НийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлагаFocus

Архангай: Цагдаагийн алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна

Жендэрийн үндэсний хороо 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгож, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм. Тухайлбал, эмэгтэй, эрэгтэй ажилтнууддаа тэгш боломж бүрдүүлж, жендэрийн ялгаварлан гадуурхалт, аливаа хүчирхийллээс ангид ажиллах орчинг бий болгох, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн үүрэг хариуцлагыг зохистойгоор хослуулсан сайн туршлагууд хэрэгжүүлсэн аймаг сумдын талаар олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хийж байна.

Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяраар ахлуулсан /2019.12.11/ ажлын хэсэг Архангай аймгийн Цагдаагийн газарт очиж, “Ажил-ар гэрийн амьдралын тэнцвэрт байдлыг анхаарсан жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” чиглэлээр хийж байгаа ажлын үйл явцтай танилцлаа.  

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын хувьд ажилтан албан хаагчдынхаа гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн сайн туршлага нэвтрүүлсэн байна. Мөн ажилтан, албан хаагчдынхаа ажлын ачаалал, стрессийг тайлах зорилгоор сэтгэл зүйчийг бэлдэж, сэтгэл заслын өрөөг тохижуулан ажилчдын ажлын бүтээмжийг дээшлүүлэх орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн ажиллагсдын болон томилогдон ажиллагсдын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор төсөл хөтөлбөрт хамруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Уулзалтын эхэнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлэхдээ “Жендерийн үндэсний хорооны Ажлын албанаас Монгол Улсын хэмжээнд сайн туршлага гэж зарлагдах долоон асуудлыг онцлон сонгосон. Сайн туршлага нэвтрүүлсэн Архангай, Баянхонгор, Увс, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Орхон гэсэн 7 аймаг нь улсын болон салбарын хэмжээнд, байгууллагын түвшинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэсэн байна. Архангай аймгийн хувьд “Ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг  анхаарсан  жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” сэдвийн хүрээнд сайн туршлага нэвтрүүлсэн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын үйл ажиллагааг онцолсон.

Ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг хангаж, ажилтан албан хаагчдын ар гэрийн асуудал шийдэгдсэнээр ажлын үр дүн, сэтгэл ханамж ямар байгаа вэ зэрэг нь их чухал. Архангай аймгаас сонгогдсон хоёр  байгууллагын алба хаагчид нь тусгай чиг үүргийн буюу амь насаа хэзээ ч өгөхөд бэлэн гэдэг тангараг өргөдөг. Тэр утгаараа ар гэрт нь тусгай нэмэлт нөхцөл шаарддаг бөгөөд энэ асуудлыг хэрхэн шийдэж, ямар амжилт, үр дүн гарч байгаа  вэ гэдгийг үндэслэн улс орон даяар нэвтрүүлэх юм.

Тодруулбал, манай Жендерийн үндэсний хорооны шинжээч  зөвлөхүүд та бүхний бэлтгэсэн материалтай танилцаж, 2020 оны I дүгээр сард Ерөнхий сайдын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцэнэ. Улмаар Үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх боломжтой гэсэн шийдвэр гарвал 2020-2021 онд 7 аймгийн сайн туршлагыг 21 аймаг, нийслэл дүүргийн хэмжээнд тархаах юм. Ингэхдээ Архангай аймгийн нэрээр гарах бөгөөд танай хоёр байгууллага манлайлж оролцоно. Мөн Жендэрийн үндэсний хороо хамтран ажиллана” гэлээ.

Э.Золбаатар: Гэр бүлийн хүн нь ажилтай, орлоготой болчихвол 

Цагдаагийн алба хаагчид ажлаа чанартай сайн хийнэ

/Архангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа/

Ажил гэрийн тэнцвэртэй байдлыг хангасан жендэрийн мэдрэмжтэй байгууллага гэсэн сэдэв нь манай Цагдаагийн газарт хэрэгтэй зүйл байна гэж бид харсан. Яагаад гэвэл цагдаагийн албан хаагчдын гэр бүлийн хүний ажил хөдөлмөр эрхлэх асуудал маш чухал байдаг. Өнөөдөр төрийн байгууллагын тусгай албанд ажилладаг алба хаагч хаана ажиллахыг томилгоогоор шийддэг. Тэднийг сум орон нутагт томилогдон очиход ар гэрийн хүнд нь ажлын байрны асуудал дутмаг байдаг. Манай байгууллага гэхэд 133 алба хаагчтай. Тэдний 30-40 хувийн ар гэр нь ажилгүй. Гэтэл бүгд л банкинд зээлтэй. Алба хаагчдын амьдралын энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ хэмээн бид гарц хайж, эрэлхийлсэн. Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй бүх төрийн албаныханд хамаатай гэж бид үзсэн.

