Focus

Туслах төлөөлөлөгчөөс яамны сайд хүртэл

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойд.
Доктор Б.Эрдэнэбилэг

Дэслэгч генерал Цэдэнгийн Жанчив 1914 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт төрсөн. 1931 онд Намын төв сургуулийн дамжаа, 1936 онд ЗХУ-ын УАХХ-ны дунд сургууль, 1943-1947 онд ЗХУ-д Цэргийн улс төрийн академи төгссөн.

1931-1932 онд Дотоодыг Хамгаалах Газарт туслах төлөөлөгч, 1936-1943 онд ДЯЯ-ны УАХБ-д төлөөлөгч, ахлах төлөөлөгч, ангийн дарга, хэлтсийн орлогч, 1947-1948 онд хэлтсийн дарга, 1948-1952 онд Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн яамны сайд, 1952-1955 онд ДЯЯ-ны сайд, 1955-1956 онд Ц ба НАХХЭЯ-ны сайд, 1956-1961 онд Өнгөт металлын үйлдвэрүүдийг удирдах газрын дарга, Геологи, уул уурхайн яамны сайдаар ажиллаж байв.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1948 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хошууч генерал, Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор дэслэгч генерал цол шагнагджээ.

Алтан гадас, Байлдааны гавьяаны одон, Зөвлөлт-Монголын “Бид ялав” болон бусад медалиар шагнагдсан.

 ДЯЯ-ны сайдаар /1952-1955 он/

Дэслэгч генерал Цэдэнгийн Жанчивыг 1952 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн СнЗ-ийн тогтоолоор ДЯЯ-ны сайдаар томилжээ.

Тэрээр сайдаар томилогдсоноос хойш улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төр, засгийн бодлогод ДЯЯ-ны ажлыг уялдуулан зохицуулах, хууль ёсыг гажуудуулж байсан явдлыг шалгах, дотоодын хяналтыг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас УАХБ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох, ажлын арга барилыг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байв. Удирдах ажилтны зөвлөгөөн тогтмолжиж, ажлын зохион байгуулалт, арга барилыг өөрчлөн шинэчлэх талаар тодорхой зорилтуудыг дэвшүүлж, түүний биелэлтийг төв, орон нутагт шалган дүгнэх болсон байна.

Энэ үед УАХБ-ын ажил нь гадаадын тусгай албадын тагнан турших үйл ажиллагааг илрүүлэх, улс хоршоолол, олон нийтийн өмчийг хамгаалах, хөдөлмөрчдийн санал сэтгэл, зан байдлыг судалж, нам, засгийн удирдлагыг улс төрийн мэдээллээр хангахад чиглэгдэж байв.

1945 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд хэлэлцэн тохиролцсоноор тус оронд ажиллах хүчний хэрэгцээ байгааг харгалзан японы олзлогдсон 12 мянган цэрэг, офицерыг БНМАУ-д шилжүүлэн 1947 он хүртэл ажиллуулсан бөгөөд ДЯЯ нь Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх ерөнхий газартай хамтран энэхүү ажлыг зохион байгуулах үүрэг, зорилтыг хэрэгжүүлж ажиллаж байжээ.

Энэ үед боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургахад ихээхэн анхаарал тавьж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглэлийн ажилтнуудад англи, хятад, япон хэл заах болжээ.

Энэ бүх ажлын үр дүн, үйл ажиллагаа нь тухайн үед ДЯЯ-ны сайдаар ажиллаж байсан Ц.Жанчивын удирдлага, тушаал, заавартай салшгүй холбоотой юм.

Цэрэг ба НАХХЭЯ-ны сайдаар /1955-1956 он/

БНМАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдал бэхжсэн байдлыг харгалзан захиргаа, аж ахуйн зардлыг хэмнэх зорилгоор  МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1955 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Батлан хамгаалах яам ба ДЯЯ-ыг нэгтгэж, Цэрэг ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх яамыг байгуулсан бөгөөд сайдаар ДЯЯ-ны сайдаар ажиллаж байсан дэслэгч генерал Цэдэнгийн Жанчивыг томилжээ.

Түүнийг ДЯЯ, дараа нь Ц ба НАХХЭЯ-ны сайдаар ажилласан 1952-1956 оны хугацаанд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал харьцангуй тогтвортой болсноор нам, төрийн удирдлагаас улс ардын аж ахуйг нэгдсэн төлөвлөгөөтэй хөгжүүлэх замаар үйлдвэрлэх хүчнийг шинэчлэн өргөтгөж зохион байгуулж, төсвийг үр ашигтай зарцуулах, Зэвсэгт хүчний системийн байгууллагын орон тоог цомхотгож, бүтээн байгуулалтын хэрэгт оролцуулах зэрэг зорилтууд тавигдаж байв.

