НийгэмХууль эрх зүйЭнэ сард

Цахим орчинг үндэслэгчид худал хуурмаг мэдээлэлтэй тэмцэж эхэлжээ

Уншигчдыг төөрөгдүүлэх цорын ганц зорилготой элдэв худал хуурмаг мэдээлэл интернетэд улам ихээр тархах болсныг судлаачид анхааруулж байна. Гэтэл мэдээллийн үнэн худлыг ялган салгах нь өнөө үед зөвхөн хэрэглэгчийн оюуны чадамж, мэдлэгийн цар хүрээгээс хамаарахаа больжээ.

Үүнд нийгмийн хүрээлэл нэлээд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн аж. Жишээ нь, эргэнд тойронд хэн хүнгүй ам амаа авалцан оцон шувуу улбар шар өнгөтэй гэвэл үүнтэй хамгийн сонор сэрэмжтэй, болгоомжтой хүн ч эцсийн эцэст санал нийлэх талтай болсныг Их Британид явуулсан нэгэн судалгаа харуулжээ. Түүнчлэн аливаа мэдээлэлд итгэх эсэхэд эх сурвалжийн нэр хүнд, байрладаг улс орон нөлөөлөх нь ихэссэн аж.

Өдгөө интернет дэх худал хуурмаг мэдээлэл аюулын түвшинд хүрсэн нь хэн дуртай хүнд бусдын толгойг эргүүлэх технологи хүртээмжтэй болсонтой холбоотой гэнэ. Худал хуурмаг мэдээлэл түгээх явдал сүүлийн хоёр гуравхан жилд эрс нэмэгдэн ардчилал, үг хэлэх эрх чөлөө, өрнөдийн хэв маягтай соёл иргэншилд заналхийлж буй бараг л хамгийн ноцтой аюул гэгдэх болжээ. Гэвч эл шинэ аюул заналхийллийн нарийн томъёолол, цар хүрээ, үүнтэй тэмцэх үр дүнтэй аргачлал хараахан бий болоогүй байна.

Ер нь хүн төрөлхтний түүхийн бүхий л үед удирдагчид мэдээллийг эрх мэдлээ хадгалан үлдэхэд ашигласаар иржээ. Эрх мэдэлтнүүд худал мэдээлэл, бодит байдлыг гуйвуулсан үзэл суртлын ачаар нийгмийн дэмжлэг хүлээн тэрс үзлийг үндсийг устгаж байв.

Ромын эзэнт гүрний хааны суудлын төлөө тэмцэлд Октавиан гэгч Марк Антонийн эсрэг худал хуурмаг мэдээллийн кампанит ажил явуулсны хүчинд ялалт байгуулсан гэж үздэг. Ромын эзэн хаан болсныхоо дараа тэрээр нэрээ Август гэж өөрчлөөд Европ даяар залуужуулан сайжруулж дүрсэлсэн хөрөг зургаа түгээсэн тул түүнийг хөгшрөлтөд өртдөггүй мөнхийн залуу гэх ойлголт тархсан ч гэдэг.

Тэгвэл улирч одсон ХХ зуунд бодит байдлыг гуйвуулсан үзэл суртал маш ихээр цэцэглэжээ. Олон нийтийн мэдээллийн шинэ хэлбэрүүдийг ашиглах болсноор нийгмийг ятган сэнхрүүлэх явдал илүү үр дүнтэй болсон учраас тэр гэнэ. Энэ нь дайны үед, нэн ялангуяа нацист, фашист, коммунист зэрэг дарангуйлагч дэглэмүүдэд илүүтэй ажиглагдсан юм.

Тиймэрхүү үзэл суртлыг Засгийн газрууд санхүүжүүлэн хянадаг байлаа. Хэдий тийм ч хэсэг хугацааны дараа олон нийтэд үзэл суртлаар нөлөөлөх явдал явуургүй болж, хүч нь сулардаг байсан нь өнгөрсөн зууны түүхээс бэлхнээ харагдана. Юу гэвэл мэдээллийн хэрэгслүүд хэт үзэл сурталжсаныг олон нийт яваандаа ойлгож, нүүрэн дээрээ дэмжсэн дүр үзүүлэх ч, дотроо итгэхээ болин жигшдэг байсан билээ.

Тэгээд ч интернетийн эрин эхлэхээс өмнө мэдээлэл түгээн олон нийтийн итгэлийг төрүүлэхэд маш их хөрөнгө санхүүжилт, цаг хугацаа шаардагддаг байжээ. Гэхдээ улс орнууд ямар ч тогтолцоотой бай, тодорхой зохицуулалтын бүтцүүдээрээ дамжуулан мэдээлэл болон мэдээлэл түгээх байгууллагуудыг хянадаг байсан юм.

