Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтБайгаль орчинНийгэмЭнэ сардОрон нутагФото сурвалжлага

Баянцогт сум “КВ иргэдийн цэлмэг тэнгэр төгөл”-тэй болно

Монгол орны цөлжилтийг сааруулж, байгаль цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Ногоон ази сүлжээ олон улсын ТББ-аас байгаль орчинд чиглэсэн тогтвортой үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж ирсэн билээ. 19 жилийн өмнө Монголд анх мод тарих ажлыг эхлүүлсэн ч хүйтэн сэрүүн уур амьсгалын онцлогыг мэдэхгүйгээс хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Гэхдээ тэд бууж өгөлгүй 2007 онд албан ёсоор ТББ байгууллага болон үйл ажиллагаагаа идэвхижүүлж өдгөө манай улсын есөн байршилд мод тарьж, ажлын байрыг нэмэгдүүлж, байгаль орчинд эерэгээр нөлөөлсөн ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэгэн жишээ нь Төв аймгийн Баянцогт суманд хэрэгжүүлж буй “КВ Иргэдийн цэлмэг тэнгэр төгөл” төсөл юм. Тус төгөлийг байгуулах ажил 2018 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд 2019 оны 9 сарын 27 нд буюу өнгөрөгч баасан гариг албан ёсны нээлтээ хийлээ.

90 жилийн тэртээд мал аж ахуйн салбарыг түшиглэн Баянцогт сумыг байгуулж, 60 жилийн өмнө атар газрыг эзэмшин сум орон нутгийнхаа төдийгүй улс орныхоо тариа будаа, хүнсний хэрэгцээний багагүй хувийг хангаж ирсэн түүхтэй  ажээ. Харин одоо Баянцогтчууд жимсний төгөлтэй болсноор ажлын байрыг нэмэгдүүлж, ирээдүйд үр хойчдоо үлдээх өв болсон мод тарьж, хөгжлийн шинэ үеийн бүтээн байгуулалт хийгдлээ хэмээн билгэшээж байсан юм.

Нээлтийн ажиллагааны эхэнд тус сумын Засаг дарга  А.Даваадорж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Баянцогт сум маань газар тариалан, мал аж ахуй хосолсон хөгжлийн замналтай. 2000 хүн амтай, 95 мянган толгой малтай. Өнөөдөр бид бүхэн сум орон нутагтаа үлдэх томоохон бүтээн байгуулалтын нээлтэд хүрэлцэн ирээд байна. Бид бүхний зогсож байгаа энэ хөндий 5-10 жилийн дараа чацарганы мод дүүрэн ургасан ойн төгөл болох юм. Энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа БНСУ-ын КВ иргэдийн банкны удирдлага, хамт олон болон Ногоон Ази сүлжээ ТББ байгууллагын хамт олон мөн бидний ажлыг дэмжин ирсэн Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Баянцогт сухмынхаа нийт ард иргэдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Нэг мод тарих нэг насны буян, хоёр мод тарих хойд насны буян гэдэг. Бид бүхэн үр хойчдоо 100 мянган мод тарьж өвлүүлэн үлдээхээр зорьж байна. Бидний тарьсан мод бүхэн ургахын ерөөл дэвшүүлээд “КВ Иргэдийн цэлмэг тэнгэр төгөл”-ийн нээлтийн ажиллагааг албан ёсоор нээж байна” гэсэн юм.

