НийгэмЭх сурвалж

Б.Ганбаатар: Үйлс минь цагаан, хөдөлмөр минь үнэн болохоор албаараа өөрийн эрхгүй бахархдаг

Эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж яваа энгийн нэгэн аврагчтай уншигч таныг уулзуулж байна. Бидний зочин бол Хѳвсгѳл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар. Тэрээр 14 жилийн хугацаанд 300 гаруй хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2 тэрбум гаруй төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалжээ.

-Анх хэрхэн аврагч болсон тухайгаа болон ажлын гараагаа хаанаас эхэлсэн талаар яриагаа эхэлье?

Төрийнхөө соёмбыг тэргүүндээ залаад 14 дэх болжээ.  Ард, иргэдийн аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаадаа маш их баярладаг. Аав маань энэ албаны хүн байсан. Нэг өдөр манай алба шинэ аврагч авах гэж байгаа. Сонгон шалгаруулалтад нь орж, шалгалт өгөөд үз гэж хэлэхэд нь дурамжхан л шалгалт өгч байлаа. Гэтэл тэнцчихсэн байсан. Тэгээд л ОБЕГ-ын даргын  2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар шадар түрүүч цол олгогдсноор Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралын гараагаа холбосон. Албаныхаа онцлог, ажил үүргийнхээ сайхныг мэдрэх тусам энэ албандаа дурлаж, хүндэлдэг болсон доо.

-Хөвсгөл аймгийн хувьд онцлогоо дагаад усны осол ихэвчлэн гардаг. Таны хувьд сэтгэлээс гардаггүй аврах ажиллагаа юу байсан бэ?

  -Хөвсгөл далай бол аялал жуулчлалын томоохон бүс. Үүнийгээ дагаад усны ослын тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Жилийн турш усны ослын дуудлага тасардаггүй. Зун, намар усанд хүн усанд живсэн дуудлагаар ажилладаг бол өвөл, хавартаа мөсөн дээгүүр авто тээвэр хийж яваад цөмөрсөн гэсэн дуудлагаар бид бүхэн үүрэг гүйцэтгэдэг. Усны ослын үед эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад олон хүндрэл тохиолдоно. Олон хоногоор эрлийн ажиллагааг зохион байгуулах үе ч байна.  Томоохон дуудлага гэвэл, 2018 онд тээвэр хийж яваад осолдсон дөрвөн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа, энэ хавар мөсөн дээгүүр зорчиж явсан цаа буга ачсан автомашин цөмөрч, гурван иргэн осолдсон дуудлагаар 30 м-ийн гүнд шумбалт хийсэн.  Харин 2010 онд Хөвсгөл нууранд завьтай явж байгаад осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааны үеэр 45м-ийн гүнд шумбалт хийсэн нь миний дээд амжилт.

-Аврагч хүн бол нэг ч хором хариуцлага алдах эрхгүй онцгой нөхцөлд ажилладаг. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэлзүй их гардаг шүү дээ?

Анх энэ албанд ороод шантрах үе байсан. Тангараг өргөсөн алба хаагч учраас өөрийгөө зоригжуулж, бусдаас суралцаж, дуудлага бүрт туршлагажиж, ажлынхаа онцлогийг ойлгодог болсон. Хүнд хэрнээ хүндтэй албанд үүрэг гүйцэтгэж, хүний амь насыг авран хамгаалсны дараах урам зориг бүхэн ажлын амт шүү дээ. Үйлс минь цагаан, хөдөлмөр минь үнэн болохоор албаараа өөрийн эрхгүй бахархдаг.

Тэгвэл энэ албаны хүн болсноор хувь хүн танд ямар өөрчлөлт бий болсон бэ?

