Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Аврагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруубал, 

–  2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.

–  “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Монголын талын төслийг дэмжиж, Хятадын талтай эцэслэн тохирч гэрээ байгуулахыг сайд Д.Цогтбаатарт зөвшөөрөв.

–  Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов.

–  Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан, хэрэгжилт удаашралтай байгаа төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

–  БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны чөлөөт бүсэд Монгол-Хятадын хамтарсан компани байгуулах тухай шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг сайд Б.Энх-Амгаланд даалгав. Энэ нь Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээ бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулах, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны бүсийн хөнгөлөлттэй бодлогод аж ахуйн нэгжүүдээ хамруулах зорилготой юм.

–  Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

–  “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав.  Бодлогыг 2019-2027 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

–  Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгож, дүрмийг нь батлав. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх зүй, нийгмийн ухааны зэрэг сургуулийн хөтөлбөрүүд хууль сахиулах үйл ажиллагаанд хамаардаггүй бөгөөд төгсөгчид нь хууль сахиулагчаар ажилладаггүй байна.

–  Энэ онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарт 70 арга хэмжээ зохиох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close