СурвалжлагаНийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлагаFocus

Архангай: Онцгой байдлын газар “Хүүхэд хөгжүүлэх өрөө” байгуулан сайн туршлага нэвтрүүлжээ

Жендэрийн үндэсний хороо 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгож, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан /2019.12.11/ ажлын хэсэг Архангай аймгийн Онцгой байдлын газарт очиж, “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” чиглэлээр хийж байгаа ажлын үйл явцтай танилцлаа. 

Архангай аймгийн Онцгой байдлын газрын хувьд жендэрийн ялгаварлан гадуурхал, ажлын байрны бэлгийн дарамтгүй ажлын орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгаа, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын 25 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулж, 8 офицер, 13 ахлагч, 1 гэрээт ажилтан, 2 ахмад ажилтанд байр олгосон байна. Түүнчлэн бага насны хүүхэдтэй ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ажилчдын хүүхдийн өдөр өнжүүлэх буюу хүүхэд харах үйлчилгээг бий болгожээ. Тус төвд хүүхдүүд хичээлээ давтах, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжтой юм байна.

Уулзалтын эхэнд Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар Жендэрийн үндэсний хорооны ажлын хэсгийнхэнд байгууллагынхаа талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Архангай аймгийн Засаг дарга захирамж гаргаж “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” чиглэлээр болзолт уралдаан зарласан.  Энэ хүрээнд аймгийн ОБГ-аас 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 20 гаруй заалттай төлөвлөгөө боловсруулан ажилласан. Улмаар онцгой байдлын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор албан хаагчдын хүүхэд харах байрыг бэлтгэх гэсэн хоёр чиглэлд анхаарсан юм.

Манай Онцгой байдлын газар маань 85 албан хаагчтай, үүнээс 11 нь эмэгтэй 74 нь эрэгтэй албан хаагч байдаг. Гол төлөв эрчүүд ажилладаг тул, тэдний эрүүл мэндийг онцгой анхаарах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газар, Спорт хороотой хамтран зуны улиралд өглөөний 06-08 цагийн хооронд нарны алхалт арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд албан хаагчид идэвхитэй оролцож, дасгал хөдөлгөөн хийж заншсан. Эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ОБГ-т маань сэтгэл зүйч, эмч ажиллаж уламжлалт анагаах ухааны бариа засал хийж, албан хаагчдыг чанартай хоол хүнсээр хангахад чиглэлээр зөвлөгөө өгч байна. Ажлын байрандаа стрессгүй ажиллах талаар дотоод журмандаа оруулж өгсний дагуу саун, ажлаал тайлах өрөө болон алба хаагчдын эрүүл мэндийг сайжруулж биеийн зохистой  харьцааг бий болгох зорилгоор фитнессийн  танхимтай болсон. Түүнчлэн албан хаагчид  гамшиг, ослын газарт ажиллаж ирээд өөрийн эдэлж хэрэглэж байгаа хувцасаа хэрэгслээ угаах угаалгын өрөөтэй болголоо.

Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа, гэр бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, эрүүл  мэндийн судалгаа авсан. Судалгааг үндэслэн ОБГ-ын дэргэдэх Гэр бүлийн зөвлөлтэй хамтран тодорхой ажлууд хийж хэрэгжүүллээ. Алба хаагчдын амьдрах нөхцлийг сайжруулах үүднээс 2018 онд 25 айлын  орон сууц ашиглалтад оруулж, 18 залуу аврагчыг хөнгөлөлтэй үнээр орон сууцанд амьдрах боломж олгосон. Мөн 2016 онд Онцгой байдлын газрын төв байр ашиглалтад орохдоо 3 давхарт нь 8 айлын орон сууцтайгаар баригдсан. Энд томилогдож  ирсэн албан хаагчид гэр бүлийн хамт амьдрах боломжоор хангагдаад байна. Хамт шилжиж гэр бүлийн хүнийг нь ажилтай болгох, хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт оруулахад нь тусалж, боловсрол эзэмших боломжоор хангах зэрэг гэр гэрт нь чиглэсэн ажлуудыг хийлээ. Одоогоор 3 алба хаагчийн гэр бүлийн хүн ажилтай, орлоготой болсон байна. Бидний хувьд чухалд тооцсон нэг ажил бол Эрэн хайх аврах салбарын байрандаа хүүхэд харах буюу өдөр өнжүүлэх байр бий болгосон явдал юм. Тус байранд хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ бусад үед ээж, аавынхаа ажлыг тарах хүртэл байж, хичээлээ хийж, тоглож наадан, хоол ундтай өнжих юм. Ер нь алба хаагчид ийш тийшээ томилолтоор явахад ар гэртээ санаа зовох зүйлгүй байх нь ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлж байна” гэлээ.

Б.Хандсүрэн: Залуу гэр бүлийг дэмжин хөнгөлөлттэй зээлээр орон

сууцтай болгосонд  үнэхээр баяртай байна

/Архангай аймаг дахь Онцгой байдлын газрын аврагч, Ахлах дэслэгч н.Эрдэнэбаатарын гэргий/

Архангай аймгийн Онцгой байдлын газар маань 2018 онд 25 айлын орон сууц шинээр ашиглалтад оруулсан. Манай гэр бүл шинэ байранд ороод жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Залуу гэр бүлийг дэмжсэн бодлого баримталж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж олгосонд үнэхээр баяртай байна. Гэр бүлийн хүн маань хэзээ ч хамаагүй дуудагдаж үүрэг гүйцэтгэхээр гараад явчихдаг ч одоо ар гэртээ санаа зовохооргүй болсон. Халуун дулаан, тохитой гэртээ гурван хүүхэдтэйгээ ар талаа бүрэн хариуцаж үлддэг боллоо. Сэтгэл тайван ажлаа хийх нь аврагч хүнд их чухал. Сэтгэл тайван санаа зовохгүй болсоноор ажлын бүтээмж нь сайжирч, энэ жил гэр бүлийн хүн маань тушаал дэвшин  ажиллаж байна.