Эхний ээлжинд цагдаагийн байгууллагын нөөц бололцоо болсон тэтгэвэртээ гарсан ахмад ажилтан, алба хаагчдын гэр бүлд түшиглэсэн ТББ байгуулсан. ТББ-ын гишүүд маань алба хаагчдад юу шаардлагатай байна, юу хийхийг хүсэж байна, гэр бүлийн гишүүдийн хувь хүний ур чадвар, боловсрол нь ямар байгааг мэдэх зорилгоор судалгаа авсан. Судалгааг үндэслээд төрөөс авах халамж үйлчилгээ, төсөл хөтөлбөрт хамрагдах боломж, бизнесийн анхны гараагаа эхлүүлэхэд зээл тусламжинд хамруулан ажлын байртай болоход туслах гэсэн зарчмаар ажиллаж байна.

Манай Архангай аймгийн хувьд аялал жуулчлал бүс нутаг тул цагаан идээ боловсруулж, худалдан борлуулах боломж харьцангуй өндөр. Тиймээс энэ төрлийн ажил эрхлэх хүсэлтэй үйл ажиллагаагаа өргөжүүлэх арга замаа олохгүй байгаа хүмүүст тусламж дэмжлэг үзүүлж, зааж зөвлөөд явж байна. Мөн ТББ –ын гишүүдийнхээ ур чадвар, хуулийн мэдлэгийг ашиглан сургалт явуулж, зөвхөн алба хаагчдын гэр бүл гэлтгүй нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ бусад байгууллагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтууд явуулах, зөвлөн зуучлах үйлчилгээ зэргийг хийж өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой байх юм. Энэ бүхэн төсөв мөнгө их хэмжээгээр шаардахгүй тул зохион байгуулалт, санаачлагыг дэмжсэнээр хаана ч хэрэгжих боломжтой төсөл гэж бодож байна. Ар гэр нь ажилтай, орлоготой болчихвол цагдаагийн алба хаагчид ажлаа чанартай сайн хийнэ. Хуулийн хүрээнд ажиллана, стресс багатай байна. Авилга, ашиг сонирхолоос ч хол байна.

Нөгөө талаар гэр бүлийн хүн нь цагдаагийн ажил хэзээ дуусахыг хүлээж, гэртээ суух биш өөрийн гэсэн  ажил хөдөлмөртэй, орлоготой байж, аз жаргалтай, амар тайван, амьдрана. Амьдрал ахуй нь  ч дээшлэнэ. Ер нь цагдаагийн байгууллагад эрэгтэйчүүд голдуу ажилладаг. Цөөхөн хувь нь эмэгтэйчүүд. Манайд ч мөн адил. Эрэгтэй хүн ажил хийж, ар гэрээ авч явна гэдэг уламжлалт арга барилд баригдахгүй, жендерийн хувьд тэгш эрхтэй буюу эхнэр нөхөр хоёулаа ажиллаж, гэр бүлдээ ижил эрх үүрэгтэй байх ёстой. Бид энэ асуудлыг шийдвэрлэх ажлыг эхлүүлсэндээ баяртай байна.

 

н.Мөнхбаяр:  Гэр бүлийн гишүүдийг нь цагаан идээ боловсруулан

ЖДҮ эрхлэх боломжоор хангалаа

/Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хошууч/

“Ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” сэдвийн хүрээнд ажлын хэсэг байгуулан 133 албан хаагчаас судалгаа авсан. Судалгаагаар цагдаагийн албан хаагчдад тулгардаг гол асуудал  нь томилогдоод очсон газарт нь гэр бүлийн хүнийх нь хийх ажил байдаггүй. Ялангуяа сумын Хэсгийн төлөөлөгчөөр очсон тохиолдолд эхнэрт нь хийх ажил олддоггүй учраас гэртээ хүүхдээ хараад л суудаг. Эзэмшсэн мэргэжилтэй, ажил эрхлэх чадвартай байсан ч мөн адил. Өөр өөр мэргэжил, боловсролын түвшинтэй хүмүүсийг шууд зуучлаад ажилд оруулж чадахгүй учраас юу хийж чадах, ямар ажлын байранд ажиллах боломжтой юм бэ гэсэн судалгаа хийсэн.