Ц.Жанчив Цэрэг ба НАХХЭЯ-ны сайдаар томилогдсоны дараа БНМАУ-ын гадаад, дотоод нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулан УАХБ-ын хүч хэрэгслийг оновчтой тодорхой чиглэлд үр ашигтай зохион байгуулах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, тухайн үеийн шаардлагад нийцсэн мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнийг сурган бэлтгэх, орон нутгийн харьяа газар, хэлтсүүдийн ажлыг шинэчлэн сайжруулах, хилийн хамгаалалтын дүрэм, зааврыг батлуулан мөрдүүлэх зэрэгт анхааран ажилласан байна. Мөн бусдыг хууль бусаар баривчилж, хүч хэрэглэж байцаасан, сүрдүүлсэн гэх мэтээр хууль зөрчсөн хэд хэдэн удирдах ажилтанд хатуу арга хэмжээ авч, яамны удирдлагын зөвшөөрөлгүйгээр УАХБ-аас хүн баривчлахыг хориглож, олон мянган хүнийг хэлмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан Тусгай комиссыг 1955 онд татан буулгахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Мөн ДЯЯ-ны мөрдөн байцаах албанд гарч байсан алдаа завхралыг засах үндсэн дээр Ц ба НАХХЭЯ-ны сайдын тушаалаар төв, орон нутгийн мөрдөн байцаагч нарыг шинээр томилжээ.

Түүнийг Ц ба НАХХЭЯ-ны сайдаар ажиллах хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хэргийг эргэн харж, цагаатгах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд МАХН-ын Төв Хорооны УТТ-ны 1956 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дүгээр тогтоолоор “Дотоод Яамны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх комисс”-ыг байгуулжээ.

1950-иад оны эхэн үеэс ЗХУ, АНУ-аар толгойлуулсан социалист, капиталист системийн үзэл суртлын зөрөлдөөн хүчээ авч, УАХБ-ын ажлыг энэ чиглэлд эрчимжүүлэх үүрэг даалгаврыг нам, төрийн удирдлагаас өгөх болсноор өөрийн үндсэн үүрэг зорилгоосоо хазайн хөрөнгөтөн орнуудын үзэл суртал, хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг гүйцэтгэх ажлын хүч хэрэгслээ чиглүүлэн ажиллах болсон байна. 1956 онд батлагдсан “Ц ба НАХХЭЯ-ны УАХБ-уудын гүйцэтгэх тагнуулын ажлын тухай удирдамж”-нд зааснаар:

УАХБ-ын үндсэн зорилгыг “УАХБ-ын зорилго нь империалист гүрнүүдийн тагнуул, хорлон сүйтгэгч нарыг цаг тухайд нь илрүүлэн тэд нарын хорлон сүйтгэх үйл ажиллагааг таслан зогсоох, тус орны доторх дайсагналын сэжиглэлтэй этгээд нарыг илрүүлж, нууцаар тагнан боловсруулах, тэд нараас социалист байгуулалтын үйл хэрэгт хорлол учруулах явдлыг таслан зогсоох хийгээд улсын онц чухал үйлдвэр, төмөр замын барилгууд, хөдөө аж ахуйн нэгдэл, улсын аж ахуй зэрэгт тус улсын социалист секторыг бүхий л аргаар аюулаас хамгаалахад оршино. УАХБ-аас дээрх зорилгоо амжилттай биелүүлэхийн үндэс бол МАХН-ын удирдлага, хяналтын дор өөрийн бүх ажлын тулгуурлаж, хөдөлмөрчин олон түмний идэвхтэй дэмжлэгт түшиглэх явдал мөн” хэмээн тодорхойлжээ. Энэ үндсэн зорилгын хүрээнд тус яамны үйл ажиллагааг зохион байгуулж байв.

Дэслэгч генерал Цэдэнгийн Жанчив нь шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр ДХГ-аас ажлын гараагаа эхэлж, бэлтгэл ажилтан, туслах төлөөлөгчөөс түүний залгамж болсон ДЯЯ, Ц ба НАХХЭЯ-ны сайд болтлоо дэвшиж, тагнуулын байгууллагын түүхийн гурван цаг ДХГ, ДЯЯ, Ц ба НАХХЭЯ гэсэн өөрчлөлтүүдийн үед улс, эх орны аюулгүй байдлын төлөө зүтгэж, тухайн цаг үеийн нөхцөл шаардлага намын даалгавар, төр засгийн тогтоол шийдвэрээр удирдах албанд томилогдож, хүлээсэн үүргийнхээ төлөө мэдлэг оюун, авъяас чадвараа зориулж, тагнуулын байгууллагын түүхэнд өөрийн түүхийг архивлан үлдээжээ.

Түүнийг сайдаар ажиллах хугацаанд гадны шууд зааварчилгаар хийгдсэн их хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг эргэн харж, өнөөг хүртэл үргэлжилж буй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын эхлэл тавигдсан нь түүнийг хичээл зүтгэл удирдлага, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Энэхүү ажил нь яамны удирдлагын хувьд олон түмний дунд байгууллагын нэр хүндийг өсгөх, ажлаа хуулийн дагуу явуулах, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг дахин гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэх байв.

Цэдэнгийн Жанчивт хошууч генерал цол олгох тухай БНМАУ-ын СнЗ-ийн
1948 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 185 дугаар тогтоол
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close