэж бодож байна.

-Өмнөх нийгмийн үед бэлчээрийг хуваарьтай ашиглана гэх ч юмуу ядаж л малчин айлууд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаатай байсан бол одоо малын тоо толгой эрс өссөн, иргэдийн сэтгэлгээтэй холбоотойгоор  нутаг усаа булаацалдах тэр байтугай зодоон цохионд хүрэх явдал жирийн үзэгдэл болсон. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ.Энэ талаар танай холбооноос ямар ажил хийж байна вэ?

-Манай мал аж ахуйн уламжлалт зохицуулалт үгүй болж, малчид маань бэлчээрийг нийтийн өмч гэж үзэж, хаа дуртай газраа нүүдэллэж буудаг болсон.Үүнээс шалтгаалан отор нүүдэл хийдэг, ган зуд болоход ашигладаг нөөц нутаг, бэлчээр байхгүй болчихоод байна. Тиймээс орчин үеийн мал аж ахуйн технологи, шилдэг менежментийг ашиглах, бэлчээрийн судалгаа шинжилгээг тооцоотой хийх, урт, богино хугацааны мониторингийг хөгжүүлэх боловсронгуй болгох шаардлагатай.

Манай холбооны хувьд АНУ-ын Хорнадагийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч, бэлчээрт судалгаа хийдэг фото-мониторингийн арга зүй, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загварчилалыг гаргасан зэрэг нааштай үр дүнтэй ажлыг дэмжиж байна. Гэвч олон зуун жил бэлчээрээ зүй зохистой, хуваарьтайгаар ашиглаж, доройтуулахгүй хадгалж ирсэн уламжлалыг сэргээх нь хамгийн зөв арга зам байх болно. Одоо бэлчээр нутаг хомсдоод ирэхээр малчид маань хүйтэн, дулааны гэсэн хоёр л нүүдэлтэй болчихоод байна.

Дээр нь малын чанараас илүүтэй тооны хойноос хөөцөлдөөд байна уу даа гэж боддог. Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, чанаржуулах, бэлчээрийн даацад нь тааруулах аргыг хэрэглэмээр байгаа юм. Үүний тулд малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Энэ нь боловсруулах үйлдвэрийн техник технологийг сайжруулах, олон улсын стандартад нийцүүлэх, гарал үүслийг тодорхой болгох, малаа эрүүлжүүлэх ажлыг эрчимтэй явуулахтай шууд холбоотой. Өнөөдөр малын гаралтай түүхий эдийн бэлтгэл, чанараас хамаарсан үнэ, урамшууллын систем гээд олон зүйлийг бага багаар засаж сайжруулаад явахад малчин өрхийн орлого хэд дахин нэмэгдэх боломж бий гэж харж байна.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн уналт, эрэлт багасах гээд гадаад хүчин зүйл их л байгаа байх. Гэхдээ дотооддоо хүний үйл ажиллагаа, хандлагатай холбоотой нөлөөлөл бэлчээрийн ашиглалтад багагүй байдаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Байгаль дэлхий хэдийгээр өөрчлөгдөн хувьсаж байгаа ч бид өөрсдийн үйл ажиллагааг сайтар зохицуулж, техник технологио боловсронгуй болгох ёстой. Үүний дээр хамтын шийдвэр маш чухал. Гэтэл хэнд ч захирагддаггүй малчид (олон мал бүхий бизнесийн давхрага) бий болж, хаана тунгалаг ус, соргог бэлчээр байна, тэнд нүүж буудаллаж явдаг болчихсон. Ийм хүмүүсийн гарт нийт мал сүргийн 80 орчим хувь нь байна.Энэ хэрээр хөдөөд баян ядуугийн ялгаа эрс нэмэгдлээ.

Бид саяхан ФAО-гийн шугамаар судалгаа хийж үзэхэд жи-ний индекс 0.7-д хүрсэн байна. Энэ нь нэг (1) рүү ойртох тусмаа муу байдаг. Нэг малчин өрхөд жилийн турш 10 сая төгрөгийн орлого ногдож, мал аж ахуйн бүтээгдэхүүн ДНБ-ий 10 орчим хувийг бүрдүүлдэг гээд бодвол засаж сайжруулах, нягталж шалгах зүйл цөөнгүй байдаг.

-Танай холбооноос аймаг, сумын ЗДТГ, малчдын холбоодтой хамтарч ажилладаг юм байна. Нааштай үр дүн гарч байгаа юу?

-Бэлчээр ашиглагчдын холбоодод гишүүнчлэл бүхий  80 мянга гаруй малчин өрхөөс сумын Засаг даргатайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулж, жил бүр гэрээний хэрэгжилтдээ дүн шинжилгээ хийдэг ийм системд орж эхэлж байна. Аймаг, сумд өөрсдөө санаачилга гаргаж, Бэлчээр ашиглах журам боловсруулж, бэлчээрийн даац хэтэрсэн газарт тодорхой тооноос илүү байгаа малаас багахан хураамж авч, талхлагдсан нутаг, эвдэрсэн худаг усаа сэргээх зэрэгт зарцуулахаар тусгасан байх жишээтэй.

-Дээхнэ малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөрийг малын тоо толгойноос нь хамааран авдаг байсан. Энэ тун шударга зарчим байсан юм биш үү?

-Таны хэлсэнчлэн энэ бүхнээс малчдыг чөлөөлсөн шүү дээ. Уг нь өндөр биш ч гэлээ тодорхой хэмжээний татвар авч, өгөөд сургачих хэрэгтэй юм билээ. Тэр хэмжээгээр малчид эрх зүйн харилцаанд орж, төр засгаас явуулж буй арга хэмжээнд оролцох, тусламж дэмжлэг хүртэх боломж нь нээлттэй болох юм гэж ойлгодог.

Түүнийгээ улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр малчид өөрсдийн нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэхэд зарцуулсан ч болохгүй гэх газаргүй л санагддаг юм. Ер нь мал сүргээ эрүүл байлгаж, малчдынхаа амьдрал ахуйг сайжруулж, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалаа хадгалж явах нь Монгол Улсын нэрийн хуудас, даяаршлаас онцгойрох нэг онцлог гэж боддог.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Д.Мөнхжаргал

Холбоотой мэдээ

Back to top button
Close