Судалгааны дүнд алба хаагчдынхаа ар гэрийнхэн дунд өөрсдийн чаддаг бүхнээ хийж  оролцох үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд 100 гаруй алба хаагчийн гэр бүл 300 гаруй бүтээлээр оролцсон. Тэндээс харахад гар урлал хийж, цагаан идээ бэлтгэж, хүнсний ногоо тариалдаг гэдэг нь мэдэгдсэн. Улмаар цагдаагийн алба хаагчийн ар гэрийг ажлын байртай болгох, ЖДҮ эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг тодорхой болгосон.

Гол нь тэднийг дагуулаад явах боломжгүй учраас ажил хэрэг болгох ТББ байгуулах нь зөв юм байна гэж үзсэн. ТББ-ын гол зорилго нь цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудалд  дэмжлэг үзүүлж, ар гэрийнх нь гишүүдийг ажлын байранд ороход зуучлах, төсөл хөтөлбөр боловсруулж, санхүү мөнгөтэй холбох асуудлыг шийдэх юм. Мэдээж ТББ маань өөрөө идэвхитэй байх юм бол, ганцхан цагдаагийн байгууллагаас өгсөн чиглэлээр яваад байлгүй өөрөө бие даан хөгжих бүрэн боломжтой.

Одоогоор ТББ-ынхаа шугамаар хоёр албан хаагчийн гэр бүлийн хүнийг цагаан идээ боловсруулах ЖДҮ эрхэлж, зах зээлд худалдаалах боломжийг бүрдүүлээд байна. Энэ хүмүүс маань сүү цагаан идээ боловсруулах туршлагатай учраас аялал жуулчлал хөгжсөн манай аймгийн хувьд сав баглаа боодлын асуудлаа шийдчихвэл борлуулалтад санаа зовох зүйлгүй. Аймгийн удирдлагууд бидний энэ ажлыг дэмжиж, “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвд худалдан борлуулах байр талбай гаргаж өгсөн.

 

Д.Бат-Оюун: Цагдаагийн албан хаагчид өдөр, шөнө ялгалгүй

ажилладаг учраас ар гэр нь орхигддог

/Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын Шуурхай албаны жолооч,

Ахлах ахлагч Д.Мөнхтөмөрийн гэргий/

Миний хувьд ханьтайгаа гэр бүл болоод 20 жил болсон. Хань минь цагдаагийн албанд ажиллаад 12 жил болж байна. Цагдаагийн албан хаагчид маш их ажилтай. Цаг наргүй, өдөр шөнө ялгалгүй ард түмнийхээ төлөө ажилладаг. Ар гэр нь орхигдоно. Тиймээс арагшаа санаа зовохгүй байвал ажлаа илүү сайн хийнэ. Би Архангай аймгийн Хөгжимт бүжгийн театрт 24 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ажилгүй ар гэрийнхэний тоонд орчихсон намайг Архангай аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх “Тамирын шонхор” ТББ-ын тэргүүнээр сонгосон. Манай ТББ маань таван хүний бүрэлдэхүүнтэй, цагдаагийн алба хаагчдын ажил, ар гэрийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор байгуулагдсан. Цагдаагийн алба хаагч хүн тушаалаар хот хөдөө гэлтгүй томилогддог. Тэднийг дагаад гэр бүлийнхэн нь хамт нүүнэ. Гэр бүлийн гишүүд нь ажил төрлөө орхин хамт явдаг ч очоод ажилгүй байдаг. Тиймээс ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах нь манай байгууллагын гол чиглэл. Бид үйл ажиллагаагаа эхлүүлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд хоёр албан хаагчийн эхнэрүүдэд төсөл хөтөлбөрт хамрагдан зээл авч, ааруул, цагаан идээний үйлдвэрлэл эрхэлдэг болсон.