 

н.Батгэрэл: Хүүхдүүд аавынхаа ажил дээр даалгавараа хийж, тоглож байхыг хараад

аврагч залуус маань ажлаа илүү сайн хийдэг болсон

/Архангай аймаг дахь Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Б.Ганпүрэвийн гэргий,

Гэр бүлийн зөвлөлийн гишүүн/

Миний хань Онцгой байдлын албанд 20 гаруй жил зүтгэсэн. Онцгой байдлын алба гэдэг маш хариуцлагатай, хүнд хүчир ажил байдаг. Ар гэрийн зүгээс ажлын онцлогийг нь ойлгож, дэмждэг байвал тухайн хүний ажлын бүтээмжид маш сайнаар нөлөөлдөг. Тиймээс манай гэр бүлийн зөвлөлөөс тэднийг дэмжсэн олон ажил хийж ирсэн. Тухайлбал, цэргийн баяраар алба хаагчдынхаа хүүхдүүдийн дунд “Аавдаа захидал бичье” уралдаан зарласан. Уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүд аавдаа захидлаа уншиж өгсөн нь маш том сэтгэлийн дэмжлэг болж чадсан.

Мөн бид хандивийн аян өрнүүлж, аврагчдынхаа амрах байрыг тохижуулах ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, хүүхэд харах өрөөг тохижуулахад тусалсан. Ийм өрөөтэй болсноор алба хаагч, аврагчид ар гэртээ санаа зовохгүй ажиллах боломж нээгдсэн. Манай аврагчдын хувьд ихэнх нь залуучууд байдаг учраас бага насны хүүхэд олонтой. Тэр утгаараа аав ээж нь ажил ихтэй, хүүхдүүд цэцэрлэг, сургуулиа тараад гэртээ харах хүнгүй ганц нэгээрээ голдуу байдаг. Тиймээс хүүхэд нь сургуулийнхаа ойр, аавынхаа ажил дээр даалгавараа хийж, тоглож байхад аврагч аавууд нь сэтгэл санаа тайван ажлаа илүү сайн хийдэг болсон. Жендерийн тэгш эрхийг хангах хүрээнд залуучууддаа чиглэсэн гэр бүлийн эерэг харилцаа, хамтын хөдөлмөрийг дэмжсэн сургалтууд ихээр зохион байгуулж байна.

 

Ө.Мөнхдулам: Бидний амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөнд маш их  баярлаж явдаг

/Архангай аймгийн Онцгой байдлын газрын аврагч Ш.Эрдэнбаярын гэргий/

Миний хань Дорнод аймагт төрж өссөн. Харин би Архангай аймгийн уугуул. Бид хоёр гэр бүл болоод 7 жил болж байна.  Эрмүүн, Идэржавхлан гэдэг хоёр хүүтэй. Манайх Онцгой байдлын газрын төв байр ашиглалтад ороход анхны оршин суугчдынх  нь нэг болон орсон. Ханийнхаа ажлын байрны дэргэд, хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ ойрхон амьдрах нөхцөл үнэхээр сайхан байна. Нөхөр маань 2013 онд анх Архангай аймгийн Онцгой байдлын газарт томилогдож байсан. Өмнө нь түрээсийн  байранд амьдарч байгаад албаны энэ байранд орсон маань амьдралд тус дэмтэй байна.

Хань маань хэзээ ч, хэдэн цагт  ч хамаагүй дуудлагатай гээд явахад бид гурав ингээд л байрандаа ая тухтай үлддэг болохоор санаа зовохгүй ажил үүргээ сайхан биелүүлээд ирдэг. Бид анх ирсэн цагаасаа л ар гэрийн дэмжлэг их сайн авч  байгаа. Одоо өөр тийшээ томилогдоод явах болвол энэ байрнаасаа гармааргүй санагдах байх, үнэхээр дасал болчихжээ. Бидний амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн  ОБГ-ын Г.Эрдэнэбаатар даргадаа маш их  баярлаж явдаг.

 

Э.Цэрэндэжид: Гэртээ ганцаараа үлддэг байсан хүүхдүүд маань хоол ундтай,

харах хүнтэй өдрийг өнгөрүүлдэг болсон

/Эрэн хайх аврах салбарын III дугаар бүлгийн эмнэлгийн зааварлагч, дэд ахлагч/

Манай Эрэн хайх аврах салбарын байранд энэ онд шинээр байгуулагдсан “Хүүхэд хөгжүүлэх өрөө” маань өдөртөө 2-13 насны 10-15 хүүхэд хүлээн авдаг.  Өдөртөө хүүхдийг нь харж өгсөнөөр алба хаагчид болон ар гэрийнхэнд нь маш тустай ажил, үнэхээр сайхан  хүртээмжтэй, зөв санаачлага болж чадсан.

Бид хүүхдүүдийг нас насанд нь тохирсон тоглоом наадгайгаар тоглуулж, монгол ёс заншилаас суралцахад нь тусалж байна. Өөрсдийн боломжоор тохижуулсан энэ байранд гэртээ ганцаараа үлддэг байсан хүүхдүүд маань ирж хоол ундтай, харах хүнтэй, хичээл номоо давтаж, тоглож наадаад дулаан орчинд байх болсон. Хүүхдүүд маань ч энд байх дуртай, хоорондоо их дотно сайхан нөхөрлөж байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version