Түүний дараа БОАЖ-ын сайдын зөвлөх Ц. Дамдин үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр бидний амьдарч байгаа дэлхийд уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэгэн том аюул бий болсон. Үүнтэй тэмцэх хамгийн энгийн, хүн болгон хийж хэрэгжүүлж болох арга бол мод тарих гэдгийг дэлхий нийтээр хүлээн зкөвшөөрч байна. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийд хамгийн их өртөж байгаа улс бол Монгол орон юм. Ногоон Ази сүлжээ олон улсын ТББ-ын хувьд Байгаль орчны яамтай удаан хугацааны гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Баянцогт сум ороод Монголын 9 газарт мод тарьж байна. Ганцхан мод тарьдаггүй маш их суогалт явуулж, хүмүүсийн тархинд ч мод тарьдаг. Маш үр дүнтэй төсөл хэрэгжүүлдэг байгууллага. Мод тарих ажлыг дэмжин байгаль орчны салбарт хөрөнгө оруулж байгаа Солонгосын бүх хотын нэрийг бид мэддэг болсон. Харин  одоо КВ банкыг мэддэг болж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Монголын нутагт мод тарих үйлсэд хувьь нэмрээ оруулж байгаа БНСУ-ын КВ иргэдийн банк, Монголд ирээд мод тарих ажлыг хийж байгаа Ногоон ази сүлжээ олон улсын ТББ  ын хамт олонд яамныхаа сайдын өмнөөс, хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Мөн энэ төслийг орон нутагтаа хэрэгжүүлж, жимсний төглийг бий болгож, нутгийн зон олон нь ирээдүйд гэр бүлээрээ энэ сайхан төгөлдөө амарч зугаалж, жимсээ түүж, үр шимийг хүртэх үйл хэргийн анхны суурийг тавьж байна. Сүүлийн  хоёр жил ойн төгөлтэй болохоор тууштай ажилласан Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж, ИТХ-ын дарга н.Од-Эрдэнэ нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нутаг орныхоо төлөө илүү ихийг хийгээрэй. Энэ сайхан хөндийд өөрийн банкны хөрөнгөөс санхүүжилт үзүүлж байгаа КВ иргэдийн банкны төлөөлөл, ахлах менежер Ким Гию Нам болон бусад төлөөлөгч та нартаа гүн талархал илэрхийлж байна. Та бүхэн нутагтаа очоод Монгол Улсын БОАЖЯ, Баянцогт сумын иргэдийн халуун мэндийг хүргээрэй гэж хүсэж байна. Баянцогт сум ирээдүйд Эко сум болохын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье” хэмээсэн билээ.

КВ иргэдийн банкны төлөөлөгч Ким Гю Нам хэлэхдээ “Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан хүн бүрт чин сэтгэлийн талархалыг илэрхийлж байна. Манай КВ иргэдийн банк маань бүс нутгийн хөгжлийн төлөө, нийгмийн хариуцлагын хүрээнд олон төрлийн ажил хийж ирсэн. Өнгөрсөн жилээс Ногоон Ази сүлжээ олон улсын ТББ болон Койка төслийн хамт КВ иргэдийн цэлмэг тэнгэр төглийг байгуулахаар  зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил бид Булган аймгийн Баяннуур суманд мод тарьсан байгаа. Цаашид Баянцогт суманд хэрэгжүүлж буй төслийг дэмжин ажиллах болно. Төгөл байгуулах ажилд маан Баянцогт сумын ард иргэд та бүхэн маань идэвхи саначлагатай хандаарай.

Энэ төгөл маань орон нутгийн иргэдийн амьдралд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Та бүхний хүчин чармайлт их чухал үүрэгтэй. Энэ сайхан нутагт “КВ иргэдийн цэлмэг тэнгэр төгөл” ургахад манай банкны зүгээс ч анхаарал хандуулан ажиллах болно. Бид зөвхөн мод тарих биш моддыг сайхан ургуулаад дараа нь үр жимсийг нь боловсруулах үйлдвэрийг ажлуулах зорилготой байгаа. КВ Иргэдийн банк өнгөрсөн жилээс нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих ажилд анхаарч ирсэн. Бид Солонгостоо байгаль орчны сайн дурын  йл ажиллагааг явуулдаг. Мөн Солонгосын байгаль орчинд нөлөөлж байгаа ойр орчмын улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа. Өөр бусад улс орнуудаас түрүүлж Монголыг сонгож энэ ажлыг эхлүүлсэн. Баяннуурын ойжуулалтын талбай шиг Баянцогт сум 5 жилийн дараа үр жимсээ өгсөн сайхан төгөлтэй болсон байна итгэж байна” гэлээ.

Ногоон Ази Олон улсын ТББ –ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Шин гин Ху хэлэхдээ  “Ийм сайхан өдөр та бүхэнтэй хамтдаа байгаа нь нэр төрийн  хэрэг билээ. Хүсэл мөрөөдөл найдвар байгаа хүмүүс мод тарьдаг. Та бидний хүсэл мөрөөдөл энд цэцэглэн ургах болно. Өнөөдөр аав ээж нар, хүүхдүүд та нар энд мод тарин ургуулж, ирээдүйд үр хойч тань үр жимсийг нь идэж, ашиг шимийг нь хүртэх болно. Бид хамтдаа хэлдэг уриа байгаа. “Монголд модыг иргэдэд найдварыг” гэсэн уриагаа хэлэхийг хүсэж байна” гэв.

Зочид төлөөлөгчид үг  хэлсний дараа тус нээлтийн ажиллагаанд ирсэн бүх хүмүүс “КВ иргэдийн цэлмэг тэнгэр төгөл” бий болгох ажилд гар бие оролцсоноор энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн юм. Тэдний тарьсан моддыг арчилж ургуулах ажлыг “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-ын хэрэгжүүлж буй  төслийн ажилчид болох Баянцогт сумын иргэд хариуцан ажиллах юм.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close