 

Б.Солонго: Цагдаагийн гэргий хариуцлагатай байж, ар гэрийн

амьдралаа дааж явах үүрэг хүлээдэг

/Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга,

Цагдаагийн хошууч Д.Энхзоригтын гэргий/

Миний хань цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна. 2 жилийн өмнө анх удаагаа орон нутгийн томилолт аваад бид дөрвөн хүүхдийн хамт Архангай аймагт ирсэн. Ер нь цагдаагийн гэргий байна  гэдэг их хариуцлагатай байхыг шаарддаг. Тэр хүнийг сэтгэл зүйн хувьд дэмжиж байх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа ар гэрийн амьдралаа дааж явах үүрэг хүлээнэ гэсэн үг. Бид нүүж ирэхэд амар байгаагүй. Миний хувьд Улаанбаатар хотод өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлж, ар гэртээ зориулах тодорхой хэмжээний орлоготой байсан ч нөхрөө дагаад ажлаа орхих гэсэн том шийдвэр гаргасан.

Биднийг Архангайд томилогдож ирэхэд их сайхан хүлээж авсан ч миний хувьд ажил эрхлэх, өрхийн орлогоо дэмжих зэрэг нь асуудал болж байсан ч хувиараа багахан ажил хийгээд болж л байсан. Тэгтэл нэг өдөр аймгийн Цагдаагийн газрын Золбаатар дарга утасдаад “Манайд ТББ байгуулагдах гэж байна. Цагдаагийн алба хаагчид хөдөө орон нутагт томилогдоход ар гэрийнхэн нь ажлаа орхидог. Энэ нь жендерийн асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг сайн ойлгож мэддэг, өөрсдөд нь тулгарсан нөхцөл байдлыг  өөрчлөх хүсэлтэй хүмүүс ТББ-т маань орж ажиллавал илүү хүртээмжтэй, ойлгом жтой, шийдэлтэй байна гэж үзсэн. Тиймээс бидэнтэй хамтран ажиллана уу” гэсэн санал тавьсан.

Одоо би “Тамирын шонхор” ТББ-ын УЗ-ын даргаар томилогдон ажиллаж байна. Тиймээс ТББ-ынхаа үйл ажиллагааг маш хүртээмжтэй, үр өгөөжтэй болгохын төлөө хичээн ажиллах болно. Цагдаагийн алба хаагчид томилогдлоо гэхэд ар гэр нь хаана ч очсон санаа зовох, айх зүйлгүй болчихвол хэн ч байсан асуудалгүй дагаад явдаг байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломжийг бүх талаар нь судалж, ажил хэрэг болгохоор зорьж байна. Алба хаагчийн гэр бүлийн хүн хүсвэл сургалтанд хамруулж, мэргэжил эзэмшүүлнэ, ажлын байртай болоход зуучилна, эрх зүйн  зөвлөгөө , сургалт явуулна. Мөн төсөл бичээд зээлд хамрагдан ЖДҮ эрхлэхэд тусална. Ажил төрөлтэй, ар гэр нь асуудалгүй сайхан болоод ирэхээр бусдад туслах хүмүүнлэгийн ажил хийнэ. Гишүүнчлэлтэй ТББ учраас үйл ажиллагаагаа улам дэлгэрүүлнэ.

Цагдаагийн байгууллагын  ажилтан ажлын ачаалал их, хариуцлага өндөр, өргөсөн тангарагтай учраас гэр бүлээ хоёрт тавих гээд байдаг. Тиймээс тэр асуудлыг аль болох тэнцвэртэй байлгаж, алба хаагчийн сэтгэл зүйг хямраахгүй тайван ,тогтвортой ажлаа хийх юм. Ар гэрийн хүн нь ажилтай орлоготой байна гэдэг их чухал нөлөөтэй учраас бид  шаардлагатай бүхнийг хийж, сэтгэл зүрхээрээ хичээн ажиллах болно.

 

н.Одонгоо: Алба хаагчдад сэтгэл зүйн сургалт зөвлөгөө өгснөөр

ажлын үр дүнд нь эерэгээр нөлөөлж байна

/ Архангай аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч, Цагдаагийн дэслэгч/

Архангай аймгийн Цагдаагийн газраас 2017 онд ЦЕГ-т санал тавиад орон тооны сэтгэл зүйчийн албан тушаалыг бий болгосон. Учир нь алба хаагчдын хоорондын харилцаа, тэдний гэр бүлийн болон сэтгэл санааны тогтвортой байдал, үл ойлголцлыг арилгахад сэтгэл зүйч зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн. 2018 онд сэтгэл заслын өрөөг тохижуулж, үйлчүүлж байгаа хүн бүхэнд ая тухтай байх боломж олгосон. Энэ өрөөнд алба хаагчдад зориулсан сэтгэл зүйн тест хийх, танин мэдэхүйн мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр сургалт хийж байна. Тухайлбал, хувь хүний сэтгэл зүйн ойлголт, гэр бүл дэх үл ойлголцол, хүүхдийнхээ хүмүүжилд үзүүлэх нөлөөлийн тухайн ойлголт мэдээлэл өгч, сэтгэл зүйн зөвлөгөө, засал, ярилцлагуудыг хийдэг.

