У.Хүрэлсүх: Боловсролын салбарт ажиллагсдын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Монголын Багш нарын VII их хурал”- д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Эрдэмтэн мэргэд, доктор профессорууд аа,

Их хурлын төлөөлөгчид өө,

Монголын багш нарын их хурал 23 жилийн дараа зохион байгуулагдаж буй энэ сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийнхөө эх үндсийг хүн төрөлхтний олон зууны турш хуримтлуулсан оюун санааны их өвтэй холбон үздэг билээ. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжлийн дэвшлийн баталгаа нь Эх орон газар нутгаа хайрлан хамгаалдаг, Эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, Эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, Эх оронч-Эрэлхэг зоригтой, Эрүүл чийрэг, Эрдэм мэдлэгтэй Монгол хүн, Монгол улсын иргэн юм. Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрлөхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн   алхаж чадахуйц эрдэм боловсролтой, Эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүн бүрийн үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэн хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж, ард тvмнээ хөгжил дэвшлийн замд хөтөлсөөр ирсэн түүхтэй. Ерөнхий боловсролын сургуулийн жирийн нэгэн багш надад хандаж, Монголын Багш нарын их хурлыг зохион байгуулж, боловсролын шинэчлэл, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн захидал ирүүлснийг миний бие дэмжиж талархан хүлээж авсан юм. Улмаар багш нарын 7-р их хурлыг зохион байгуулах чиглэлийг БСШУС-ын сайдад өгсөн юм.

Өнөөдөр энэхүү санал санаачлага ажил хэрэг болон эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 50  гаруй мянган багш нараа төлөөлөн Та бид төрийн ордонд их хуралаа хийхээр хуран цуглараад байна. Монгол Улсын хөгжил дэвшлийн эх ундрага, хүн ардын сайн сайхан амьдралын эх үндэс нь багш нарын хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монгол хүнийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралаа умартан зүтгэдэг багш Та бүхнээрээ Монголын ард түмэн бахархахгүй байхын аргагүй. Сайн сайхны гэрэл гэгээ болсон эрхэм хүндэт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, соён гэгээрүүлэх их үйлст нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт багш нар аа,

Монгол Улсын эзэн нь болсон иргэн бүрийг эрүүл энх, эрдэм боловсролтой, ажил орлоготой, элбэг хангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөл боломжыг хангахийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн  хангаж, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 ондуудад өрнөх болно. Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, 7 дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан бол 2019, 2020 онуудад61406 суудлын хүчин чадалтай138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна.

Манай улсын сургуулийн өмнөх боловсролын бодлого, үйл ажиллагаа зохих түвшинд үнэлэгдэж олон улсад үлгэр жишээ улс орнуудын тоонд багтаж чадсан  тухай баяртай мэдээг Та бүгдтэйгээ хуваалцахад нэн таатай байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2019 оны “Суралцахад бэлэн дэлхий: Сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан”-д Монгол улс сургуулийн өмнөх боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгож, алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж, амжилттай ажиллаж байгааг онцгойлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хамралтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь дэлхийд тэргүүлж, олон улсад үлгэрлэх сайн жишээ  болжээ. Энэхүү амжилт, туршлагыг бүтээлцэж яваа эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүгддээ дахин баяр хүргэе. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн цалин, хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтлан, хэрэгжүүлж байгааг та бүгд мэднэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор багш нарын цалинг 20-н хувиас дээш нэмэгдүүллээ. Цаашид ч бид багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно. Мөн өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багш бэлтгэх, хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлаж хэрэгжүүлэн ажиллах болно.

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчдээ,

Та бид их ажил хийж байгаа хэдий ч сургалтын чанар, үр дүн хангалттай төвшинд хүрэхгүй байгааг ард иргэд шүүмжилж байна. Иймээс боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, бүх шатны сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, багш нарын нэр хүндийг өргөх талаар бидэнд хийх ажил, засаж залруулах зүйл их байгаа. Монгол Улсад сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сургалтын хөтөлбөр өөр хоорондоо эрс ялгаатай байна. Дээр нь сургалтын хөтөлбөр ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургалтын агуулга, сурах бичгийн бодлого тогтворгүй болж, багш нарын заах арга барилд муугаар нөлөөлж ирсэн. Өнөөдөр манай орны ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн бараг 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэж байхад дэлхийн бусад улсуудын дундаж үзүүлэлт 30-40% байдаг. Мөн манай улсад дээд боловсрол эзэмшсэн дипломтой ажилгүйчүүдийн тоо өссөөр байна. Энэ нь бид тоо биш чанарт анхаарах цаг болсныг илтгэж байна.

Иймээс мэргэжлийн боловсрол олгох тогтолцоог шинэчлэн бэхжүүлж, техник мэргэжлийн сургуулийн талаархи иргэдийн буруу хандлагыг засан залруулж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг улам өргөтгөх шаардлагатай байна. Мөн орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэхүйтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дууриал, зөв хандлага, багшлах ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдэгтэй та бүхэн санал нэгдэх биз ээ. Багш нар сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үндсэн ажилдаа анхаарч,  боловсрол олгох үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг байх ёстой. Гэтэл багшийн ажлаас гадна олон төрлийн ажил гүйцэтгэж байгааг хэрхэн яаж багасгах талаар Та бүгд маань сайн ярилцаарай. Засгийн газраас төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

Энэ үйл хэргийг хэрэгжүүлэхэд багш Та бүгд нэр хүнд, ёс зүй, хариуцлагаа дээшлүүлж, нийгэм дэх үнэлэмжээ улам өсгөж бусдыг манлайлан ажиллана гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Монголын багш нарын 7-р их хурлын эрхэм төлөөлөгч Та бүгд өнөөгийн боловсролын тогтолцоо, сургалтын бодлого, үйл ажиллагаа, багшийн мэдлэг чадвар, заах арга барил нь манай улсын ирээдүйн иргэдийг сурган хүмүүжүүлэх шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нухацтай хэлэлцэж, тодорхой үр дүнтэй санал дэвшүүлнэ гэдэгт Би итгэлтэй байна. Багш нарынхаа их хурлаас гарсан шийдвэр, саналуудыг ажил хэрэг болгохын төлөө Монгол улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний бие шуурхай арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллах болно.

Багш нарын долдугаар их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Монголын багш нарын яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр,

номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд newswall.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

avatar