Харин интернет бий болсноор худал хуурмаг мэдээлэл түгэх цөөнгүй саад тотгор үгүй болжээ. Өдгөө ямар ч хүн дурын мэдээлэл үүсгэн түгээж чадна. Олон нийтийн сүлжээнүүдээр элдэв мэдээлэл дамжуулах нь ч улам хялбар болж байна.

“Фейсбүүк”, “Твиттер” зэрэг сүлжээнүүд хүмүүст байгаагүй маш их мэдээлэл солилцох боломж нээж өглөө. “Вордпресс” зэрэг контент нийтлэх платформуудын ачаар цахим хуудсыг ганц товчлуур дараад л үүсгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл худал хуурмаг мэдээлэл үүсгэн түгээх бүхий л боломж нээгджээ.

“Фейсбүүк”-ийн хэрэглэгчдийн тоо хэдийнэ хоёр тэрбумаас, “Твиттер”-ийнх 350 саяас даваад байна. Иймд эдгээр олон нийтийн сүлжээнд өдөр бүр олон цагаар нүдээ өвтгөн суудаг хүмүүс ямар нэгэн байдлаар худал хуурмаг мэдээлэл, тэдгээрийг түгээгчидтэй тулгардаг нь тодорхой.

Стэнфордын их сургуулиас явуулсан судалгаагаар, худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудаснуудад зөвхөн АНУ-д л гэхэд өнгөрсөн жил 160 сая удаа орж, агуулгыг нь уншиж сонирхжээ.

Анх үүсэхдээ л худал хуурмаг мэдээллийг ямар нэг зохицуулалтгүйгээр түгээгч гэгдэн шүүмжлэлд өртөх болсон нь интернет. Гэвч дэлхийг хэрсэн даяар энэ сүлжээнд сүүлийн хэдэн жилд л бодит байдлыг гуйвуулагч зохион байгуулалттай, системтэй кампанит ажиллагаанууд газар авч, зарим улс орны Засгийн газруудтай холбогдон тэдний захиалгыг гүйцэтгэх болж, ардчилал, нийгмийн тогтвортой байдалд заналхийлэх болсон гэнэ.

“Freedom House” олон улсын байгууллагын мэдэгдсэнээс үзвэл, Орос, Хятад, Саудын Араб, Казахстан, Венесуэл, Турк, Иран зэрэг 30 орны Засгийн газар өөрт ашигтай худал мэдээлэл тараах явдлыг санхүүжүүлжээ.

Худал хуурмаг мэдээллийг үндсэндээ хоёр хэлбэртэй гэж үзэж болмоор. Эхнийх нь ашиг хонжоо хайсан арилжааны шинжтэй дуулиантай контентийн түгээлт бөгөөд гол зорилго нь аль болох олон хүний сонирхлыг татан зар сурталчилгаанаас олох орлогоо нэмэгдүүлэх явдал аж.

Нөгөөх нь ямар нэг улсын Засгийн газраас санхүүжүүлдэг бодит байдлыг гуйвуулсан мэдээллийн кампанит ажил. Үүнд мэдээж улс орнууд орлого бус нөлөөгөө нэмэгдүүлэхийг голчилдог байна. Ингэхдээ зохиомол сэдвийг бодит мэдээлэлтэй холин үнэмшилтэй болгохыг хичээдэг ажээ.

Хэдийгээр сонин хэвлэл, радио телевиз зэрэг уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд итгэх итгэл буурсаар байгаа ч интернет дахь “Фейсбүүк”, “Твиттер”, “Гүүгл” зэрэг олон нийтийн бa хайлтын сүлжээнүүд өөрсдийг нь мөн адил ирээдүй хүлээж болзошгүйг мэдрэн онлайн мэдээллийн үнэн бодит байдлыг хянах арга хэмжээнүүд авч эхэлжээ.

Жишээ нь, “Фейсбүүк” худал хуурмаг мэдээлэл түгээгч цахим хуудсуудын зар сурталчилгаанаас олох орлогыг хянах үүднээс мэргэжилтнүүдийн баг ажиллуулах болсон аж. “Твиттер” ч хуурамч мэдээлэл нэвтрэх сувгуудтай илүү үр дүнтэй тэмцэх аргачлалтай болсноо зарлаж, “Гүүгл” өөрийн “Юүтюб”-ийн видеог шалгах шинэ алгоритм нэвтрүүлсэн тухайгаа мэдээлжээ.

Юутай ч интернет орон зайн үндсэн тоглогчид ийнхүү худал хуурмаг мэдээлэлтэй тэмцэж эхэлжээ. Энэ тал дээрх эхний алхмууд мэдэгдэхүйц үр дүнд хараахан хүрээгүй ч цаашид интернетийг илүү эмх замбараатай, элдэв аюул заналхийлэл багатай болгох арга олдоно гэдэгт итгэх хэрэгтэй юм.

ХХМТГ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close