Бүтэн жилийн туршид хоорондоо үл ойлголцол үүссэн гэр бүлийн гишүүдэд сэтгэл заслын үйлчилгээг үзүүлж, тодорхой зөвлөмж өгснөөр тогтвортой харилцаагаа хэвээр хадгалж чадсан. Мөн алба хаагчдын хоёр дахь гэр бүл болсон ажлын хамт олонтойгоо үл ойлголцож, стресс гомдол үүссэн бол эерэг нөхцөл, уур амьсгал бүрдүүлэх бүлгийн сэтгэл заслын үйл ажиллагаа явууллаа. Хамт олноор нь баярлаж талархсан, гомдсон тунисан асуудал үүссэн бол эерэгээр шийдвэрлэж, тэдний сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахын тулд сэтгэл зүйн хувийн хэрэг буюу карт хөтөлдөг.

Магадгүй нэг алба хаагчийн  ар гэрт асуудал үүсч, сэтгэлзүйн тогтворгүй байдлаас үүдэн сахилгын зөрчил гаргаж, ажилдаа төвлөрч чадахгүй, бусадтай зөв харилцаж чадахгүй байх тохиолдол гарч болно. Нөгөө талаар ажлын онцлогоос шалтгаалан стресст орсон алба хаагчиддаа зориулсан сургалт мэдээлэл сэтгэл заслын зөвлөгөө өгч ажилладаг.

Алба хаагчдын сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг шийдэх сэтгэл заслын өрөөтэй болж шаардлагатай сургалт, ярилцлага хийж хэвшүүлснээр хууль хүчний байгууллагуудаас анх удаа жендэрийн мэдрэмжтэй, ажил ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах гэсэн нэр томъёог бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн гэж бодож байна. Ажилчдын сэтгэл ханамж, ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа байдал, гэр бүлийн таатай харилцаа, хүүхдийнх нь сурлага спортын амжилт зэргээс харахад үр дүн үнэхээр сайн байна.

 

Г.Ганчимэг: Жендерийн тэгш бус харилцааг өөрчлөн, ажил ар гэрийн

тэнцвэртэй байдлыг хангах боломжтой болсонд баяртай байна

/Цагдаагийн албан хаагчийн гэргий/

“Миний хань Э.Баяржаргал Архангай аймгийн Цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр сар болж байна. Нэг өдөр Золбаатар дарга залгаад манай Цагдаагийн газрын дэргэд ТББ байгуулагдсан. Танай гэр бүлийг сонгож, төсөл хөтөлбөрт хамруулахаар шийдсэн гэдгийг хэлж, цагаан идээ боловсруулах төсөл хөтөлбөрт хамрагдаад явж байна. Би багаасаа мал дээр өссөн учраас сүү цагаан идээгээр хийдэг бүхий л бүтээгдэхүүнийг боловсруулах чадвартай. Хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах мэргэшүүлэх сургалтад хамрагдан сертификат авчихсан байсан учраас ТББ-ийн саналыг хүлээн авсан. Нөгөө талаар миний амьдралд их ойрхон байсан.

Нөхөр маань цагдаагийн байгууллагад орж ажиллаад, харин би гэртээ ажилгүй. Бид залуу гэр бүл учраас хоёулаа ажилтай орлоготой байх нь чухал, ийм боломж олгосон Цагдаагийн газрын хамт олондоо маш их баярлаж байна. Төсөл хөтөлбөрт хамрагдах боломж олгосон үр дүнтэй ажил эхлүүлсэн нь бидэн шиг ажил амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа залуу гэр бүлд маш том дэмжлэг. Цагдаагийн алба хаагч гэдэг хаана ч хамаагүй, хэзээ ч хамаагүй томилогдоод явдаг учраас ар гэрийн хүмүүс нь ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй дагаад явах шаардлага гардаг. Харин одоо Жендерийн тэгш бус харилцааг өөрчлөн эхнэр нөхөр хоёулаа ажилтай болж, ажил ар гэрийн тэнцвэртэй байдлыг хангах боломжтой болсонд баяртай байна.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close