  – Арван жилийнхээ сургуулийг дөнгөж төгссөн. Ажлын амтыг мэдрээгүй “хүүхэд” байхдаа л энэ албанд орсон. Мэдээж хувь хүнийхээ хувьд олон зүйлийг сурч, өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэн ажилладаг. Бусдыг хүндлэх, хүнд туслах, хайрлах хүмүүжлийг олж авсан. Нөгөөтэйгүүр ажлын хувьд цаг баримтлах, оногдсон үүргээ тухай бүрт нь гүйцэтгэхээс гадна багаар ажиллах арга барилд суралцсан. Хүнд сурсан бүхэн эрдэм шүү дээ. Би тухайн үеийнхээ ах нараас суралцаж байсан бол эргээд өөрөө шинэ залуу алба хаагчдаа сургаж, дэмжих үүрэгтэй. Ингэж байж л ажлын залгамж халаа тасрахгүй. Улам илүү хөгжинө гэж ойлгодог доо.

-Аврагч хүн бусдыг аварч хамгаалсныхаа төлөө бусдаас хэзээ ч хариу нэхдэггүй. Гэхдээ баярлаж талархсанаа илэрхийлэх хүмүүс хэр их байдаг вэ?

 Онцгойн аврагчид бол хариу нэхдэггүй баатрууд гэж олон удаа сонсож байсан. Гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгээд тухайн хүний амь насыг аварна гэдэг маш том буян. Хүссэн хүн бүрийн ч хийгээд байх ажил биш шүү дээ. Ард иргэд маань алба, ажлыг маань маш сайн ойлгодог. “Баярлалаа”, “Та нар байхгүй бол бид яана даа” гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй омогшиж, илүү өөрийгөө дайчлан ажиллах эрч хүчийг олж авдаг даа.

-Монгол Улсын төлөө зүтгэхийг тэр дундаа аврагч гэсэн онцгой албыг хэрхэн ойлгож хүлээн авч явдаг вэ? Ер нь аврагч хүн ямар байх ёстой юм бол?

  -Аврал эрсэн хүмүүс бидэнд л ханддаг. Тэр их итгэл найдварыг хүлээлгэж байхад өөрийнхөө хүч чадлаа дайчлан ажиллах нь бидний л үүрэг. Тийм болохоор мэргэжилдээ эзэн байх нь чухал гэж боддог.  Байнгын бэлтгэл сургуулилт, дадлага хийж өөрийгөө бэлтгэх, дайчлах, хамт олноосоо харилцан суралцах, алдаа гаргасан бол юун дээр алдав гэдгээ дүгнэлж хийж, түүнээсээ туршлагажиж байх л хэрэгтэй.

-Байнгын л бэлэн байх үүрэгтэй албаны минь онцлогоо дагаад цаг зав багатай л байдаг байх. Ажлынхаа хажуугаар амжуулдаг хоббиг сонирхож болох уу?

  Бололгүй яахав. Миний хувьд модон эдлэлээр төрөл бүрийн зүйл урладаг. Тухайлбал, гэрийн тооно, унь, авдар, хаалга хийдэг байгаа.

Аврагч хүний гэргий гэдэг бол энэ албаны хүнтэй ялгаагүй байдаг шүү дээ?

  Тэгэлгүй яахав. Миний ханийг Т.Мөнхтуяа гэдэг. Надад хоёр сайхан хүү, хоёр сайхан охин төрүүлж өгсөн. Алба, ажлыг минь маш сайн ойлгоно. Гэрийнхээ бүхий л ажлыг зохицуулдаг болохоор санаа зовох зүйлгүй ажлаа хийж чаддаг. Ханийн халамж, үр хүүхдүүдийн минь хайр намайг өдий зэрэгтээ амжилттай ажиллахад нөлөөлдөг дөө.

-Таны цаашдын зорьж байгаа зорилго юу вэ?

   Эх орон, ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа шинэ залуу аврагч нартаа өөрийнхөө мэдлэгээс зааж, сургахыг зорилгоо болгон ажилладаг.  Иргэн хүнийнхээ хувьд  үүргээ сайн биелүүлж, үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна даа.

Ярилцсан танд баярлалаа. Ус нь тунгалаг, урсгал нь дөлгөөн байх болтугай?

Танай сонины хамт олонд  баярлалаа. Онцгой байдлын байгууллагынхаа нийт алба хаагчдадаа болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын хурандаа Ё.Пүрэвсүрэн даргатай хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ОБЕГ

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close